Энэ сарын 18-нд ХКН-ын 19-р их хурал эхлэх гэж байгаатай холбогдуулан ХОУР-гоос Улаанбаатар хотод суугаа сэтгүүлч О.Дарамбазар МУИС-ийн профессор, хэл бичгийн ухааны доктор, МУИС-ийн дэргэдэх Күнзийн Институтийн Монголын талын захирал, Монгол Хятадын найрамдлын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, МУСГЗ М.Чимэдцэеэтэй ярилцлага хийсэн юм. М.Чимэдцэеэ 1979 онд МУИС-ийг Хятад судлаач, хятад хэлний орчуулагч мэргэжлээр төгссөнөөс хойш Монголын радиогийн Хятад хэлний нэвтрүүлгийн редакцид орчуулагч, редактор, Монголын Энх Тайван Найрамдлын Байгууллагуудын Холбоонд Монгол-Хятадын Найрамдлын Нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, гүйцэтгэх захирал, МОНЦАМЭ Агентлагийн хятад хэлээр эрхлэн гаргадаг “Монголын мэдээ” сонины эрхлэгч зэрэг 30 гаруй жил Хятадтай холбоотой ажил хийж ирсэн юм.
М.Чимэдцэеэ хятад хэлний нэртэй орчуулагч бөгөөд “Хятадын сонгодог утга зохиолын дээж” цувралыг эрхлэн гаргаж, “Шүүмжлэлт өгүүлэл”, “Их суртахуй”, “Хэв дундын ёсон”, “Сүнзийн дайтахуйн ухаан” зэрэг зохиолыг анх удаа монгол хэлээр орчуулж, Хятадын орчин үеийн нэртэй эмэгтэй зохиолчдын шилдэг өгүүллэгийн түүвэр “Халуун тогоо” зэрэг номыг орчуулж хэвлүүлжээ. Мөн Хятадын нийтлэл, өгүүллэг, туужийг олон орчуулж нийтлүүлсэн юм. Тэрээр “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Хятад орон: Сэтгэлгээ соёл” хэмээх нэгэн сэдэвт судалгааны томоохон бүтээл бичиж туурвиж, МУ-д анх удаа “Монголын Хятад судлал”, “Орчуулга зүй” зэрэг судалгаа, танин мэдэхүйн тогтмол сэтгүүл эрхлэн гаргаж, ерөнхий эрхлэгчээр ажиллаж байна. Ингээд ХОУР-гоос Улаанбаатар хотод суугаа сэтгүүлч О.Дарамбазарын Чимэдцэеэтэй хийсэн ярилцлагыг товчлон хүргэе.
Сэт: Та сайн байна уу? Сайхан намаржиж байна уу?
М.Ч: Сайн байна уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе ээ.
Сэт: Сүүлийн үед Хятадын хөгжил зөвхөн тус улсынх биш харин дэлхийн хөгжил юм гэж үзэх хандлага их байгаа. Үүнийг зарим эрдэмтэд “Хятадын хөгжлийн загвар” гэж нэрлэж байгаа. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
М.Ч: Өнөөдөр Монгол улс төдийгүй дэлхий дахин Хятад улсын хөгжлийн загварыг сонирхон судалж байна. Дэлхийн улс бүрийн хятадач эрдэмтэд Хятад улсад болж буй үйл явдал, өөрчлөлт шинэчлэл бүрийг анхааран ажиглаж байгаа нь ч зүй ёсны хэрэг. Яагаад гэвэл өнөөдөр дэлхийн хөгжил Хятадаас шалтгаалж, Хятадын хөгжил дэлхийд нөлөөлж байна. Тэр тусмаа Хятад улсын хөгжил нь хөрш орнуудын хөгжилд эрч дэм өгч, улмаар бүс нутгийн болон дэлхийд дандаа эергээр нөлөөлж байгаа нь гайхалтай. Өнөөдөр, Хятад улс “Нэг бүс, нэг зам” гэсэн санаачилга дэвшүүлж, маш том бүтээн байгуулалт хийх тухай тус бүсэд хамаарах 65 орон санал нэгтэй байгаа бөгөөд энэ тухайд дэлхийн бусад улс орнууд ч анхааралтай ажиглан, хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсээр байна.
Сэт: Хятад улс өөрчлөлт шинэчлэлийн бодлого хэрэгжүүлээд 40 шахам жил болж байна. Ялангуяа Ши Жиньпин ХКН-ийн Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга болсноос хойш Хятад улс улам эрчтэй хөгжиж байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
М.Ч: Хятад улс сүүлийн 30 гаруй жил асар хурдтай хөгжиж, дэлхийн тэргүүлэх гүрэн болсон. Энэ нь дэлхийн эдийн засагт асар их нөлөө үзүүлж, хөгжлийн хэв загварыг нь бусад улс орнууд сонирхон судалж байна. Энэ бүхэн бол эерэг сайн зүйл. Саяхан нэгэн мэдээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг Хятад улсад сүүлийн 100 жилд тодорсон хамгийн хүчирхэг удирдагч гэж дэлхий дахин үнэлдэг болсон тухай мэдээлж байсан. Шинэ удирдлагын баг буюу Ши Жиньпин даргаар гол болгосон энэ баг дэлхий дахинд сайн үр нөлөө үзүүлж байна гэж би боддог.
Сэт: Удалгүй ХКН-ын 19-р их хурал болно. Их хурал бүрээс улс орны хөгжилтэй холбоотой хамгийн чухал шийдвэрүүд гардаг. Энэ удаагийн хурлаас ямар ямар шийдвэр гарч, эдгээр шийдвэр Хятад болон дэлхий дахинд хэрхэн нөлөөлнө гэж та үзэж байна вэ?
М.Ч: Миний бодлоор, нэгдүгээрт, Хятад улсын төрийн бодлого маш тогтвортой. Хоёрдугаарт, төрийн бодлогын залгамж чанар маш сайн. Өмнө хэрэгжүүлж байсан сайн сайхан зүйлсийг шинэ агуулгаар баяжуулж, түүнийг шинэ шатанд гаргадаг уламжлалтай. Энэ үүднээс үзвэл, ХКН 19-р их хурлаараа өмнөх 5 жилийнхээ ололт амжилтыг дүгнэж цэгнэн, ирэх он жилүүдэд улс орондоо хэрэгжүүлэх цэгцтэй, алсын хараатай, ирээдүйд хандсан “Хоёр зуун жил”-ийн хөгжлийн зорилтыг биелүүлэхэд чиглэсэн том том зорилт дэвшүүлэх байх. Мөн эдгээр зорилго, зорилтууд биелнэ гэдэгт миний бие итгэлтэй байна.
Сэт: Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.