Хүүхэд, өндөр настны асрамж үйлчилгээг хөгжүүлнэ
15-нд Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян гадаад дотоодын сэтгүүлчдэд хандан: Ард түмний амьжиргаа бол төр улсын хамгийн том хэрэг мөн. Хүүхэд, өндөр настны асуудал, ялангуяа өндөр настны асрамж, цэцэрлэгийн үйлчилгээ хүрэлцээ муутай, хүндрэлтэй байгааг их өгөгдлийн тоо баримт харуулж байна. Тиймээс манай засгийн газар үүнд түлхүү анхаарч, хорооллын үйлчилгээг хөгжүүлэх замаар эдгээр асуудлыг зохицуулна гэжээ.
Тэрээр: Хүүхэд, өндөр настны үйлчилгээний асуудал ихэнх гэр бүлтэй холбоотой. Харин манай энэ талын үйлчилгээ хүрэлцэхгүй байна. Хоёр хүүхдийн бодлого хэрэгжүүлснээс хойш цэцэрлэгийн нөөц боломж хүрэлцэхгүй асуудал улам илэрхий болсон. Өндөр настны асрамж үйлчилгээ бол бүр ужиграсан асуудал юм. Өндөр настны асрамж үйлчилгээний байгууллага, хүүхдийн цэцэрлэгийг сүүлийн жилүүдэд хүч тавин байгуулж байгаа боловч эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна. Тиймээс энэ асуудлыг зохицуулахад голдуу хорооллын үйлчилгээг сайжруулахад түшиглэж, шударга, нийтэд хүртээмжтэй болгохыг хичээх ёстой. Мөн шинэ механизм санаачлан, нийгмийн нөөц баялгийн үүргийг бүрэн дайчилж, засгийн газрын дэмжлэгээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Шударга байх, нийтэд хүртээмжтэй байхад тавих засгийн газрын хяналт удирдлагаа эрчимжүүлж, үйлчилгээний аюулгүй байдлыг баталгаажуулах хэрэгтэй. Хүүхэд, өндөр настны асуудлыг сайтар зохицуулж байж л мянга мянган айл өрхийг аз жаргалтай болгоно. Залуу хүмүүс сэтгэл амар байж, зорьсон ажил үйлсээ бүтээхэд нь тус дэм болно гэжээ.