Сийлбэрчин Цэцэнбатын хайр шингэсэн хатуу үндэс
ӨМӨЗО-ны Шилийнгол аймгийн Шулуунхөх хошууны эмнэлгийн эмч Цэцэнбат ааваасаа модны үндсээр сийлбэр хийхийг сурч, хатуу үндэстэй гучин жил ноцолджээ. Тэр модны үндэс сийлж олон зуун бүтээл урласан бөгөөд түүнийгээ хүүхэд залууст сурган уламжлахыг хичээж явна. Саяхан тэрээр Шулуунхөх хошууны нутаг дахь Хубилай хааны Дээд нийслэл Шанд хотын тууринд болсон үзэсгэлэн яармагт оролцож байхдаа манд ярилцлага өглөө.
Цэцэнбат эмч багаасаа аавыгаа дагаж, модны үндсийг урлан сийлэх арга ухаан суралцсан гэдэг. Зав чөлөөгөөрөө модны үндэс хайж, олсон үндсээ амилуулна. Улмаар хошуу, аймаг төдийгүй Өвөр Монголоос биет бус соёлын өвийг уламжлагч цол хүртжээ.
Модны ураар сийлсэн бүтээлийн түүхий эд нь мэдээж янз бүрийн модны үндэс байдаг. Модны үндэс сонгож түүх, түүнийг урлан сийлэхэд гоо сайхны нарийн мэдрэмж, нөр их хүч хөдөлмөр хэрэгтэй гэж Цэцэнбат ярьж байлаа.
Цэцэнбат модны ур үндэс түүж, бүтээл урлахдаа өвөрмөц дүрсийг нь үндэслэж, гол төлөв араатан амьтан, цэцгийн сав урладаг гэнэ. Яшил зэрэг зарим модны үндэс сүүлийн үед олдоц муутай болсон тул түүгээр хийсэн бүтээлүүдээ эрдэнэ мэт хайрладаг гэж тэр ярьсан юм.
Цэцэнбат наяад оноос сонирхолдоо хөтлөгдөн үндэс урлаж эхэлжээ. Зарим бүтээлээ борлуулахыг хүсдэг ч үнэ ханш нь гаргасан өртөгт, хийсэн хөдөлмөрт нь хүрдэггүй учраас дийлэнхийг нь хадгалсаар байна. Тэрээр, Өвөр Монголын зэрэглэлийн биет бус соёлын өвийн уламжлагч болсноос хойш жилдээ 5000 юанийн тусламж авдаг болсон хэмээн хуучилсан юм.
Тэрээр Монголчуудын уламжлалт гар урлалыг хойч үедээ уламжлан залгамжлуулахын тулд Шулуунхөх хошууны Гар урлалын нийгэмлэгийн даргаар ажиллаж, өөрийн хүүхэд төдийгүй дурлаж сонирхсон хэн бүхэнд, ялангуяа хүүхэд залууст сийлбэр хийх арга ухаанаа зааж өгч байна.
Уламжлалт өв соёлоо хойч үедээ залгамжлан хөгжүүлэх нь бидний зайлшгүй хүлээх үүрэг мөн. Уран бүтээлд хайраа шингээж, үндэс мэт хатуу зориг байвал бидний хойч үеийн ирээдүй улам гэрэл гэгээтэй болно гэдэгт би бат итгэлтэй байна хэмээн тэр ярьж байлаа.
Сурвалжлагч Сарантуяа, Сандаг