Ц.Оюундарь: Хятад улс дэлхий нийтийн эдийн засгийн өсөлтийн 30 хувийг дангаар хангаж байна
ХКН-ын XIX хурлын үеэр МСНЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, хатагтай Ц.Оюундарь Хятадын Олон Улсын Радиод ярилцлага өгсөн юм. Тэрээр Хятадын сэтгүүлчдийн нийгэмлэгийн урилгаар “Бүс ба зам” олон улсын сэтгүүлчдийн байгууллагын анхны форумд оролцож, ХКН-ын XIX хурлын нээлтийн үйл ажиллагаанд ажиглагчаар оролцсон юм. Энэ ярилцлагыг товчлон хүргэе.
Сайн байна уу та? Танд энэ өдрийн мэнд хүргэе.
Сайн байцгаана уу? Хятадын Олон Улсын Радиогийн монгол хэлний редакцын сэтгүүлч та бүхэнтэй уулзахдаа баяртай байна.
Бээжин хотод өнөөдөр ахиад тантай уулзсандаа баяртай байна. Эхлээд та Бээжин хотод ирсэн хэрэг зорилгынхоо тухай ярина уу?
Энэ удаагийн бидний аяллын гол зорилго бол “Торгоны зам”-ын дагуу 31 орны сэтгүүлчдийн байгууллагын удирдлагууд цуглаж, “Нэг бүс нэг зам” санаачилгыг бодит ажил болгож, “Бүс ба зам” гэсэн олон улсын сэтгүүлчдийн байгууллага байгуулсан. Энэ байгууллагынхаа анхны форумыг хийх гэж цугласан. Энэ цаг үед ХКН-ын XIX хурал хуралдаж, хурлын нээлтийг үзэж сонирхох завшаан тохиолоо.
18-нд та Ши Жиньпин даргын тайланг сонсож, Хятадын ардын их хурлын ордонтой танилцсан байна. Энэ тухайгаа ярина уу.
Хятад улсад, 1990 онд Монгол, Хятадын харилцаа сайжирснаас хойш ирж байсан. Тэгээд олон жилийн явцад Хятад орны хэрхэн хөгжиж байгааг ирэх болгондоо харсан. Энэ бүх хугацаанд тэр алдарт Ардын их ордон руу орж үзэж байгаагүй. Тяньаньмэний талбайг үзэж, жирийн жуулчны шугамаар аялж байсан. Энэ танхимд анх удаагаа ХКН-ын XIX хурлыг үзэх завшаан тохиолоо. Үнэхээр сайхан бүтээн байгуулалт байна. Хурлын танхимын бас нэг анхаарал татсан сонирхолтой зүйл нь сонгуулийн тойрог болгоныхоо нэрээр нэрлэгдсэн танхимуудтай байсан. Өвөр Монголын танхим гээд бас байсан. Танхим болгон нь нутаг орныхоо онцлогоор тохижуулсан байдаг юм байна. Хурлын их танхим үнэхээр сүрдэм сайхан юм. Уран барилга архитектурын хувьд ур чадвар шаардсан, анхаарал татам юм билээ. 10 мянган хүний суудалтай, ийм сайхан танхимд орж үзсэн. 5 жилд нэг удаа болдог улс төрийн хамгийн том үйл явдлын гэрч болсондоо баяртай байна.
3 цаг гаруй үргэлжилсэн тайланг сонсоход танд юу бодогдсон бэ?
Тайланг сонсох хурлын өмнөх өдөр Ши Жиньпин даргын өнгөрсөн таван жилийн хөгжлийн тайлангаар хийсэн үзэсгэлэнг үзсэн. Энэ үзэсгэлэн бол сүүлийн таван жилд гарсан Хятадын томоохон өөрчлөлтүүдийг бодитоор, макетаар, макетаар үзүүлж болохгүйг нь өндөр технологийн ЛЕД дэлгэц, видео ханан дээр прогрессыг нь дүрсэлсэн байсан. Энэ үзэсгэлэн олон нийтэд нээлттэй байсан нь их ардчилсан санагдсан. Яагаад гэвэл тайлагнасан олон хуудас цаасыг ард түмэн тэр болгон үзэхгүй. Энэ үзэсгэлэн бүх хүнд нээлттэй, ард нийт үзэж болно, гадаад дотоодынхон ч үзэж болно. Тэгээд өнгөрсөн 5 жилд болсон прогрессоо бодитоор нь үзэсгэлэн болгоод тавьчихсан байсан. Тиймээс даргын 3 цаг гаруй илтгэлийн гучхан минут нь тайлан байсан. Тэр бүхнээ дэлгэн үзүүлчихсэн учраас олон юмыг тайланд зарцуулаагүй, гол гол дүгнэлтээ хэлсэн. Илтгэлийн гол зүйл бол ирэх таван жилийн төлөвлөгөө, төсөөлөл, ямар бодлого чиглэлээр явах вэ гэдэгт голлон төвлөрсөн. Дэлхий нийт бол мэдээж энэ төлөвлөгөө, төсөөлөл дээр нь маш их ажиглалт хийж, анхаарах ёстой байх. Тэр санаа болгон бодит ажил болно. Тэр бодит ажил болгон нь Хятадтай харилцаж буй улс орон болгонд нөлөөлнө. Хятад улсын эдийн засаг сүүлийн таван жилд эрчимтэй хөгжиж, дэлхийн нийтийн эдийн засгийн өсөлтийн 30 хувийг дангаар хангадаг улс болчихсон. Дэлхийд 200 гаруй улс орон бий. Энэ 200 гаруй орны ганцхан улс нь 30 хувийг хангаж байна гэдэг бол энэ улсын алдаа оноо бусад орны эдийн засагт нэлээд их шалтгаалах болчхож байгаа юм. Тийм учраас ажиглагчид энэ хурлын Ши Жиньпин даргын тавьсан төсөөллийг хэлэлцэнэ шүү дээ.
