Ардын төлөөлөгчид Өөрчлөлт нээлтийн үзэсгэлэнтэй танилцав
XIII сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын II чуулганд оролцох Хятадын бүх муж, өөртөө засах орны төлөөлөгчид Бээжин хотод ар араасаа хүрэлцэн ирж чуулганд оролцох бэлтгэлээ базааж байна.
3-нд сэтгүүлч миний бие ШУӨЗО-ны монгол үндэстний өөртөө засах Баянгол жөүгийн засаг дарга Түгжжавтай холбогдоход Үндэсний музейд гарч буй "Аугаа их өөрчлөлт хөгжил-Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойн үзэсгэлэн”-тэй танилцаж байна гэсэн юм. Намайг зургийн аппаратаа аваад очиход Түгжжав дарга ШУӨЗО-ны 2 төлөөлөгчийн хамт үзэсгэлэн үзэж байлаа. Хэдийгээр Ардын төлөөлөгчдийн их хурал хараахан эхлээгүй, УТЗЗ хуралдаж байгаа хэдий ч зарим ардын төлөөлөгчид сайн дураараа үзэсгэлэн үзэж, бэлтгэл ажлаа хийж байгааг хараад сэтгүүлч миний бие ихэд олзуурхсан юм.
Түгжжав дарга өгсөн ярилцлагадаа: Бүх Хятадын ардын төлөөлөгчийн хувиар миний бие “Хоёр чуулган”-д хоёр дахь удаагаа оролцох гэж өчигдөр Бээжин хотод ирлээ. 3-р сарын 5-нд болох XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы нээлтэд оролцохоосоо өмнө хамт ирсэн хоёр төлөөлөгчтэй Өөрчлөлт нээлтийн үзэсгэлэнтэй танилцлаа. Улс орны хөгжил дэвшлийг олон талаас нь харуулсан асар их үр өгөөжтэй үзэсгэлэн байна хэмээн ярьж байлаа.
2018 оны 11-р сарын 13-нд Хятадын Үндэсний музейд "Аугаа их өөрчлөлт хөгжил- Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойн үзэсгэлэн” нээгдсэн юм. Энэ үзэсгэлэн “Хоёр чуулган”-ны дараа буюу 3-р сарын 20-нд өндөрлөх юм. Үзэсгэлэн аугаа их өөрчлөлт, гайхамшигт шинэчлэл, зөв сонголт, түүхэн өөрчлөлт, их гүрний дүр төрх, ирээдүйд хандах гэсэн 6 хэсгээс бүрдэж, өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсэн түүхэн замнал, гаргасан ололт амжилт, хуримтлуулсан туршлагыг фото зураг, дүрс бичлэг, макет зэрэг хэлбэрээр музейн хоёр давхрын бүх танхимд олон өнцгөөс нь харуулсан байлаа.
"Хоёр чуулган"-ы сэтгүүлч Н.Пүрэвжав мэдээлэв