Хөдөө тосгон бол хүсэл мөрөөдлийн орон юм
Ноднин, Хятад улс хөдөө аж ахуй, хөдөө тосгоны хөгжлийн доголдлоо түргэн нөхөхийн төлөө хөдөө тосгоныг хөгжүүлэх стратегийн анхдугаар таван жилийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэн, хөдөө аж ахуй, хөдөө тосгоны хөгжил хотын хөгжлөөс ялгаатай байгааг нөхөж эхэлсэн юм. 8-нд хөдөө тосгоныг хэрхэн хөгжүүлэх тухай асуудал Ши Жиньпин дарга болон Хэнань мужийн ардын төлөөлөгчдийн халуун сэдэв болсон байна.
Хятадын нийгэм эдийн засгийн хөгжил, хүн амын байдлыг үндэслэн 120 сая га газрыг үр тарианы аюулгүй байдлыг баталгаажуулах улаан шугамаар тогтоосон юм. Ши Жиньпин дарга: Тариалангийн газрыг хамгаалах улаан шугам, хөдөө аж ахуйн чухал бүтээгдэхүүн болох үр тарианы хангамжийг баталгаажуулах хэрэгтэй. Орон нутгийн бүх шатны захиргаа гол үүрэг хариуцлагаа ухамсарлаж, газар тариалангийн хяналт удирдлагын тогтолцоог боловсронгуй болгон, хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоох хэрэгтэй гэжээ.
2018 оноос эхлэн Хятад улс гурван жилийн хугацаатай хөдөө тосгоны оршин суугчдын амьдрах орчныг сайжруулах ажлыг хийж эхэлжээ. Ши Жиньпин: Энэ ажлыг сайтар хийж, хөдөө аж ахуйн экологийн хамгаалалт, хөдөө тосгоны бохирдлоос сэргийлэх ажлыг эрчимжүүлж, уул ус, ой тайга, нуур цөөрөм, тариа ногоо, өвс бэлчээрийн системийг засан сайжруулах хэрэгтэй. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэх газрыг хянах систем, чанарын тодорхойлолтын дүрмийг боловсронгуй болгож, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталгаажуулах хэрэгтэй гэжээ.
Эдийн засгийн үсрэнгүй хөгжлийг дагалдан, хөдөө тосгоны маш олон хүн хот орж ажил эрхэлж, хөдөө тосгонд үлдсэн хүүхэд, эмэгтэйчүүд, ахмадуудын тоо тасралтгүй нэмэгдэж байна. Улмаар хүүхдийн боловсрол, өндөр настны асрамж зэрэг нийгмийн асуудал улам илэрхий болж ирлээ.
Ши Жиньпин төлөөлөгчдөд хандан: Хөдөө тосгоныг хөгжүүлэхдээ хөдөө тосгонд үлдсэн хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнуудыг халамжлан үйлчлэх системийг боловсронгуй болгох хэрэгтэй. Хот хөдөөгийн өндөр настны үндсэн даатгалын тогтолцоо, эм эмнэлгийн үндсэн даатгал, хүнд өвчний баталгааны тогтолцоо, амьдралын баталгааны тогтолцоог боловсронгуй болгох хэрэгтэй гэжээ.
ХКН-ын XVIII их хурлаас хойш, Хятадын удирдагчид тариачдын амьдралыг сайжруулахад улам их анхаарах болжээ. Ши Жиньпин хөдөө тосгонд ажиллах болгондоо тариачдаас юу хэрэгтэй байгааг асууж лавладаг юм. Тэрээр хөдөө тосгоны зам харилцааны бүтээн байгуулалтыг ихэд анхаардаг. Учир нь энэ нь тариачдын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ борлуулах, чинээлэг амьдралтай болоход зайлшгүй шаардлагатай юм.
8-нд Ши Жиньпин дарга: Хятад улс хөдөө тосгоныг хөгжүүлэхэд олон төрлийн нийгмийн хөрөнгөөс хөдөө тосгоны зам харилцаа, усан ашиглалт, ундны ус, ложистик, интернет зэрэг дэд бүтцийн барилга байгуулалтад хөрөнгө оруулахыг дэмжих санал дэвшүүлжээ.
Хөдөө тосгоныг хөгжүүлэх үйл явцыг ахиулахын хирээр хот хөдөөгийн хооронд чадварлаг боловсон хүчин, хөрөнгө мөнгө зэрэг хүчин зүйл чөлөөтэй шилжиж, улам идэвжиж байна. Их сургууль төгсөгчид нутаг усандаа буцах нь олширч, гадаадад суралцсан чадварлаг хүмүүс хөдөө тосгонд бизнес эрхлэх боломж хайх болжээ.
Хятадын орчин үеийн хөдөө аж ахуйн хөгжлийн орон зай хэр их байгаа вэ? Ши Жиньпин төлөөлөгчдөд хандан: Хятадын хөдөө тосгон бол бизнес эрхлэхэд таатай газар, хүсэл мөрөөдлийн орон юм гэжээ.