Энэ хэдэн хоногт хаана очиж, юу үзэж танилцав?
Өнгөрсөн жилийн ололтуудын гол ач холбогдол нь өргөн уудам Хятад орныг дэд бүтцээр холбосон явдал. Ерөнхийдөө Хятад орон эдийн засгийн хувьд чөлөөт, либерал, зах зээлийн эдийн засгаар хөгжиж байгаа шүү дээ. Одоо социалист төвлөрсөн удирдлагаар биш, эдийн засаг нь чөлөөт зах зээлийн шугамаар явж байгаа. Төрөөс хийх гол зүйл нь ерөөсөө дэд бүтцийг л бий болгох явдал. Тэгэхээр энэ дэд бүтцийг бий болгохгүйгээр чөлөөт худалдааны урсгал бий болдоггүй юм байна л даа. Одоо дээр үеийн жишээ үзэхэд, өнөөдөр “Торгоны зам” гэж бид ярьж байна. Дэлхий нийт бол торгоны замаас өмнө ерөөсөө холбоо харилцаагүй, эдийн засаг, хөгжлийн хувьд маш дорой байсан юм. Яагаад гэвэл тэнд урсгал байхгүй байсан. Торгоны зам нээгдсэнээр улс орнууд хоорондоо чөлөөтэй зорчдог болж, мөнгө бараа таваар, эд санаа бүх юм урсдаг болсон шүү дээ. Тэрэнтэй ижилхэн Хятад орон ч гэсэн урьд нь зөндөө бүтээн байгуулалт явж байсан ч гэсэн яагаад сүүлийн таван жил шиг тэгж эрчимтэй хөгжөөгүй вэ гэхлээр тэр урсгал, цусны эргэлт шиг тэр дэд бүтцийн хөгжил нь байхгүй байсан юм байна. Үүнийг сүүлийн таван жилд хйиж чадсан. Тэр нь суман галт тэрэг, зам гүүр, нисэх буудал, боомт, ус агаар зэрэг бүх төрлөөр энэ дэд бүтэц холбогдсон байна л даа. Энэ том Хятад орон, газар нутаг цусны эргэлттэй болсон. Цусны эргэлт бий болчихсон учраас л хөгжиж байгаа юм. Тэгээр гол юмаа олж хийж чадсан юм байна гэдгийг олж харсан. Замаар 3, 4 цаг явж хүрдэг Тяньжинь боомт руу бид ганц цаг давхиж очоод тэнд баригдаж байгаа эко хотын төслийн явцтай танилцсан. Дахин цааш яваад Биньхай дүүргийн Сингапур, Хятадын чөлөөт худалдааны бүсийн бүтэц, зохион байгуулалт, ажлын явцтай танилцсан. Маш том төсөл хэрэгжиж байгаа юм байна. Одоо бол хаягдсан, олон жилийн усан онгоц ирээд буугаад бохирдчихсон газрыг хамтарсан төслөөр чөлөөт худалдааны бүс, эко хот болгох төлөвлөлтийн явцтай танилцлаа. “Нэг бүс нэг зам” санаачилга олон улсын том төслүүдийг хурдтай, урагштай ахиулахад дөхөм болж байгаа юм байна.
Та ярилцлагынхаа эхэнд Өвөр Монголоор аялсан тухайгаа дурслаа. Өвөр Монголоор явж байхад ардын амьдрал хэрхэн өөрчлөгдсөн байна?
