Монгол улс Хятад улсын хөгжлөөс үр ашиг хүртэж байна

2017-10-24 16:02:50
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Монгол улс Хятад улсын хөгжлөөс үр ашиг хүртэж байна

Хорлоогийн   Баатархүү

Хорлоогийн Баатархүү Бээжин хот   дахь Санхүү, Эдийн Засгийн Их Сургуулийг санхүү, эдийн засгийн мэргэжлээр   төгссөн. Хятадын түүх, улс төр, санхүү, эдийн засгийн талаар сонирхон судалдаг.   Одоо, МУ-ын “Тэмүүжин хүнс” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж, олон улсын   хөрөнгө оруулалт, газар тариалангийн чиглэлээр бизнесийн үйл ажиллагаагаа явуулж   байгаа.

 

ХКН-ын XIX их хурал Бээжин хотноо хуралдаж буй үеэр, ХОУР-гаас МУ-д   суугаа сэтгүүлч О.Дарамбазар 10-р сарын 23-нд Улаанбаатар хотноо МУ-ын “Тэмүүжин   хүнс” ХХК-ийн ерөнхий захирал Хорлоогийн Баатархүүтай уулзаж ярилцлагыг хийсэн   юм.

Сэт: Та сайн байна уу?


Х.Б: Сайн байна уу? ХОУР-гийн эрхэм   сонсогч та бүхэнд өнөөдрийн амар амгаланг айлтгая!


Сэт: Хятадад сурч, амьдарч байсан хүний хувьд, та Хятад улсыг сайн   мэддэг, Хятад улсын талаар их анхаардаг байх. Одоо, Хятад улсад ХКН-ын XIX их   хурал болж байна. Хятад улс өөрчлөлт шинэчлэлийн бодлого хэрэгжүүлээд 40 шахам   жил болж байна. Энэ удаагийн их хурал Хятадын хөгжлийн ямар үе шатанд хуралдаж   байгаа гэж та үзэж байна?

Х.Б: Энэ сарын 18-24-нд ХКН-ын XIX их хурал   Бээжин хотноо хуралдаж байна. Тус их хурал 30 жил гаруйн хөгжлөө авч хэлэлцэн,   2016 оноос хэрэгжиж эхэлсэн “13-р 5 жил”-ийн төлөвлөгөөний эхний гарааны жилд   болж байгаагаараа онцгой чухал ач холбогдолтой гэж үзэж байна. ХКН-ын энэ   удаагийн их хурлаар ойрын 5 жил, цаашлаад илүү урт хугацаанд Хятад улсыг удирдах   ХКН-ын Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүдийг сонгох, мөн Хятад улсын   хөгжлийн үндсэн чиг шугам, бодлогуудыг эрх баригч намын хэмжээнд эцэслэн шийдэх   чухал том зорилтуудыг уг их хурлаас дэвшүүлэх учраас дэлхий нийтээрээ маш их   анхаарлаа хандуулж, маш их хүлээлттэй байна. Хятад улс дэлхийн эдийн засгийн   хоёр дахь том цогц болж байгаа бөгөөд түүний хөгжлийн үр ашгаас хүртэх явдал   дэлхий дахин, бүс нутагт, ялангуяа хөрш орон МУ-д маш чухал юм. Манай хоёр орон   хилийн 13 боомт гарцаар холбогдон харилцаж, 4700 гаруй км газраар хиллэдэг   болохоор, Хятад улсын түүх, улс төр, аж ахуйг сонирхдог, мөн Хятад улсад санхүү,   эдийн засгийн боловсрол эзэмшсэн бизнесмений хувьд, би өдөр бүр телевиз,   интернетээр цацагдаж буй ХКН-ын энэ удаагийн их хурлын тухай мэдээ, мэдээллийг   анхааран үзэж, танилцаж байна. ХКН-ын энэ удаагийн их хурал бол зөвхөн Хятад   улсын хэмжээнд төдийгүй, дэлхий дахины хүмүүсийн анхаарлыг хамгийн их татаж буй   үйл явдал, сүүлийн 7 хоногт дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагынхны анхаарал   үүнд төвлөрч байна.

Сэт: ХКН-ын их хурлаас улс орныхоо ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг   тодорхойлсон чухал том бодлого, арга хэмжээнүүд дэвшүүлдэг. Өөрчлөлт шинэчлэлийн   бодлого хэрэгжүүлснээс хойш, Хятад улс асар хурдтай хөгжсөн, үүнийг дэлхий   нийтээрээ анхааран харж байгаа. Ийм ч учраас энэ удаагийн их хурлаас Хятад улсын   ирээдүйн хөгжлийн талаар ямар ямар бодлого дэвшүүлнэ гэж та хүсэн хүлээж байна   вэ?


