Шяоминий гэр бүлд гарсан өөрчлөлт
Шяомин 5 настай. Энэ бол түүний гэр бүлийнхэн. Өнгөрсөн 5 жилд тэдний гэр бүлд олон өөрчлөлт гарсан. Тэдгээр өөрчлөлтийг хэдэн үгээр товчлон хүргэе.
Нэгдүгээрт, хоёр хүүхдийн бодлого
Ноднин жил тэдний гэр бүлд нэг гишүүн нэмэгдсэнээр Шяомин “том агаа” боллоо. 2016 оноос хоёр хүүхдийн бодлого хэрэгжүүлж эхэлснээр олон гэр бүл хоёр хүүхэдтэй болжээ. Эдгээр гэр бүлд тус дөхөм болохын тулд төрөөс олон янзын бодлого боловсруулж байна.
Хоёрдугаарт, эмнэлгийн даатгалын төлбөр тооцоо
Энэ онд иргэний харьяаллаас үл хамаарч Хятадын аль ч хотод эмнэлэгт үзүүлж, нөхөн олговор авах боломж нээгдсэн нь Шяоминий эмээ өвөө хоёрыг хамгийн их баярлуулсан юм. Одоо эмчид үзүүлэхийн тулд нутаг явахаа больж, үнэхээр амар болжээ.
Гуравдугаарт, гар утасны төлбөр тооцоо
"Интернет+" цаг үед Шяоминийх ч мөн адил өвөө нь хүртэл ухаалаг утас ашигладаг болжээ. Цахимаар бараа худалдаж авах, АПП-ээр хоол захиалах, түрээсийн дугуй унахад бэлэн мөнгөгүй ч утсаа уншуулаад болоо.
Дөрөвдүгээрт, цэлмэг өдөр олширчээ
“Агаар муутай өдөр гарч тоглож болохгүй” гэж ээж нь байнга захидаг. Агаар муудахаар Шяоминий сэтгэл гонсойх боловч сүүлийн үед цэлмэг өдөр олширч, Шяомин найзуудтайгаа үргэлж гадаа тоглодог боллоо.
Тавдугаарт, хуваалцах эдийн засаг
Байгаль дэлхийгээ хайрлах нь хүн бүрийн үүрэг юм. Шяоминий гэр бүлийнхэн ногоон аялалд дуртай. Аав нь түрээсийн унадаг дугуй моодонд орсон гэж ярина. Гадаадын орнуудад хүртэл Хятадын “түрээсийн дугуй” моодонд орж, “дөрвөн шинэ нээлтийн нэг" хэмээгдэн, хуваалцах эдийн засгийн шинэ хуудсыг сөхсөн юм.
Зургадугаарт, хилийн чанадад аялах
Хүмүүсийн амьдрал сайжирч, хилийн чанадад аялах нь тийм ч хэцүү зүйл биш болсон. Урьд гадаадад аялахдаа зөвхөн бараа бүтээгдэхүүн худалдан авдаг байсан бол одоо чөлөөтэй аялж, юм үзэх нь хамгийн түгээмэл сонголт болжээ.
Сүүлийн жилүүдэд Шяоминий гэр бүлд гарсан өөрчлөлтийг эдгээр үгсээр бүрэн илэрхийлэх боломжгүй юм. Хятадын өөрчлөлт айл бүхэнд бодит үр ашиг хүртээж байна. Өнгөрсөн таван жилд танайд ямар өөрчлөлт гарсан бэ, бидэнтэй хуваалцаарай.