ӨМӨЗО-ны байгуулагдсан 70 жилийн ойд зориулсан Хятад, Монголын хамтарсан “Хөгжил хөтөлсөн 70 жил” сурвалжилгын баг өнгөрсөн 6-р сард Өвөр Монголын нутгаар 10 хоног аялсан. Энэ сурвалжилгын явцад Монголын хэвлэл мэдээлэл телевиз, сонин, сайтын сэтгүүлчид энэ багт оролцож, Өвөр Монголын 5, 6 аймгаар явж сурвалжилга хийсэн. ӨМӨЗО Монгол Улстай шууд хил залгаа, хил залгаа аймгуудын ард иргэд ирж очоод хэрхэн хөгжиж байгаг харах боломжтой. Сэтгүүлчдийн баг гүнд нь ороод аялаад явж байхад хэдэн жилийн өмнө зүгээр нүүдэлчин малчид байдаг байсан. Томоохон бүтээн байгуулалт, хот суурин газрын дэд бүтэц тийм өндөр хөгжөөгүй байсныг бүгд мэдэж байгаа. Миний хувийн бодол бол Өвөр Монголын нутагт байгалийн баялаг маш ихтэй, нүүрс бусад байгалийн баялаг, ордуудыг төрөөс зохион байгуулалттайгаар, ухаалгаар хэрэглэж, ашиглаж, түүнийг эргээд ард түмний сайн сайхны төлөө бүтээн байгуулалтад зөв зарцуулж чадсан нь харагдаж байсан. Тэр бүх бүтээн байгуулалтын санхүүжилтийг мэдээж тэр уул уухайн орлогоор бий болгож байгаа шүү дээ. Хяналттай, зохион байгуулалттайгаар олборлоод тэрийгээ эргээд дэд бүтэц, ард түмний сайн сайханд зарцуулж чадаж байгаа нь их өгөөжтэй санагдсан. Мэдээж үүнийг дагаад амьдрах орчин өөрчлөгдөөд ирэхээр хүмүүсийн амьжиргааны чанар, амьдралын чанар, амьдрах хэв ёс, соёл бүх юм дагаад дээшлээд өөрчлөгдөөд ирдэг юм байна л даа. Жишээлбэл малчин хүн заавал хээр хөдөө даарч хөрч, задгай салхи шуурганд туугдаж явах ёстой биш шүү дээ. Адилхан малаа өсгөнө, бэлчээнэ. Гэхдээ тодорхой бодлого, төлөвлөгөөтэй, яг л хотын айл шиг паартай байшиндаа суугаад, хот хөдөөгийн ямар ч ялгаагүй тохилог орчинд, хүссэн үедээ усанд орж, хүссэн үедээ зурагтаа үзээд амьдрах боломж нь байна. Малынхаа бүтээгдэхүүнийг хаана тушаах вэ, яаж мөнгө олох вэ, яаж зах зээлд гарах вэ гэж зовохгүй байна. Хажууд нь том үйлдвэр баригдчихсан байна. Үйлдвэртээ очоод миний мах хэдэн килограмм татав гэдгийг шууд дэлгэцэн дээрээ хараад, өөрөө бараг хамт бодоод, мөнгөө картдаа хийгээд аваад явчхаж байна. Энэ бүхэн яг хүндээ чиглэсэн бодлого болжээ.
Ши Жиньпин даргын ирэх таван жилийн төлөвлөгөөндөө дурдсан “тооны өсөлтийн араас хэт хөөцөлдөхгүй, хүмүүсийн аз жаргалтай, амар тайван амьдралынх нь тав тухыг хангах чиглэл рүү илүүхэн анхаарна” гэж хэлсэн үгнээс нь үүдээд илүү экологи руу чиглэсэн, ногоон байгуулалт руу чиглэн хөгжих юм байна. Яагаад гэвэл хэтэрхий хөгжил хөөгөөд том том үйлдвэрүүд байгуулаад явахлаар эргээд агаарын бохирдол, хүмүүсийн эрүүл мэнд гээд дахин шинэ асуудлууд үүсээд байна шүү дээ. Хурлын дараах өдөр бид Бээжингийн эко хотын төлөвлөгөөтэй танилцаж байлаа. Тэгэхэд их ашиг гэхээсээ илүү хүмүүс цэвэр агаарт, цэвэрхэн ногоон байгууламжид, эрүүл орчинд аж төрөх ёстой. Энэ бүхнийг орчинтой нь төлөвлөөд, хамт зохион байгуулж хөгжүүлэх чиглэл барьж байгаа юм байна. Энэ бүхэн биднийг сурвалжилга хийгээд явж байхад тод ажиглагдсан.
Цаг заваа гаргаж сонирхолтой ярилцлаг өгсөн танд их баярлалаа.
За баярлалаа.