Мал сүрэг тарган тавтай байхыг хүсэж байна
Сур: Хятадын "Хоёр чуулган"-нд оролцож буй ардын төлөөлөгч Чэнь Лянтай уулзаад байна. Сайн байна уу?
Чэнь Лян: Сайн байцгаана уу? Би бүх улсын ардын төлөөлөгч Чэнь Лян байна. Би Хянган нутгийн хүн. Хянган аймгийн нутаг бэлчээрийг хянан хамаарах товчооны даргын туслагч хийдэг.
Сур: Та ажил мэргэжилтэйгээ холбож энэ жилийн чуулганд ямар санал санаачилга дэвшүүлсэн бэ?
Чэнь Лян: Энэ жилийн чуулганд гурван санал дэвшүүлсэн. Нэг нь экологийн тухай. Хоёр дахь нь хөдөө аж ахуйг хэрхэн хөгжүүлэх тухай. Гурав дахь нь бүтээн байгуулалтын тухай юм.
Сур: Экологийн тухай саналаа дэлгэрүүлж ярина уу.
Чэнь Лян: Малчид өвлийн улиралд өвс бордоогоо хэрхэн хадгалах тухай санал юм. Урьд бид экологийн тэнцвэр, бэлчээрийн даац гэж ярьж,зөвхөн өвс бордоо, мал унааны тэнцвэрийг барихад төвлөрдөг байсан. Энэ удаа гүнзгийрүүлж, дөрвөн улиралд тэнцвэргүй байгаа тухай дурдлаа. Үүнд үндэслэн өвлийн нөөц бордоог хүрэлцэхүйц болгох бодлогыг төрөөс дэмжих тухай санал гаргасан юм. Өвс бордооны хувьд урьд малчид өөрсдөө тарьж, нутаг бэлчээрээсээ хадаж авдаг байсан шүү дээ. Тэгвэл миний санаачилга бол өвс бордоог зах зээлийн нөхцөл байдалд тохируулах.Одоо зарим газарт өвс бордоо илүү гарч, зарим газар хүрэлцэхгүй байна. Илүү гарсныг нь зах зээлийн эргэлтэд оруулж, хүрэлцэхгүй газар нийлүүлж болно. Өвс бордоо тарьж нөөцлөх нь тусгай мэргэжил биш байлаа. Одоо бол мал маллах ажил мэргэжил, өвс бордоо тарьж нөөцлөх нь бас нэг ажил мэргэжил гэж үзэх ёстой. Учир юу вэ гэвэл малын ашиг шимийг хүртэж орлогоо нэмэгдүүлэхээс гадна өвс бордоогоо тарьж нөөцлөн, илүү гарснаа бусдад худалдвал ашиг орлогоо нэмэгдүүлнэ.
Сур: Малчин түмэн, нутгийнхаа зон олонд хандан юу хэлэх вэ? Цаашдын зорилтоо ярина уу.
Чэнь Лян: Манай малчид хөдөө нутагтаа, малаа маллаад явдаг. Өнөөгийн нийгэмд мэдээ мэдээлэл, интернет чухал болсон. Малчдын хувьд нэгдүгээрт, хуулийн тухай мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй. Хоёрт, малчид төрийн бодлого, цагийн байдлыг зөв ойлгож, өөрийн ажил амьдрал, бизнесээ эрхлэхэд төрийн бодлогын дэмжлэг авах талаар анхаарах хэрэгтэй. Гуравт, малчин ард харилцан итгэлцэж, харилцан тусалж, харилцан ойлгож, хүч хөдөлмөрөө нэгтгэх хэрэгтэй. Миний дэвшүүлсэн бас нэг санал бол хоршоололтой холбоотой юм. Манай малчин ардын хоршоолол улс байгуулагдсан цагаас өнөөг хүртэл 70 жилийн нүүр үзэж байна. Өнөөгийн хоршоолол бол урьдынхтай адилгүй.Улсаас дэмжлэг их үзүүлдэг болсон. Цаашдын хөгжлийн зорилтод хөдөө нутгийн хоршоолол, малчин ардын хамтын ажиллагаа бол ирээдүйн амьдралд зайлшгүй хэрнээ улам хөгжих хандлагатай байна. Үүнийг малчин арддаа сануулж, энэ замаар явахыг сануулъя.
Сур: Цаг заваа гаргаж ярилцлага өгсөн танд баярлалаа.
Чэнь Лян: Малчин ардын маань орлого жилээс жилд нэмэгдэж, тариа будаа нь ургац ихтэй, мал сүрэг нь тарган тавтай байхыг хүсэж байна. Баярлалаа.
Ярилцсан: Н.Пүрэвжав