Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль батлав
15-нд, Бээжин хотноо XIII сонгуулийн БХАТИХ-ын ээлжит чуулган өндөрлөлөө. Хурлаар гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг баталсан юм. 2020 оны 1-р сарын 1-нээс эхлэн хэрэгжих энэ хууль гадаадын хөрөнгө оруулалтыг зах зээлд нэвтрэх, дэмжих, хамгаалах, удирдах зэрэг талаар нэгдсэн тогтоол гаргаж, Хятадын шинэ хэлбэрийн гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн тогтолцооны үндсэн загварыг тогтоон, Хятадын гадаадын хөрөнгө оруулалттай салбарыг бүрэн хамарсан эш үндэс болох хууль юм.
Чуулганы хаалтын ёслолд 3000 ардын төлөөлөгч эрх үүргээ биелүүлж, Хятадын гадаадын хөрөнгө оруулалттай салбарын эш үндэс болох энэ хуулийг баталж, үндэсний хууль тогтоох хэлбэрээр Хятад улс өөрчлөлт нээлтийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх итгэл зоригийг харууллаа. БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ли Жаньшү хэлэхдээ: "Хурлаар хянан хэлэлцсэн гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль бол шинэ эринд гадаадад нээлттэй байдлыг дэмжих эш үндэс болох хууль юм. Бид гүнзгий суралцан, бүх талаар хэрэгжүүлж, өндөр түвшний гадаадад нээлттэй байх бодлогоор эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг дэмжинэ" гэжээ.
Гадаадын хөрөнгө оруулалтыг ашиглах нь Хятад улс гадаадад нээлттэй байх, нээлттэй эдийн засгийн шинэ тогтолцоо байгуулах чухал агуулга тул үүнийг хуулийн боловсронгуй засаглалаар баталгаажуулах шаардлагатай. Шинэ эриний Хятад орны гадаадын хөрөнгө оруулалттай салбарын хамгийн иж бүрэн, төрийн чухал эш үндэс болсон энэ хуулийг АТИХ идэвхтэй хянан хэлэлцэж тогтоосноор Хятад улс гадаадын хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг улам сайн хамгаалж, хуулиар баталгаажуулсан, олон улсын түвшинд хөгжсөн, хялбар нөхцөл бүрдсэн бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд ашигтай юм гэж төлөөлөгчид үзэж байна. АТИХ-ын төлөөлөгч Хуан Юйшань хэлэхдээ: "Урьд өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлэхэд, хөрөнгө оруулалтын гурван хуультай байлаа. Одоо бид дэлхий дахинд хандан нээлттэй ажиллаж буй тул цаашдын хөгжлийн шаардлагын дагуу баталсан гадаадын хөрөнгө оруулалтын энэ хууль гадныханд улам бүрэн төгс, эрх тэгш боломж нээж өглөө. Энэ нь мөн өөрийн хөгжлийн шаардлагад нийцэх тул гадаадын хөрөнгө оруулалтын энэ хуулийг би хувьдаа дэмжиж байгаа. Энэ бол маш зөв арга хэмжээ юм” гэжээ.
АТИХ-ын төлөөлөгч Лю Юань хэлэхдээ: "Энэ хууль Хятадын өөрчлөлт нээлтийн хаалга улам нээлттэй болохыг Хятадад хөрөнгө оруулах хүн бүхэнд тодорхой харуулж, сайшаан дэмжиж буйгаа илэрхийлсэн тул Хятадын чансаатай хөгжлийг улам ахиулах нь зайлшгүй юм" гэжээ.
15-нд баталсан Гадаадын хөрөнгө оруулалтын хууль 6 бүлэг, 24 заалттай. Үүнд "Хөрөнгө оруулалтыг ахиулах" ба "Хөрөнгө оруулалтыг хамгаалах" хоёр тусгай бүлэг, 19 заалт, гадаадын хөрөнгө оруулалтын үндэсний үйлчилгээний системийг бүрэн төгс болгох, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд хууль зүйн хувьд эрх тэгш байх үндэсний стандарт, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн шүүхэд зарга мэдүүлэх ажлын үндэсний механизм зэрэг заалт багтсан юм.
Сайн хууль бол бизнесийн хамгийн таатай орчин юм. Гадаадын хөрөнгө оруулалтын хуульд хуулийн бодит заалтуудаар урт удаан хугацааны турш, гадаадын хөрөнгө оруулагч, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн анхаарч ирсэн, мөн гадаадын хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг бүрэн төгс хууль дүрмээр баталгаажуулж, олон улсын хамгийн шилдэг бизнесийн орчин бүрэлдүүлж байна. Бельги, Хятадын Эдийн засаг, худалдааны хорооны дарга Бернад Девид хэлэхдээ: "Миний бодлоор, энэ хууль өрнөдийн нийгэмд Хятадын засгийн газрын нээлттэй байх үзэл санааг дахин нотолж, гадаадын хөрөнгө оруулалтыг сайшааж буйг харууллаа. Хятадад улам хялбар хөрөнгө оруулалт хийх боломжийг гадаадын хөрөнгө оруулагчдад олгож байна. Энэ бол маш чухал юм. Учир нь гадаадын хөрөнгө оруулагчид ашиг сонирхлоо баталгаатай байхыг хүсдэг. Миний бодлоор энэ хууль үүнд сайтар нийцсэн байна" гэжээ.