Чингэлэг, ачааны болон суудлын автомашин шалгах рентген төхөөрөмжийг хүлээлгэн өгөв
Хятад улсын буцалтгүй тусламжийн төслийн хүрээнд, МУ-ын ГЕГ-ын харьяа байгууллагад чингэлэг, ачааны болон суудлын автомашин шалгах рентген төхөөрөмжийг МУ-ын талд хүлээлгэн өгөх арга хэмжээ 10-р сарын 9-нд МУ-ын нийслэл Улаанбаатар хот дахь Тээвэр үйлчилгээний төв-Гаалийн хяналтын бүсэд боллоо.
Тус арга хэмжээнд БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, элчин сайдын яамны эдийн засаг, худалдааны зөвлөх Сүнь Вэйрэнь, МУ-ын СЯ-ны Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга Б.Доржсэмбэд, МУ-ын ГЕГ-ын дарга Б.Асралт, Улаанбаатар хот дахь Гаалийн Газар, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн Газар, Замын Үүд дэх Гаалийн Газар зэрэг орон нутгийн гаалийн газрын дарга нар, гаалийн ажилтнууд нийт 40 шахам хүн оролцжээ.
Элчин сайд Шин Хаймин хүлээлгэн өгөх ёслолд үг хэлэв. Хятаын Засгийн газраас МУ-д үзүүлж буй буцалтгүй тусламжийн төслийн хүрээнд, чингэлэг, ачааны болон суудлын автомашин шалгах рентген төхөөрөмжийг МУ-ын талд албан ёсоор хүлээлгэн өгч, ашиглалтад оруулж байгаа явдалд элчин сайд Шин Хаймин БНХАУ-аас МУ-д суугаа элчин сайдын яамны өмнөөс халуун баяр хүргэлээ.
Шин Хаймин: Хятад, Монгол хоёр орон бол хаяа нийлэн оршдог сайн найз, сайн хөрш, сайн түнш юм. 2014 оны 8-р сард, Хятад улсын дарга Ши Жиньпин МУ-д айлчилж, хоёр орны харилцааг бүх талын стратегийн түншийн харилцаа болгон хөгжүүлсэн билээ. Үүний улмаар гаалийн газар хоорондын хамтын ажиллагаа зэрэг хоёр талын олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаанд бүх талаар ахиц гарлаа. Хятад улс олон жил дараалан МУ-ын худалдааны хамгийн том түншийн байр сууриа хадгалаж, хоёр орон хоорондын худалдаа, хүмүүсийн харилцаа холбоо ихэд идэвхжин хөгжиж байна гэж тэмдэглэлээ.
Урт хугацааны турш, Хятадын засгийн газраас МУ-д буцалтгүй тусламжийн төслүүд хэрэгжүүлж, МУ-ын талын эдийн засгаа хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьжиргааг сайжруулахад чин үнэнчээр дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн билээ. Буцалтгүй тусламжийн төслийн хүрээнд, МУ-ын талаас тавьсан хүсэлтийн дагуу, Хятадын засгийн газраас чингэлэг, ачааны болон суудлын автомашин шалгах иж бүрэн 8 рентген төхөөрөмж өгч, Улаанбаатар, Замын-Үүд, Алтанбулаг зэрэг Хятад, Монгол, Орос гурван орны эдийн засгийн хонгил дахь чухал чухал гаалийн газарт угсарсан юм. Тус төслийг хэрэгжүүлж буй Хятадын талын аж ахуйн нэгж болох Чинхуа-Тунфангийн Вэйши ХХК бол Чинхуа Их Сургуулийн үүсгэн байгуулсан дэвшилт технологийн манлайлагч аж ахуйн нэгж бөгөөд тус компанийн холбогдох тоног төхөөрөмжүүд нь Хятадын бие даасан оюуны өмчийн эрхтэй, хамгийн тэргүүний бүтээгдэхүүнүүд юм. Өдгөө, Хятадын тал бас боомт гарцын дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх, дагалдаа техник, тоног төхөөрөмж хангах, гаалийн ажилтны сургалт дамжаа зохион явуулах зэрэг олон талаар МУ-д туслах төслүүд хэрэгжүүлж байна. Эдгээр төсөл урагштай хэрэгжиж байгаа явдал нь МУ-ын гаалийн шалган өнгөрүүлэх хүчин чадал, худалдааны хялбарчлалын түвшинээ тасралтгүй дээшлүүлэхэд тус дэм болж, Хятад, Монгол, Орос гурван орны эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалтыг дорвитой ахиулахыг Хятадын тал хүсэж байна гэж тэрээр илэрхийлжээ.
Ирээдүйд Хятад улс “дотно, үнэнч, хүртээмжтэй, багтаамжтай” дипломат үзэл баримтлалаа цаашид хэрэгжүүлж, боломжийн хэрээр МУ-д үргэлжлэн улам их тусламж үзүүлж, хоёр орны харилцан ашигтай ажил хэрэгч хамтын ажиллагааг тасралтгүй өргөжүүлэн гүнзгийрүүлж, Хятад, Монгол хоёр орны хамтын ажиллагаанаас МУ-ын ард иргэдэд улам их бодит үр ашиг хүртээж, Хятад, Монголын найрсаг харилцааг улам сайн сайхан ирээдүй тийш хөгжихөд түлхэц өгнө гэж тэрээр мөн онцолсон байна.
МУ-ын СЯ-ны Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга Б. Доржсэмбэд, МУ-ын ГЕГ-ын дарга Б.Асралт нарын зэрэг албаны хүмүүс бас хүлээлгэн өгөх ёслолд үг хэлж, Хятадын талаас тусламж үзүүлсэн явдалд талархал илэрхийлжээ.
Хоёр тал тус тус үг хэлсний дараа, элчин сайд Шин Хаймин, МУ-ын СЯ-ны Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга Б. Доржсэмбэд рентген төрөөрөмжийг хүлээлгэн өгөх, хүлээн авах тухай хоёр орны Засгийн газар хоорондын солилцах бичигт гарын үсэг зурж, тус төхөөрөмжийг ашиглалтад оруулах ёслолын тууз хайчилсан байна.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, 2015 оны 11-р сард, МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хятад улсад айлчлах үеэр, хоёр орны төрийн тэргүүн нарыг хамт байх үед, хоёр орны холбогдох байгууллагынхан МУ-д рентген төхөөрөмж олгох төсөл хэрэгжүүлэх тухай солилцох бичигт гарын үсэг зурсан юм. Нийт 72 сая юаний үнэ бүхий энэ төсөлд: Чингэлэг шалгах иж бүрэн 2 систем, автомашин шалгах иж бүрэн 2 систем , тэдгээртэй холбоотой барилга байгуулалт, цогцолбор зэрэг багтсан бөгөөд Алтанбулаг дахь Гаалийн газарт 2, Улаанбаатар дахь Гаалийн газарт 1, Замын Үүд дэх Гаалийн газарт 1 системийг тус ус угсран ажиллуулахаар тохиролцсон аж.
/ХОУР-гаас МУ-д суугаа сэтгүүлч О.Дарамбазар мэдээлэв/