С.Энхцэцэг: сонирхолтой цаг үед хятадад сэтгүүлчээр ажиллаж байсандаа үнэхээр баярлаж явдаг
2019 онд БНХАУ байгуулагдсаны 70 жил, БНХАУ, МУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Энэхүү чухал ойн баярын үеэр, сэтгүүлч Т.Ариунтөгс, Дэлхийн Банкны санхүүжилтээр МУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Статистикийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн зохицуулагч, чөлөөт сэтгүүлч С.Энхцэцэгтэй уулзаж, тэмдэглэлт ойн тухай сэтгэгдлийг нь хуваалцсанаа та бүхэнд хүргэж байна.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ онд БНХАУ, МУ-ын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож, өргөн хүрээний маш олон арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Ойн арга хэмжээний талаар өөрийн сэтгэгдлээ бидэнтэй хуваалцана уу?
-МУ бол хоёр том гүрний дунд оршдог орон. Энэ хоёр орон дэлхийд маш чухал байр суурь бүхий улсууд. Нэг нь БНХАУ, нөгөөх нь ОХУ юм. БНХАУ 1949 оны 10 сарын 1-нд байгуулагдсанаа тунхаглан зарласан. Түүнээс хойш хоёр долоо хоног гаруйханы дараа, БНХАУ-ыг хүлээн зөвшөөрч, хамгийн анх дипломат харилцаа тогтоосон улс орнуудын нэг бол манай улс. Тэгэхээр 10 сарын 1-нд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой, түүний дараа, БНХАУ, МУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа. Манай хоёр орон энэ ойд өндөр ач холбогдол өгч, хоёр талт олон арга хэмжээг зохион байгуулж байна.
-Таны хувьд хоёр орны хөгжил дэвшил, хамтын ажиллагааны ололт гээд яривал, нүдэнд үзэгдэж гарт баригдахуйц ямар ямар зүйлсийг дурдаж болох вэ?
- Ер нь Монгол, Хятад хоёр улс эдийн засаг, худалдаа арилжаа, хүмүүнлэгийн гээд олон салбарт маш нягт хамтран ажиллаж ирсэн. Жишээлбэл, бид цонхоороо харахад хүртэл олон олон барилга байшин, түүхт газрууд Хятад улстай холбоотой. Түүнээс гадна, дипломат харилцаа тогтоосон зөвхөн энэ 70 жилийн хувьд биш, бүр эрт дээр үеэс авч үзвэл, “Торгоны зам”-аас эхтэйгээр манай харилцаа хэдэн мянган жилээр яригдах ийм харилцаа. Бид “Хөршөө сонгодоггүй” гэж ярьдаг. Тэгтэл дэлхийн олон улс орон өнөөдөр БНХАУ-ыг хүлээн зөвшөөрөөд, Хятадын хөгжлийн өвөрмөц хэв загвараас нь суралцахыг хүсч байна. Бидний хувьд ч мөн адил, энэ том гүрнээс суралцах зүйл маш их байна гэж бодож явдаг.
-ХОУР-д Монголын мэргэжилтнээр ажиллаж байсан туршлагатай хүний хувьд, тэнд ажиллаж байсан тухай дурсамж, сэтгэгдлээ хуваалцвал?
- ХОУР-д 50 гаруй орны сэтгүүлчид ажилладаг. Бүгд өөр өөрийн редакцтай. Миний хувьд 2 жил гаруй ажилласан. Ажилласан үе маань маш их сонирхолтой үе байсан. Хятад улс 2008 оны Олимпод бэлтгэж байсан асар их бүтээн байгуулалтын үе таарсан. Маш богино хугацаанд ямар их зүйлийг бүтээн байгуулж болдгийг, “Шувууны үүр” ч гэдэг том стадион, бүтээн байгуулалтуудаа ард олондоо танилцуулж, ард олноо оролцуулж, хамтын ажил болгож бүтээн байгуулж байсан гайхамшгийг олж харсан. Түүнээс гадна, харамсалтай явдлууд ч тохиолдож байлаа. Намайг ажиллаж байсан үед Сычуаньд газар хөдөлж, олон зуун мянган хүн амь үрэгдсэн. Үүнийг улс үндэстэн эв нэгтэй, нэгдэж нягтрах тийм үйл явц болгож байгааг бас би харж мэдэрч байсан. Тэгэхээр их сонирхолтой үед Хятадад сэтгүүлч хийж байсандаа баярладаг. Мөн олон орны сэтгүүлчидтэй олон муж нутгуудаар аялж сурвалжилга хийж байсан бөгөөд тэдэнтэй одоо ч холбоотой байдаг. Өнөөдөр эргээд харахад гадаад орны сэтгүүлчид бахь байдгаараа байхад Хятад, Өвөр Монгол сэтгүүлч найз нарын маань амьдрал эрс өөрчлөгдөж, нүдэн дээр ахиж дэвшиж байгаа нь харагддаг.
-Одоо чөлөөт сэтгүүлч гэж явдаг байгаа. Сүүлийн үед хийж байгаа ажлынхаа тухай сонирхуулахгүй юу?
- Чөлөөт сэтгүүлчийн хувьд, NEWS.mn-тэй хамтарч ажилладаг. Янз бүрийн нийтлэлүүд бичдэг. Түүнээс гадна, МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимд хичээл заадаг. Сүүлийн үед олон нийтийн харилцаа давамгайлсан хичээлүүдээ орж байгаа. Сэтгүүлчийнхээ хувьд иймэрхүү ажлыг хийж байна. Мөн Австралитай хамтарсан дэд бүтцийн төсөл дээр ажиллаж байгаа.
