Төрийн зөвлөлийн газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аврах ерөнхий командлалын газрын орлогч дарга Хүй Лянюй 25-ны өдөр Чэндү хотын галт тэрэгний буудалд гадар районд эмчлүүлэхээр шилжүүлж байгаа бэртэж шархдсан хүмүүстэй уулзан, анхааран халамжилж байгаагаа илэрхийлжээ. Бэртэж шархдсан хүмүүсийг шилжүүлэх ажлыг боломжоор сайтар хийж, гамшигтай тэмцэн гамшгаас аврах ажлыг хамгийн сайн хийх хэрэгтэй гэж тэрээр цохон тэмдэглэв.
Хүй Лянюй хэлэхдээ, Вэньчуаний газар хөдлөлтөд хэдэн 100 мянган хүн бэртэж шархдаж, гамшигт нэрвэгдсэн районы эмчилгээний ажилд ихээн дарамт учруулсан байна. Бэртэж шархдсан хүмүүст нэн сайн эмчилгээний үйлчилгээгээр хангахын төлөө Хятадын засгийн газар хэсэг хүмүүсийг бусад хотод шилжүүлэн эмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Холбогдох муж, хот, өөртөө засах районыхан үүнийг маш чухалчлан үзэж, нарийн байрлуулалт хийж эдгээр хүмүүсийг аюулгүй, түргэн шуурхай, тав тухтай шилжүүлэхийг баталгаажуулах хэрэгтэй гэжээ.
Өнөөгийн байдлаар, Сычуаний гамшигт нэрвэгдсэн районыхан төмөр зам, агаарын тээвэр, авто замаар 15 муж, район, хотуудад бэртэж шархдсан 6024 хүнийг шилжүүлсэн байна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|