Манай хоёр улс XXI зуунтай хөл нийлүүлэн хөгжих болтугай

2019-03-11 09:19:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өвөр Монголд сурвалжилга хийж байгаа

Өвөр Монголд сурвалжилга хийж байгаа

Бээжин хотод БНХАУ-ын "Хоёр чуулган" чуулж байгаатай холбогдуулан, сэтгүүлч Ш.Цэрэнпил 3-р сарын 7-нд Монгол улсын “Малчин” телевизийн хөтлөгч, сэтгүүлч, редактор Д.Цогтбаяртай уулзаж цаг үеийн асуудлаар ярилцсан юм.

Сэтгүүлч: "Малчин" телевизийн хөтлөгч, сэтгүүлч, редактор Д.Цогтбаяртай уулзаад байна. Саяхан БХАТИХ нээлтээ хийлээ. Энэ тухай ярилцах гэж бид ирлээ.

Д.Цогтбаяр: За баярлалаа. Ярилцлагад урьсанд баяртай байна. Саяхан би БНХАУ-ын Өвөр Монголын нутгаар "Малчны хотонд" нэвтрүүлгээ хийгээд ирлээ. Энэ хоёр чуулганы талаар найз нөхдөөсөө асууж ярилцлаа. XXI зуунд БНХАУ сайхан хөгжиж байна. Ажил амьдралтайгаа ойрхон жишээ татахад Өвөр Монголд малчдын амьдрал нүдэн дээр дээшилж байна. Яагаад гэвэл төр засгаас авч хэрэгжүүлж буй бодлого зөв байгаа юм. Хятадын ерөнхий сайд Ли Кэчян тус чуулганаар хувийн хэвшлийн эдийн засгийн орчныг сайжруулах, ногоон хөгжлийг дэмжих, хөдөөгийн ядуу хүн амын тоог бууруулахад онцгой анхаарч байна. Би "Малчны хотонд" нэвтрүүлгээ Өвөр Монголд хийгээд таван жил боллоо. Таван жилийн өмнөх Шилийнгол аймгийн малчдын амьдралаас өнөөгийн амьдрал тэс өөр болсон. Манай улс, Өвөр Монгол хоёрыг харьцуулбал, Өвөр Монголчууд бэлчээрээ торлож, малаа сууршмал маягаар маллаж байгаа. Ийм тохиолдолд хөрсийг яаж хамгаалах вэ? Бэлчээрээ яаж хамгаалах вэ? Малын үүлдэр угсаа, махны ашиг шимийг яаж сайжруулах талаар малчдад тусалж байгаа бодлого маш зөв санагдаж байгаа. Жишээлбэл хавар 4-р сарын 20-ноос 5-р сарын 10 хүртэл яг ногоо ургах цагаар малаа бэлчээлгүй тэжээж, ургамал бүрэн соёолсны дараа, малаа бэлчээрт гаргадаг гэх мэт олон арга хэмжээ авдаг. Би нэвтрүүлэгтээ хоёр орны малчид хоорондоо туршлага солилцох асуудлыг хөндөж байгаа. Өвөр Монголын малчдын байр сууц, худаг зэрэг зардлын 70 хувийг нь төрөөс гаргадаг, малын түүхий эдийн үнийг тогтвортой байлгах нь малчин айлд шууд нөлөөлөх зэрэг сайн талтай. Мөн ногоон хөгжлийг дэмжих талаар анхаарч байгаа.

Өвөр Монголд сурвалжилга хийж байгаа

Өвөр Монголд сурвалжилга хийж байгаа

Сэтгүүлч: Өнгөрсөн 2018 онд Хятадын ядуу хүмүүсийн тоог 10 саяар бууруулна гэж мэдэгдлээ. Ядуурлыг бууруулж буй энэ зорилтыг юу гэж үзэж байна вэ?