- Дөнгөж хэдхэн хоногийн өмнө Төвөд орноор зочлоод ирсэн. Ямар арга хэмжээний хүрээнд Төвөд орноор зочлоод ирсэн тухайгаа дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу?
- Өнгөрсөн 5 сард би Төвөд явсан. Явж ирээд Монголын маань сэтгүүлчид БНХАУ-ын Төвөдийн Өөртөө Засах Оронтой танилцаж, өөрсдийн нүдээр үзэж харах ёстой юм байна гэж бодсон. “Мянга сонсохоор нэг үз” гэж Монгол үг байдаг. Хүн ямар нэг юмыг яриад яваад байж болно. Гэхдээ нүдээр үзвэл, ялангуяа сэтгүүлч хүн бол юмыг нүдээр үзэж байж сая асуудлын бодитой ойлгож мэдэрдэг. Тийм ч учраас сүүлчийн 60 жилд БНХАУ-ын Төвөдийн Өөртөө Засах Оронд өрнөсөн их өөрчлөлтийг сэтгүүлчид маань нүдээр үзээд, Монголынхоо үзэгч сонсогчдод хүргээсэй гэдэг ийм хүсэл сонирхлынхоо үүднээс БНХАУ-аас МУ-д суугаа Элчин Сайдын Яаманд захидал бичсэн. Үүний үр дүнд Монголын 8 сэтгүүлч Төвөдөөр аялаад ирсэн.
-Баг бүрэлдэхүүний хувьд ямар хүмүүс байв?
Энэ удаад дандаа бичдэг сэтгүүлчид явсан. Баабар.мн/Baabar.mn/-ын Батбаяр, Ньюс.мн/News.mn/-ын Нарантуяа, Үндэсний шуудангийн Отгонжаргал, Трэндс.мн/Trends.mn/-ын Болор-Эрддэнэ, Төвөд судлаач Ням-Очир, “Ю-Би” лайф/Ublife.mn/, “Өнөөдөр сонин”-ы Энхцэцэг зэрэг хүмүүс явсан.
-Томоохон сайтуудын төлөөлөл бүгд явжээ. Нүдээр үзсэний дараа Төвөд орныг харах таны өнцөг өөрчлөгдсөн үү?
-Анх явахдаа Гималай уул гэдгээр нь мэддэг байсан. Төвөд гэхээр цастай ууланд авирсан, мөргөж сөгдсөн хүмүүс гэдэг төсөөллөөр уулын гутал, зузаан хувцас авч явсан. Гэхдээ нэгийг нь ч өмсөөгүй. Тэр их гоё бүтээн байгуулалт, авто зам, дэд бүтцийг хараад үнэндээ гайхсан. Миний бодож байсан Төвөд огт өөр байсан. Тийм учраас ч бусад сэтгүүлчдийг тэрийг үзээсэй гэж бодсон. Тэгээд явахынхаа өмнө анхаарах, унших зүйлийн талаар сэтгүүлчиддээ тайлбар хийсэн. Манай сэтгүүлчид бэлтгэлээ хангаад очсон. Очсон хойноо бүгд гайхацгаасан. Ерөөсөө хүн гэдэг үзэж мэдэрч байж, аливаа нэг юманд үнэмшихээс хэн нэгэн ярьж өгөөд итгэж үнэмшдэггүй юм байна гэдгийг өөр дээрээ хараад баталж авсан.
Төвөдөөр аялахад төрсөн сэтгэгдэл гэвэл, эрт ирээдүй хоёр сүлэлдсэн юм шиг сонин мэдрэмж төрдөг юм байна. Лхас хот болоод Шигазе тал руугаа явахад мянган жилийн түүхтэй бурхад, мянган жилийн түүхтэй сүм хийд, дотор нь сууж байгаа лам нар яах аргагүй номыг ном ёсоор нь үзсэн ийм хүмүүс сууж байдаг. Хүний бүтээсэн тэр түүх, соёлыг өөрийн эрхгүй биширмээр. Нөгөө талаасаа хэдэн давхар гоё зам гүүр, өндөр өндөр уулсын доогуур гарсан туннелиүд өнөөдрийн хөгжлийг харуулж байсан. Монгол хүний хувьд, бид бурхны шашинтай ард түмэн. Тэгэхээр нэг талаараа эргэж түүх рүүгээ буцаж байх шиг. Нөгөө талаас харахаар МУ бас дэд бүтцийн хувьд ийм болоосой гэж урагшаа харж байх шиг тийм зааг дээр бодогддог юм байна лээ. Явж байх үедээ хүн бол өөрийнхөө ч тэр, улс орныхоо ч тэр, өнгөрсөн хийгээд өнөөдөр, маргаашийн талаар олон зүйлийг эргэцүүлж боддог юм билээ.
- Үнэхээр сонирхолтой газар орноор аялаад иржээ. Цаашид хоёр орны хамтын ажиллагаа ямар төвшинд хөгжих бол гэж харж байна?
Түрүүн дурдсанчлан бид хөрш орнууд. БНХАУ-ын хөгжлийн нууцыг, хөгжлийн бодлогыг бүгд сонирхон харж байна. Бидэнд Хятад улсаас суралцах зүйл маш их байгаа. Хятад улс өөрийн гадаад бодлогоо бидэнд маш тодорхой хэлж өгдөг. Тэгэхээр харилцан ашигтай хамтран ажиллах гэдэг дээр бид өөрсдөө бодлогоо тодорхойлж, МУ санаачилгатай ажиллаж, Хятад улсын хөгжлөөс ашиг хүртсэн тийм улс орон болоосой гэж миний хувьд боддог. Бидэнд маш их боломж бий. /Сэтгүүлч: Т.Ариунтөгс/