Цөлжилттэй тэмцэж, аялал жуулчлалыг хөгжүүлсэн туршлага
Хятадын баруун нутгийн Нинсягийн Хотон Үндэстний Өөртөө Засах Оронд Жунвэй хэмээх хот бий. Энэ хотоос холгүй Шапоту хэмээх элстэй, аялал жуулчлалын газар байдаг. Жуулчид элсэн далайгаар тэмээ унан аялж, байгалийн үзэмжит газруудаар явна. Эсвэл 100 гаруй метр өндөр элсэн уулнаас гулгаж бууна. Хаяа хязгаар нь үл харагдах энэ их элсэн цөлд хүний хүчээр бүтээн байгуулалт хийсэн нь олон улсад үлгэр жишээ болж, дэлхийн олон газрын жуулчдын зорин очдог үзэмжит бүс болжээ.
60 жилийн тэртээд энд байнга элсэн шуурга болж, юу ч харагдахгүй, зам тасалддаг байв. Нинсягийн Хөдөө аж ахуй, ойн аж ахуйн судалгааны хүрээлэнгийн дэд захирал Ли Шэнбао энэ тухай ярьж байна.
“1958 онд, Бугат хотоос Ланьжөү хүрэх төмөр зам тавихад заавал үүгээр дайруулах ёстой байв. Учир нь тэр үед Хатан голын дээгүүр гүүр тавихад бэрхшээлтэй, гүүр тавилгүй Шапотугаар өнгөрөхөд харьцангуй дөт байсан юм. Тэр үед төмөр зам тавьсны дараа Шапоту орчмын төмөр зам дандаа элсэнд булагддаг болов. Зам тавьж дууссаны дараа элсийг хашин тогтоох ажил эхэлсэн юм.”
Тэр үед Шапоту ихэд цөлжсөн, байгалийн нөхцөл маш хүнд, байнга угалз болдог, элсэн уул толгодоос шуурсан элс төмөр замыг тун амархан булдаг байсан тул эцэстээ галт тэрэг аялуулахыг зогсоож, төмөр замын чиглэлийг өөрчлөхөд хүрчээ. Элсний нүүдлийг тогтоож, төмөр замын байнгын ажиллагааг баталгаажуулахын тулд нөр их ажлыг эхлүүлсэн юм. Энэ тухай Ли Шэнбаогийн ярихыг үргэлжлүүлэн сонсоно уу.
“Тэр үед, эндхийн байгаль орчны нөхцөл хүнд, ургамлын бүрхэвч сийрэг байлаа. Хэрэв бага багаар сайжруулъя гэвэл дэндүү удаан, байгалийн орчин улам муудаж болзошгүй байсан тул бид элсний нүүдлийг тогтоон барихаас өөр сонголтгүй болсон. Хүчтэй арга хэмжээ авч элсний нүүдлийг тогтоон, түргэн хугацаанд байгаль орчныг сэргээх зорилт тавьсан юм.”
Шапотугийн хөрсний ургамлын бүрхэвч сийрэг, ихэнх нь сул элстэй толгод юм. Сул элс салхины аясаар нүүж, төмөр замын үйл ажиллагаанд саад болдог төдийгүй хүчтэй угалз дэгдэж, ойролцоох бүс нутгийг элсээр дарж, экологийн орчинд нь нөлөөлдөг байлаа. Элсийг тогтоон барих ажилд манлайлан оролцсон Ван Иүдэ тэр үеийн тухай ингэж ярьж байна.
“Дээр үед энд жилд арав гаруй удаа томоохон угалз болдог байсан. Угалз болоход юу ч харагдахаа больж, ганц метрийн цаадах зам ч харагддагүй. Авто зам, төмөр зам, нисэх онгоцны буудал элсэнд дарагдаж, дэгдсэн элс тоосны ихэнх нь Хатан голын усанд орж, сөргөөр нөлөөлдөг байлаа.”
Ийм нөхцөлд, элсний нүүдлийг тогтоон барьж, гамшгийг бууруулан, төмөр замыг саадгүй болгох нь тулгамдсан асуудал болжээ. Нинсягийн ард түмэн цөлжилтэй тэмцэх үр ашигтай, олон өвөрмөц арга нээж, салхи тосон элсийг тогтворжуулах компанит ажил өрнүүлсэн байна. Нинсягийн аялал жуулчлалын Шапоту компанийн дэд захирал Тао Нэн энэ тухай ийн танилцуулсан юм.
“Элсний нүүдлийг тогтоон барих ажлын гол хэсэгт таван янзын халхавч хамгаалалтын бүтээн байгуулалт хийж, нэлээд ерөнхийлсөн сэргийлэн хамгаалах тогтолцоо бий болгосон. Тодруулбал: Бугат-Ланжөү чиглэлийн төмөр замын хоёр талаар хайрга чулуугаар элсний нүүдлийг хаших бүс гаргаж, говийн ургамал тарьж, ногооруулсан юм. Хоёр дахь нь Шапотуд хэрэгжсэн хамгийн алдартай арга юм. Энэ нь буудайн иш сүрлийг баглан элсэн гадаргууд дөрвөлжлөн өрж, элсний нүүдлийг тогтворжуулж чадсан. Буудайн иш сүрлийг 1 ам дөрвөлжин метр хэмжээтэй өрж, элсийг хашсан энэ арга хожим олон газарт дэлгэрч, үр дүнгээ өгсөн юм. Мөн ойжуулах бүс, элсэн хэрэм, элс хаших бүс бий болгосон зэрэг болно. Элсийг тогтоох барихад эдгээр таван арга байгаль орчинд ээлтэй, экологийг хамгаалсан элсний нүүдийг тогтоох систем болж чадсан юм.”