Д.Цогтбаяр: Ер нь БНХАУ-ын төрийн бодлогын үр дүн аж ахуйн нэгж, айл өрхөд шууд хүрч мэдрэгддэг. Манайд эдийн засгийн өсөлт хэдэн хувь боллоо гэх мэт нүдэнд харагдахгүй тоо яваад байдаг, БНХАУ-ын хувьд байдал өөр байна. Гацааны ядуу өрхийг мал маллах боломжтой эсэх, мэргэжилтэй эсэхийг нь судалдаг. Авга хошуунд 10 жилийн өмнө, яг манай улсынх шиг гэр хороолол, утаа, дахин төлөвлөлт зэргийг ярьж байсан. 9 жилийн дараа гэхэд, Авга хошуу гэр хороололгүй, бүгд орон сууцтай, захын нэг малчин хошууныхаа төвд 3 өрөө байртай болсон. Энэ чинь бодит үр дүн. Тиймээс ерөнхий сайд Ли Кэчяны тавьсан зорилтыг бодитой гэж үзэж байна. Анх очиж байхдаа гэр хороололд авхуулсан зураг бий. Энэ жил очихдоо өнөөх газраа очиход танигдахын аргагүй өөрчлөгдсөн, том хороолол боссон байна билээ. Нүдэн дээр ингэж хөгжиж байна.

Сэтгүүлч: Хятад улс бизнесийн орчныг сайжруулах, татварыг бууруулах зорилт тавьсан. БНХАУ-д бизнес эрхлэх боломж ямар байдаг вэ?

Д.Цогтбаяр: Ер нь боломжтой. БНХАУ бол үйлдвэрлэгч орон, зээлийн хүү бага, хугацаа урт байдаг. Хөлөнбуйрт гэр ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг найз маань хошууны банкнаас 30 мянган юанийн зээл авч, түүгээрээ 2 тоног төхөөрөмж аваад бизнесээ эхлүүлж байсан. Эхний жилүүдэд бага хэмжээний хүү төлөөд, 3-5 жилийн дараа үндсэн төлбөрөө төлж болдог тухайгаа ярьдаг. Бизнес эрхэлдэг хүмүүс хөл дээрээ босох бүрэн боломжтой. Мөн энэ жил татварын хувь хэмжээг 16 хувиас 13 хувь болгож бууруулах зорилт тавьсан нь бизнес хийх бүрэн боломжтой гэсэн үг.

Сэтгүүлч: БНХАУ-ын хөгжил дэлхийн эдийн засаг, хөгжилд ямар ач холбогдолтой гэж үзэж байна?

Д.Цогтбаяр: Хятад улсын хөгжлийн хурд минут, секундээр хэмжигдэж байна. Дэлхий нийт Хятад улсаас маш олон бараа бүтээгдэхүүн худалдан авч байна. Хятад улс үйлдвэрлэлийн цөм, дэлхийн хөгжлийн гол тулгуур болжээ. Цаашид хөгжлийн хурд улам эрчимжнэ. Тэгэхээр бид дагаж хөгжих, суралцах, хамтарч ажиллах боломжийг алдахгүй байх хэрэгтэй. XXI зууны хөгжлийг Хятадгүйгээр төсөөлөхийн аргагүй л дээ.

Сэтгүүлч: Ши Жиньпин даргын санаачилсан Нэг бүс нэг замын тухай ямар бодолтой байгаа вэ?

Д.Цогтбаяр: Би ингэж ойлгож байгаа. Манай улс Нэг бүс нэг зам санаачилгад аль болох ойр байж оролцох хэрэгтэй. Хөрш улсууд учраас энэ санаачилгатай салшгүй холбоотой байж, цаг хугацаа алдалгүй, үр шимийг нь хүртэж буй дэлхийн бусад орнууд шиг алсыг харах хэрэгтэй.

Сэтгүүлч: Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Танд нэмж хэлэх зүйл байна уу?

Д.Цогтбаяр: Баярлалаа. БХАТИХ-д оролцож буй 3000 гаруй төлөөлөгчдөд амжилт хүсье. Манай хоёр улс XXI зуунтай хөл нийлүүлэн хөгжих болтугай.

Сэтгүүлч: Баярлалаа.


/Сэтгүүлч Ш.Цэрэнпил мэдээллэв/

Их уншсан

холбоотой мэдээ