Э:Болортулга: Хэвлэл мэдээллийн байгууллага бол соёл иргэншлийн салшгүй нэг хэсэг

2019-05-17 15:30:05
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Бээжинд зохиогдож буй Азийн соёл иргэншлийн яриа хэлцэлийн үеэр хуралд оролцож байгаа Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн гүйцэтгэх захирал Э.Болортулгаас манай сэтгүүлч ярилцлага авсан юм. Сүлжээ ашиглагчиддаа ярилцлагын текстийг хүргэж байна.

Болортулга: Хэвлэл мэдээллийн байгууллага бол соёл иргэншлийн салшгүй нэг хэсэг

Сурвалжлагч: Сайн явж ирсэн үү? Бээжинд болж байгаа энэ том хурлын үеэр тантай уулзаж байгаадаа баяртай байна. Эхлээд та манай сонсогч, интернет ашиглагчидтай мэндчилнэ үү?

Болортулга: Сайн явж ирлээ. Энэ чухал том хуралд оролцож байгаадаа их баяртай байна. Нийт сонсогчдоо өнөөдрийн мэнд хүргэе. Сайхан зусаж байна уу?

Сурвалжлагч: Хуралд та ямар байгууллагыг төлөөлж оролцож байна вэ?

Болортулга: Би Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн гүйцэтгэх захирлын ажилтай. Сэтгүүл зүйн салбараасаа энэ соёл иргэншил ямар үүрэг оролцоотой байх вэ, сэтгүүлчид ямар бодлого баримталж ажиллах вэ гэх мэт маш олон зүйлийг ярилцаж байна. Энэ салбараа төлөөлөөд маш их шинэ зүйл мэдэж авлаа, маш их мэдээлэлтэй боллоо, олон хүнтэй танилцаж хүрээллээ тэллээ.

Маш чухал асуудлуудыг хөндөж байна. Ер нь соёл иргэншил гэдэг бол хүн төрөлхтний нэгдэн нягтрах гол зүйл юм аа гэдэг үзэл санаа ямар ч илтгэл дээр дурдагдаж байна. Дээр нь нэмээд нээлтэд Ши Жиньпин даргын хэлсэн дөрвөн үзэл санаа маш оновчтой санагдлаа. Жишээлбэл соёл иргэншил гэдэг бол хэн нэгэн хүн, хэн нэгэн улс орон бусдадаа өөрийн соёл иргэншлийг тулгах, хүлээн зөвшөөрүүлэх, тэрүүгээр бардах, илүүрхэхгүй эрх тэгш байх зарчмыг баримтлах хэрэгтэй гэдэг үзэл санааг дэвшүүлж байна. Энэ бас зөв зүйтэй санагдлаа. Дээр нь нэмээд нээлттэй, хүртээмжтэй байх гээд. Тэнд байгаа соёл иргэншил, соёлын өвийг зүгээр хадгалаад байх биш харин бусдадаа нээн дэлгэрүүлж, түгээж сурталчлан, түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулах нь илүү ач холбогдолтой гэдэг санааг дэвшүүлж байна. Энэ бас зөв зүйтэй болов уу. Үүнийг бас олон нийтэд хүргэх ёстой юм болов уу гэж бодогдож байна. Дээр нь нэмээд соёл иргэншлийг өмнөх, одоо, ирээдүй гээд хооронд нь хольж сүлжиж, өмнөх соёлын өвөө орчин үеийн урлаг соёлтойгоо холбон, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, соёлыг хөгжүүлэх, цааш нь авч явах нь ач холбогдолтой гэдгийг бас дэвшүүллээ. Мөн соёлын өвөөр дамжуулж сурган хүмүүжүүлэх, нэгдэн нягтруулах ажилд илүү анхаарлаа хандуулах ёстой гэдэг зарчмыг дэвшүүлж байна. Энэ бол маш зөв зүйтэй санагдсан. Үүнийг бас эх орондоо очоод хүмүүстээ таниулах, мэдээлэх үүрэг хүлээж байгаа.

