Өндөр настны асрамж үйлчилгээний хөгжлийг түргэтгэнэ
21-нд Иргэний засаг захиргааны яам иргэний засаг захиргааны ажлын хөгжлийн талаар танилцууллаа. Эх сурвалжийн мэдээлснээр, 2018 онд Хятадын иргэний засаг захиргааны ажил үйлсийг бүх талаар ахиулж, ядуурлаас ангижруулах, өндөр настны асрамжийн үйлчилгээг түргэтгэх зэрэг талаар ахиц дэвшил гарган, амьжиргааны доод түвшний баталгааны хүрээнд хамрагдсан 45 сая иргэний наад захын амьжиргааг баталгаажуулжээ.
Иргэний засаг захиргааны яамны сайд Хуан Шүшянь мөн өдөр Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны хийлгэсэн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Иргэний засаг захиргааны яам 2018 онд ядуурлаас ангижруулах ажлыг сайтар хийж, тус салбарын хүндрэлтэй асуудлыг зохицуулах гурван жилийн үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулан, хэрэгжилтийн явцад амьжиргааны наад захын баталгаанд хамрагдсан хүмүүст баталгаа өгөх бодлого хэрэгжүүлж, идэвхтэй үр дүнд хүрсэн гэжээ.
"Хятадын хэмжээнд шянь, хот, дүүргийн хөдөө тосгоны амьжиргааны доод түвшний баталгааны стандартыг ядуурлыг тэтгэх улсын стандартаас давсан арга хэмжээ хэрэгжүүлж, 18 сая 120 мянган ядуу иргэнийг нийгмийн наад захын баталгаанд хамрууллаа. Хот хөдөөгийн амьжиргааны доод түвшний баталгааны стандарт 7.2, 12.4 хувиар тус тус нэмэгдэж, амьжиргааны доод түвшний баталгаанд хамрагдсан 45 сая иргэний наад захын амьжиргааг баталгаажууллаа” гэжээ.
Хуан Шүшянийн танилцуулснаар, 2018 онд Иргэний засаг захиргааны яам нэн ядуу бүс нутгийг ядуурлаас ангижруулах хүндрэлтэй асуудлыг зохицуулахыг дэмжиж, бодлого, хөрөнгө мөнгө, боловсон хүчин зэрэг олон талаар дэмжлэг үзүүлж, ядуурлаас ангижруулах ажилд хүндрэл тулгарсан 22 мужид хонжворт сугалаанаас хуримтлагдсан 2 тэрбум 250 сая юаниар санхүүжүүлжээ.
Ядуурлаас ангижруулахаас гадна, 2018 онд Иргэний хэргийн яамны хийсэн бас нэг чухал ажил бол өндөр настны асрамж үйлчилгээний салбарыг хөгжүүлсэн явдал юм. Тус яамны дэд сайд Гао Шяобин: Сүүлийн хоёр жил Иргэний хэргийн яам холбогдох яам хороодтой хамтран өндөр настны асрамж үйлчилгээний чанарыг сайжруулах тусгай арга хэмжээг хэрэгжүүлж, ихээхэн амжилт гаргасан юм гэжээ.
"2017 онд бид өндөр настны асрамж үйлчилгээний доголдолтой 197 мянган асуудлыг өөрчлөн зассан бол 2018 онд дахин 163 мянган асуудлыг өөрчлөн сайжруулсан. Мөн үндэсний хэмжээний нэгдмэл үнэлгээний стандарт тогтоож эхэллээ. 22 муж өндөр настны асрамж үйлчилгээний стандарт хангасан техникийн байгууллага нэгж байгуулж, үндэсний зэрэглэлийн стандарт хангасан 51 туршиц цэгийг ажиллуулав. 2018 онд тусгай үйл ажиллагааны явцад асрамж үйлчилгээнд хамруулсан өндөр настны тоо 127 мянгаар нэмэгдсэн нь энэ талын эрэлт шаардлагыг зохих хэмжээнд хангасныг харуулж байна” гэжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, ирэх хоёр жилд иргэний хэргийн яам хөдөө орон нутаг, тэр тусмаа хөгжлөөр тааруу бүс нутгийн өндөр настны асрамжийн газрыг өөрчилж сайжруулах төсөл, хувийн хэвшлийн асрамжийн газрын аюулгүй байдлын стандарт хангах тусгай төсөл хэрэгжүүлэхийн зэрэгцээ холбогдох байгууллагуудтай хамтран өндөр настны асрамжийн газруудын үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг эрчимжүүлэх зорилго бүхий үндэсний стандарт тогтоох болно.
Саяхан Хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо төсөл нийтэлж, өндөр настны асрамж үйлчилгээний зах зээлийг бүх талаар нээлттэй болгох тухай зарласан юм.