• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-23 17:01:09    
Онгон уулны сар

Нулмасэрэн


Хятадын Олон Улсын Радио

Наадаж өссөн нутгаасаа гараад
Насан дунд хүрч байвч
Нарсат онгоны мөнгөн сар
Надаас ер зайдаагүй.

Хүний амьдралын гол хагасыг
Хүрдэн нар гийгүүлэв гэхэд
Гишгэх замын бага хагасыг
Гэрэлт сар даасан юм шүү.

Сувд адил бодлын хэлхээг
Онгоны энгэрт эрт орхиод,
Солонго адил мөрөөдлийн дуугаа
Сарны доор өнөө залсан юм.

                   Нэг

Унаган багын эх нутагт
Ургадаг сар нь тунгалаг билээ.
Тунгалаг ариун туяанд нь би
Тугал нүдээ нээж билээ.

Эрдэнийн цагаан туулайтай гэхэд,
Энхийн ногоон зандантай ч гэх—
Эмээгийн заасан хурууг дагаад
Эгээ л үзсэн шиг хөөрөхдөө

Сарны нутаг хаа оршдогийг
Сансраас эрээд олсонгү,.
Зүүн манханы минь цаанахан даа гэж
Зүндээ би итгэдэг байв.

Хиргүй цагаан хасыг нь ч
Хэлээд төдий л гардаггүй,
Хээрийн галуутай нуур усанд минь
Угаалтай бий гэж боддог байв. ....

Тэр үеээс л мөнгөн сар
Тэнгэрийн биш, Манайхны болж,
Тэжээж өсөгсөн алтан шороотой минь
Тэлсэн биш, төрсөн болжээ.

Тохой зандных нь сэвүүн өнөр ч
Торгон талд хөвөхөөр болжээ.
Тоглогор туулайных нь хөөрхөн бүжин ч
Дэрсэн дундуур гүйхээр болжээ.

Сэрүү оргим шингэн туяа нь ч
Навчинд бөмбөгөнсөн шүүдэр болжээ.
Сэмсэрч хийсэм зөөлөн өнгө нь ч
Намаанд торлосон хяруу болжээ.

Домог ба үнэн хоёрын
Зайг ойртуулж онгон сүндэрлээд,
Мөрөөдөл ба хайр хоёрын
Мөчрийг найгуулж сар дулайна.

                   Хоёр
Хоногийн газраа нар чиглэж
Хот руугаа мал эргэхэд
Хормой хийсэгсэн охид бэрээд
Хороон гаднаа хөл болоход,

Шар бүрийн баян сонсголонгоос
Шамдаа бололтой сар ер нь,
Хадгийн цэнхэр хөдөнгийн цаанаас
Хатхуур нь гялалзсаар үзэгддэг юм.

Манхан дээгүүрээ манан улаан,
Манасан галын хувин нэг ээ.
Огторгуй дундаа дун цагаан,
Оосоргуй зул нэг ээ.

Ургаж гарах нарны өмнө
Уулан сүүдэр ухарч хариад,
Оч нь буурсан одон мэчид
Ойр ч хэд, хол ч хэд.

Бор хөтөл шар тал
Болорхон өнгөөр нийлж ирээд,
Ов тов айл бууц
Энд хэд, тэнд хэд.

Хоточ нохойн хуцах дуун
Хаа зүгээс хааяа сонстож,
Чөдөртэй морьны торгих чимээ
Чөлөө чөлөөнд нь энүүхэн дуулдах юм.

Жингэр гэх зүүны дуу ч
Жингэнэж сонстмоор жимүүхэн болохоор
Жимэсхийх хацрын хундага ч
Туяарч харагдмаар саруул болохоор

Сэжүүр онгоны гэрлийн урианд
Сэмийн бүхэн сэрвэлзэн босно.
Сэрүүн цагаан үдшийн ээлжинд
Сэлүүн дунд наргиан үүснэ.

Цайран гялалзах нуур голоос
Царцаг тогтсон туяа ойж,
Бүрэг бараг цэцэг навчинд
Бүжиглэж хөдөлсөн гэрэл цоохорлоно.

Үүрийн шувуудын үүсэгсэн найрлыг
Үдэшийн жиргирээ залган авч
Цэцрэн нимгэн өчүүхэн жигүүрээр
Цэнгэлт өлгийг намуухан ганхуулна.

Хөлөртөл аялсан холох урсгалын
Хүрхрэл шуугаан нь ч эрэгнээсээ гарч
Хөндийн сайхан уртын аясаар
Талын зүүдэнд хөгжилтэй орно.

Дөрвөн цагийн гэгээн сар
Дүүрч хавиргалах жамаараа чи
Түмэн бодисын цусан лугшилтад
Төгөс бүрний эргэлтийг олгох—

Ямар сонин зохиол гээч,
Юутай ийм эмхилэн билээ?!
Яагаад заавал манай эндээс
Нутгаа сонгодог учиртай билээ?!

                  Гурав

Цэцэггүй өвлийн талд
Цас чинь наддаа цэцэг юм.
Гэгээгүй шөнийн огторгуйд
Сар чинь наддаа нар юм.

Сар нар хос хостоо
Сайхан гэдэг заримдаг биш,
Санал мөрөөдөл төгөс төгөстөө
Амьдрал гэдэг ёлбодог биш.

Тунгалаг гэгээн онгоны сарандаа
Тушаадаггүй нууц надад алга.
Тушаатай янагт цөс амталсангүй бол
Тусыг нь мэдэхэд ч тийм л бараг.

Ай тэгэхэд гэрэлт сар минь
Зууч нь болж явдаг юмсан.
Айлгуурч гомдуурч амраг сэтгэлийн
Гэрч нь болж хоцордог юмсан.

Навчин завсраар шургаж туссан
Нарийн мяндас шиг торгон ширхэг нь
Нааланхай хоёр алаг үрийн
Зүрхэн холбооны шижим билээ.

Салхины аясаар ганхаж нүүсэн
Сарны доорох хос сүүдэр ч
Саруул байгалийн үзэмжинд татуулсан
Сайхан дурсамжийн зураг билээ.

Хорсол атааны торноос мултарч
Хумхай шуналын тоосноос зайлж
Холын агаарт чөлөөтэй амьсгахад
Хорвоогийн нэгэн жаргал билээ.

Нулмас ч үгүй, шүүрс ч үгүй
Инээлцээд л байдаг янаглал гэж
Нойтон голтой амьд ертөнцөд
Байдаг л биз, би мэдэхгүй.

Мэх нь юү, төв нь ч юү
Мэргэн номтой дурлал гэдэг ч
Живир шивир улсын хэлэлцээнд
Жин дардаггүй сураг байна.

За яахав, аль олныг—
Заваан үгэс шүлгээс тонилог!
Засалгүй сар мэт ариун
Завсаргүй үнэний туяа сацраг!

Онгоны энгэрт орхиж явсан
Сувад адил бодлын хэлхээг
Он жилийн хуучин мөрөөр
Одоо ирж эрэл тавиад,

Нутгийн шороо наалдсан мөхлөгүүдийг
Нулимсаараа угааж би түүлээ.
Сарны гэрэл гялбасан хэлхээг
Савандаа найнгалаж би буцлаа.

Наат дэлхий хэдий уудам ч
Наадаж өссөнөөрөө нутаг л минь.
Насан дунд хүрч байвч
Нарсат онгоны сар л минь.

Сар—миний нутгийн бараа
Бараа нь намайг хэзээд баясгана.
Онгон—миний хайрын цогц
Цогц нь даянд мөнхө сүндэрлэнэ.