Сурвалжлагч: Хятад, Монгол хоёр орны сэтгүүлчид хэвлэл мэдээллийн салбарт хэрхэн хамтарч ажилласан тухай яривал?

Болортулга: Хэвлэл мэдээллийн салбар соёл иргэншил, соёлыг түгээх тал дээр үеийн үед онцгой анхаарч ирсэн. Үүнийг хийж хэрэгжүүлж явдаг. Бид соёлын хувьд ч тэр, түгээн дэлгэрүүлэхийн хувьд ч тэр олон улс оронтой хамтран ажилладаг. Хоорондоо сэтгүүлч солилцдог, хамтарсан сурвалжлага бэлтгэдэг, соёл түгээн дэлгэрүүлэх хамтарсан контент солилцдог, цаашаа өргөн хүрээнд гадаад харилцаагаа тэлээд соёлыг түгээн дэлгэрүүлэх тал дээр ажиллаж байгаа, цаашаа ч ажиллана. Бидний ард түмний өмнө хүлээж байгаа үүргийн нэг шүү дээ. Мэдэх эрхийг нь дээдэлсэн, соён гэгээрүүлэх, ард түмний уураг тархинд болж байгаа гэдэг утгаараа түгээн дэлгэрүүлэхэд илүү анхаарч ажилладаг. Бидний гол эрх үүрэг маань энэ гэж харж байгаа. Үүнийгээ мэдэрч сайн хийх хэрэгтэй, бидний оролцоо маш чухал юм байна гэдгийг харж байна даа.

Сурвалжлагч: Бусад орнуудтай хамтран ажиллах боломж нээгдэж байна уу?

Болортулга: Маш өргөн хүрээтэй боломж нээгдэж байна. Бид боломжийг алдалгүй, ашиглах ёстой, үр дүнг нь үзэх ёстой, илүү цааш нь дэлгэрүүлэх ёстой гэж бодож байна. Илүү том, илүү их боломжийг эрэлхийлэх, дээр нь энэ байгаа боломжоо алдалгүйгээр үр дүнтэй ашиглах нь чухал юм аа гэдгийг харж байна.

Сурвалжлагч: Азийн соёлын карнавалын тоглолт үзсэн сэтгэгдлээсээ хуваалцвал?

Болортулга: Тоглолт маш сайхан болсон. Яг цагтаа эхэлсэн. Зохион байгуулалт сайтай, төгс гэж хэлж болохоор, өнгө үзэмжтэй, виртуал, бодит ертөнц хоёрыг холбосон маш сонирхолтой тайзтай, зарим талаараа огшсон гайхалтай тоглолт байлаа. Үнэхээр санаа авууштай, бахархмаар, омогшмоор зүйл их байлаа. Хэзээ ч мартагдахгүй тийм сайхан тоглолт үзсэндээ сэтгэл хангалуун байна.

Сурвалжлагч: Хурлаас авсан олсон зүйл юу байна вэ?

Болортулга: Зөндөө байлгүй яахав. Маш олон зүйлийг олж авлаа. Олж авахаасаа илүүтэйгээр олсноо илүү бататгаж байна. Дээр нь зарим нэг зүйлийнхээ гарцыг тодорхойлж чадаж байна. Зарим зүйлийг шинээр мэдлээ. Хэвлэл мэдээллийн байгууллага бол соёл иргэншлийн салшгүй нэг хэсэг. Соёл урлаг, ард түмний ёс заншил гээд байгаа бүхнээ амилуулж, хүргэж байдаг нь хэвлэл мэдээллийн салбар. Ялангуяа соёл иргэншлийг түгээхэд орчин үеийн инновацлаг, техник технологийн дэвшлийг илүү түлхүү ашиглах, цаг хугацаа, орон зайгаас үл хамаарч мэдээллийг түргэн шуурхай солилцох гэдгийг түлхүү ашиглах тал дээр энэ удаагийн хурлын үзэл санаа оршиж байна.

Сурвалжлагч: Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Болортулга: За баярлалаа.

Ярилцсан: Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