Х.Б: Хятад улсын бизнесментэй хамтран   ажиллагчийн хувьд, би ХКН-ын энэ удаагийн их хурлаар ийм 3 том шийдвэр бодлого   гаргана байх гэж хүсэн хүлээж байна. Нэгдүгээрт, Ши Жиньпин даргын их хуралд   тавьсан тайлангийн эхний хэсэгт Хятадын эдийн засгийн бүтэцийг өөрчлөх буюу   нийгмийн хэрэглээний өндөр чанар, үйлдвэрлэлийн чанар тааруу байгаа хоёрыг   нэгтгэн цэгцлэх тухай дурдсан. Энэ нь зөвхөн хэрэглэгчийн талаас биш, харин   үйлдвэрлэгчийн талаас үйлдвэрлэлийнхээ чанарыг сайжруулан, орчин үеийн шинжлэх   ухаан технологид илүү суурилсан эдийн засгийг хөгжүүлэх, хүнсний бүтээгдэхүүн,   эм бэлдмэлийн аюулгүй байдал, байгаль орчны унаган төрх байдлыг хадгалахад   түлхүү анхаарах явдал болно гэж би ойлгож байна. Үүнээс Хятад улсын эдийн   засгийн салбарт ойрын 5 жил, улмаар ирэх 10 жилд авч хэрэгжүүлэх бодлогыг харж   болно. Хоёрдугаарт, ХКН-ын Төв Хорооны гишүүд, Улс Төрийн Товчооны Байнгын   Хорооны гишүүдэд ямар ямар хүмүүс сонгогдох вэ гэдэгт манай бизнесийн   салбарынхан ч их анхаарч байна. Гуравдугаарт, Хятадын Засгийн газраас цаашид авч   хэрэгжүүлэх бодлогууд, ялангуяа уржигдрын их хурлын талаарх мэдээ мэдээллээр, их   хурлаар төрийн өмчит пүүс компаниудад өөрчлөлт хийх, түүнийг зах зээл рүү илүү   шилжүүлэх, мөн авлигатай хийж буй тэмцлээ улам эрчимжүүлэх асуудлыг авч   хэлэлцсэн. Бид эдгээр чиглэл хандлагыг анхаарч ажиллавал манай хамтын ажиллагаа   улам тэлэн өргөжиж эрчтэй хөгжих нь гарцаагүй юм.

Сэт: Хятад улсын хөгжлийг зөвхөн өөрийнх нь хөгжил төдий биш, дэлхий   нийттэй уялдаа холбоотой гэж хүмүүс үздэг. Ийм ч учраас Хятад улсын хөгжил   дэлхий нийт тэр тусмаа хөрш орны хөгжилд хэр нөлөө үзүүлдэг вэ? Энэ талаар та   ямар бодолтой байна?


Х.Б: Энэ асуудлыг хоёр талаас авч үзэх нь   зүйтэй болов уу. Хятад улс болон дэлхийн харилцааны уялдаа холбооны талаас   үзвэл, 2010-2020 оны 10 жилийн хугацаанд, Хятад улсын ДНБ хоёр дахин өсөн   нэмэгдэх юм байна. 3 жилийн өмнө, Ши Жиньпин дарга “хоёр 100 жил”-ийн том зорилт   дэвшүүлсэн. Үүнд: Эхний 100 жилд чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах энэ том   бодлогын хүрээнд, 2020 гэхэд Хятад улсын ДНБ-ны хүн нэг бүрт ноогдох хэмжээг 12   мянган ам.долларт хүргэх зорилт тавьсан бол, 2049 он гэхэд, тухайлбал шинэ Хятад   улс байгуулагдсаны 100 жилийн ойн үеэр, Хятад улс хөгжиж буй орноос хөгжингүй   баян чинээлэг орон болон хөгжих зорилт тавьсан байдаг. Хятад улс дэлхийн хамгийн   том хэрэглэгч, худалдааны хамгийн том улс болж байна. Үүний зэрэгцээ, Ши Жиньпин   даргын дурдсан “Нэг бүс, нэг зам”-ын санаачилга нь зам дагуу 47 орныг хамарсан,   дэлхийн эдийн засгийн бараг 40 орчим хувь, хүн амын 60 орчим хувийг шингээсэн   асар том стратегийн бодлого бөгөөд МУ нь Хятад улсын ойр хөрш учраас Хятад улсын   хөгжлөөс хамгийн их үр ашиг хүртэх болно. Хятад улс сүүлийн 14 жил дараалан   МУ-ын хамгийн том хөрөнгө оруулагч орон, худалдааны хамгийн том түнш орон   болсон. Иймээс эдийн засгийн хөгжлийн хувьд, энэ нь Ши Жиньпин даргын “Бид   хөгжлийнхөө хурдны галт тэргээр хөдөллөө, та бүхэн амжиж суугаарай” гэж   хэлсэнчлэн, Хятад улс эрчтэй хөгжвөл МУ түүнийг дагаад хөгжих учраас бид үүнд   маш их хүлээлттэй хандаж байна. Хятад улс одоо "Нэг бүс, нэг зам" санаачилга   гаргаж, үйлдвэрлэлийн бүтэц, чанарт өөрчлөлт хийх гэж буй учраас, бидний өмнө   Хятадаас сайн чанарын бараа бүтээгдэхүүн импортлох, МУ-аас Хятад руу өөрийн сайн   чанарын бараа бүтээгдэхүүнээ экспортлох өргөн их боломж нээгдэж буйг бизнес   эрхэлж буй хүний хувьд би үүнийг маш баяртайгаар хүлээн авч байна. Энэ нь МУ-д   маш их үр өгөөжтэй юм.

 

Сэт: Цаг зав гаргаж ярилцлага өгсөн танд баярлалаа, таны цаашдын ажилд   улам их амжилт хүсье.


Х.Б: За,   баярлалаа.

Их уншсан

холбоотой мэдээ