5G ертөнцөд нээлттэй хамтран ажиллахыг уриалав
5G ертөнц хаяанд иржээ
Энэ бол Барселонд болж буй Дэлхий хөдөлгөөнт холбооны их хурлаар хүмүүсийн хамгийн их анхаарал хандуулж буй сэдэв, мөн энэ удаагийн хурлаас дэлхий дахинд өгсөн дохио юм. Дэлхийн хөдөлгөөнт холбооны системийн нийгэмлэгийн албан тушаалтан Жон Хофманы төсөөллөөр 5G ертөнц хаяанд ирснээр энэ удаагийн их хурал хүний сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн хурлуудын нэг болсон юм.
Дэлхийн цахим холбооны хамгийн өргөн хүрээтэй хурал үзэсгэлэнгийн нэг болох энэ удаагийн хурлыг "Ухаалаг холболт" сэдвээр зохион байгуулж, дэлхийн хөдөлгөөнт холбооны гол гол аж ахуйн нэгжүүд асар том лангуу ажиллуулан, шинэ технологи, бүтээгдэхүүн, төслөө танилцуулж байлаа. Ялангуяа томоохон үйлдвэрлэгч, бизнесменүүд хурлын үеэр төрөл бүрийн 5G технологи, бүтээгдэхүүнээ үзэсгэлэнд тавьснаар 5G цахим ертөнц хаяанд ирснийг хүмүүст тодорхой мэдрүүлсэн байна.
Ертөнцийг өөрчилж буй шинжлэх ухаан технологийн хурд, гүнзгийрэл, тэлэлт нь хүмүүсийн төсөөллөөс илүү гарлаа. 5G технологийг цаашид ахуй амьдралдаа хэрхэн ашиглах вэ? Энэ асуудалтай холбогдуулж, тус салбарынхан ургуулж бодсон төсөөллийг бодит болгож, алсаас эмчлэх салбарт 5G сүлжээний цаг гарздахгүй, найдвартай байх онцлогийг ашиглан, эмч нар 5G сүлжээгээр дамжуулж алсаас удирдан бодит хагалгаа хийж болно. Авто машины автомат удирдлагын салбарт, энгийн хүн тоормос гишгэхэд 0.4 секунд ордог бол жолоочгүй авто системийн 5G нөхцөлд 1 миллисекундэд тоормослох боломж нээгдлээ. Хэвлэл мэдээллийн салбарт, ирээдүйд үзэгч сонсогчидтойгоо шууд харилцах, шууд оролцуулах хэлбэрийн 3D загварыг хэрэгжүүлж, хүмүүст газар дээрээс нь мэдээлэл авч буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Гар утас хэрэглэхэд улам хялбар болох тул 5G цахим орчин нь хөдөлгөөнт холбооны салбарт хувьсгалын шинжтэй хөгжлийн алтан үеийг авчрах юм.
Олон улсын хөдөлгөөнт холбооноос 5G сүлжээний бүх стандартыг 2020 онд батална гэдэг ч, дэлхийн хөдөлгөөнт холбооны энэ их хурлаар дэлхийн томоохон үйлдвэрлэгч, бизнесменүүд тус тусын 5G гар утас, технологио уралдууллаа. Сүүлийн үед дуулиан тарьж буй Хуавэй-Mate X, Самсунг-Galaxy Fold төрлийн 5G эвхдэг гар утаснаас гадна, Өмнөд Солонгосын LG компани анхны 5G бүтээгдэхүүн болох V50 ThinQ гар утсаа тавьж, Америкийн цахим холбооны Sprint компанитай хамтран, энэ онд багтаан Америкийн зах зээлд орохоор төлөвлөж байгаагаа зарлажээ.
Америкийн Qualcomm компанийн хамгийн сүүлийн үеийн 5G багц чип, Катарын цахим холбооны группийн агаарын 5G такси зэрэг гайхалтай үзмэрүүд олон орны үзэгчдийн сонирхлыг татаж байлаа. 5G эрин хаяанд ирээд байна. Аудит болон зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Deloitte компанийн төсөөлснөөр, ирэх хэдэн сард, 20 орчим компани 5G гар утас үйлдвэрлэж, бизнесийн 25 оператор 5G үйлчилгээ үзүүлнэ.
Ялангуяа Хятадын аж ахуйн нэгжүүд энэ удаагийн их хуралд олны анхаарлыг татсан юм. Хуавэй компанийн үйлдвэрлэсэн 5G Mate X эвхдэг гар утсыг дэлхий нийтийн хэвлэлүүд "ирээдүйгээс ирсэн гар утас" хэмээн онцлон мэдээлжээ. Хятадын Жүншин, Шяоми, Ийжя, OPPO зэрэг аж ахуйн нэгжүүд ч 5G-ийн шинэ хэрэглээ, шинэ төхөөрөмжүүдээ танилцуулсан юм.
5G эринийг сэтгэл догдлон хүлээж байгаа ч шинэ эриний үүдийг нээх зам тийм ч дардан биш юм.
5G ертөнцийг нээхийн тулд олон улс орон өргөн дэлгэр хамтын ажиллагаа өрнүүлэх шаардлагатай. Дэлхийн олон улс, бүс нутаг 2G, 3G, 4G хэлбэрийг уялдуулсан нөхцөлд оршиж буй тул 5G-г хэрэглэх, одоо хэрэглэж буй сүлжээгээ орхих явцад технологи, үнэ өртгийн олон бэрхшээлтэй асуудал тулгарна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд дэлхий нийтээрээ хамтран ажиллах шаардлагатай. Хятадын Жүншин, Хуавэй зэрэг аж ахуй нэгжүүд олон орны бизнесменүүдтэй хамтран ажиллаж байна. Хуавэй компани 30 гаруй орны бизнесменүүдтэй гэрээ байгуулж, дэлхийд 5G-ийн 40 мянган станц барих бараагаа илгээсэн бол Жүншин ч 30 гаруй орны бизнесменүүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулаад байна.