Нинсягийн Шапотуд хэрэгжүүлсэн цөлжилттэй тэмцэх эдгээр аргаас буудайн иш сүрлийг багцлан, дөрвөлжлөн өрсөн арга хамгийн шилдэг нь, энэ арга олон жилийн турш илэрхий үр дүнд хүрсэн гэж Жунвэй хотын Ойн аж ахуйн товчооны Төслийн албаны дарга Тан Шимин ярьж байлаа.
“Энэ аргыг анх элстэй бүсэд амьдарч байсан тариачид олж нээсэн юм. Тэд хэрэглэхээр цуглуулсан өвс нь салхинд туугдан элсэн манханд хүрч, тэндхийн элсийг хашсаныг ажиглаад, ийм сүрлийн зүйл элсний нүүдлийг тогтоодгийг мэджээ. Үүнийг нь хожим маш олон мэргэжилтэн судлаачид анхаарч, судалсан юм. Тэд ургамал, буудайн иш сүрлийг багцлан боож, тэгш өнцөгт, ам дөрвөлжин, дугариг, зууван зэрэг янз бүрийн хэлбэрээр, 1, 1.5, 1.8 метр зэрэг янз бүрийн хэмжээний хашлага хийж, туршиж үзсэн байна. Туршилтын үр дүнд 1 метр хэмжээтэй, ам дөрвөлжин хэлбэртэй өрж хаших нь элсийг тогтоон барих хамгийн зардал багатай, үр дүнтэй арга болохыг нотолслон юм.”
Нинсягийн ард түмэн салхи, элсэн шуурга, элсний нүүдэлтэй тэмцэх үйл явцдаа хуримтлуулсан арга туршлага, технологи тэр нутагт ихээхэн үр өгөөж авчирсан төдийгүй олон улсын сургалт дамжаа зохион байгуулах замаар, цөлжилтөд нэрвэгдсэн зарим улс оронд ч дэлгэрүүлсэн байна. Энэ тухай Тао Нэнгийн ярьсныг үргэлжлүүлэн сонсъё.
“Элсийг тогтоон барих арга амжилттай хэрэгжсэнээс хойш өнгөрсөн зууны 80-аад оны эхээр НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөр Шапотуд олон улсын цөлжилттэй тэмцэх арга хэмжээг олон удаа зохион байгуулсан юм. Энэ арга хэмжээнд Африкийн цөлжилт ихтэй зарим орон, мөн Төв Азийн зарим орноос их ирдэг байлаа. Тэд Шапотугийн элсний нүүдлийг тогтоон барьсан арга туршлагаас суралцсан. Эдгээр орон Шапотугийн амжилттай туршлагыг тухайн орны практик үйл ажиллагаандаа хэрэгжүүлсэн байдаг. Энэ бол Шапотугийн ард түмний дэлхий нийтэд оруулсан хувь нэмэр юм. Яг ийм нөхцөлд, ХХ зууны 80-аад онд Нинся гадагшаа нээлттэй хөгжиж эхэлсэн бөгөөд Шапотугийн өвөрмөц байгалийн үзэмж, элсний нүүдлийг тогтоон барьсан амжилттай туршлага нь Жувэй хотын нээлттэй хөгжих нэрийн хуудас, аялал жуулчлалын хөгжлийн түшиц газар болсон юм.”
Одоо Шапоту Нинсягийн аялал жуулчлалын хамгийн нэртэй, нөлөө бүхий газрын нэг болсон бөгөөд жилд 1 сая гаруй жуулчин зорин ирдэг болжээ. 30 гаруй жилийн хөгжлийн үр дүнд, аялал жуулчлалаар төлөөлөл болгосон элстэй хамаатай эдийн засгийн аж үйлдвэрлэл эрчтэй хөгжиж, орон нутгийн эдийн засгийн хөгжил, ардын амьдралыг сайжруулахад тус дэм болсон байна. Нинсягийн аялал жуулчлалын Шапоту корпорацын дэд захирал Тао Нэн энэ тухай танилцууллаа.
“Шапотуд аялал жуулчлал хөгжөөд 13 жилийн нүүр үзэж байна. Ялангуяа сүүлийн хэдэн жилд түргэн хөгжиж, жуулчдын тоо жил бүр 15-25 хувиар нэмэгдэж байна. Шапотуд аялал жуулчлалын бизнес эрхэлсэн эхний үед жилд 300 мянган жуулчин хүлээн авдаг байсан бол одоо 1 сая гаруй боллоо. Аялал жуулчлалын арга хэлбэрийн хувьд, элс манхан, байгалийн үзэмжтэй танилцах, элстэй бүсийн амралт зугаалга гээд олон төрлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнтэй болсон. Жуулчид энд ирээд тоглож, сэтгэлээ сэргээх төдийгүй элсэн цөлийн тухай гүнзгий ойлголт, мэдлэгтэй болж болох талтай. Мөн жуулчдын Шапотуд саатах хугацаа уртсах тусам хэрэглээ нэмэгдэж, орон нутгийн эдийн засагт үр ашиг хүртээж байна.”
Анх салхи тосон элсний нүүдлийг тогтоож байсан Шапоту нутаг одоо говийн аялал жуулчлалыг хөгжүүлж, орон нутгийн эдийн засгийн тулгуур болсон юм. Элсний нүүдлийг тогтоон барих үйлсэд оруулсан Шапотугийн амжилттай туршлага олон улсын цөлжилттэй тэмцэх ажилд үлгэр жишээ болж, Шапотугийн практикийг цөлжсөн олон улс орон, бүс нутагт өргөнөөр хэрэглэж байна.