Хятад улсыг ном зохиолоор таниулахыг хүсэж байна

2019-05-17 16:39:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Азийн соёл иргэншлийн яриа хэлцэлийн үеэр "Амар-Өргөө" компанийн захирал н.Амарсанаатай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

н.Амарсанаа: Хятад улсыг ном зохиолоор таниулахыг хүсэж байна

Сурвалжлагч: Бээжин хотод болж буй Азийн соёл иргэншлийн томоохон хуралд Монгол улсаас баг бүрэлдэхүүн, төлөөлөгчид ирж оролцож байна. Монголоос ирсэн төлөөлөгч, нэгэн эрхмийг та бүхэнтэйгээ уулзуулъя. Та ямар байгууллагыг төлөөлж энэ хуралд оролцож байна?

Амарсанаа: Би "Амар-Өргөө" хэвлэлийн компанийг төлөөлөн оролцож байна. Манай компани Хятадтай хамтарч ном эрхлэн гаргадаг. Хятад номнуудыг орчуулж гаргадаг юм. Энэ хуралд ирж сууснаараа өндөр сэтгэгдэлтэй байна. Яагаад гэхээр Азийн улсууд хоорондоо соёлоороо ойр харилцах нь маш чухал юм байна гэдгийг сайн ойлгосон. Хурдтай хөгжиж буй Хятад улс Азийн улсуудыг нэгтгэж ийм сайхан хурал хийж байгаад баяртай байна.

Бид хөгжихийн тулд хөрш Хятад улстайгаа хамтран ажиллаж ёстой. Тийм учраас бид Хятад улсын Бүс ба зам санаачилгыг дэмжих хэрэгтэй. Энэ бодлогыг дэмжиж байж бид хамт явах болохоос далайн чанадад байгаа Европын улс, Англи, Америк бид нартай тийм амархан хөл нийлж хөгжих нь юу л бол доо. Европын улсууд Европоороо нэгдэж, өөрсдийгөө хамгаална. Одоо хил залгаа улсууд эдийн засаг, соёлоор хамтран ажиллах боломжтой. Тийм учраас Хятадын Бүс ба зам санаачилга их чухал. Бид Хятадаас маш их зүйл сурч болно.

Хятадад Монгол улсын маш олон оюутан сурч байна, жил болгон нэмэгдэж байна. мөн Япон, Солонгост, Вьетнамд сурч байгаа. Бид Азийн соёлыг судлах ёстой.

Хятад улс үсрэнгүй хөгжиж байна. Хөрш орон асар хурдтай хөгжиж байхад манай улс хөгжлөөс хоцрох ёсгүй. Тиймээс бид Хятадын түүх соёл, боловсрол гээд бүх талын ном зохиолыг хэвлэж гаргадаг. Ямар ч байсан одоогийн байдлаар таван ном гаргаад байна. Гол нь хүүхэд залууст чиглүүлж байгаа. Яагаад гэвэл бидний ирээдүй хүүхэд залуус юм. Энэ соёлыг түгээх, Хятад улсыг сайн таниулж мэдүүлэх тал дээр ажиллаж байгаа.

Сурвалжлагч: Өнөөдөр та ямар салбар хуралд оролцож байна? Хурал ямар асуудлыг хөндөж, юун тухай ярилцаж байна? Иймэрхүү олон орныг хамарсан хурлын ач холбогдлыг та хэрхэн харж байна?

Амарсанаа: Азийн улс орнууд нэгдэж Азийн соёлыг гаргаж ирж байгаад баяртай байна. Азид олон үндэстэн ястан бий. Бүгд өөр өөрийн соёлтай. Хятад улс гэхэд маш их үндэстэн ястантай. Тэр болгонд нь тааруулж хүндэтгэж харьцдаг, үндэстэн ястнуудыг зөвхөн ийм байх ёстой гэж нэг стандарт байхгүй, яг тэр улсуудад нь таарсан соёлоор Хятад улс бодлогоо явуулж байгаа нь их таалагддаг. Манай Монгол улсад олон үндэстэн ястан бий. Тэр хүмүүс өөр өөрсдийнхөө соёлоор хөгжих боломжтой юм байна гэж бид хардаг.

Сурвалжлагч: Өчигдөр хурлын нээлт, оройн тоглолт болсон. Тоглолт үзсэн сэтгэгдлээсээ хуваалцана уу?

Амарсанаа: "Шувууны үүр"-нд болсон мундаг тоглолтыг урьд нь олимп болж байхад зурагтаар харж байсан болохоос биш яг өөрөө үзээгүй байсан. Хятадууд ажлыг үнэхээр сайн хийж чаддаг юм байна гэдгийг харлаа. Хятад улс маш сайн зохион байгуулалттай, нэг бодлоготой, нэг санаатай, хүмүүс нь хүртэл хийж байгаа ажилдаа үнэнч, хариуцлагатай юм. Тэр нь Хятад хүмүүсийн нэг онцлог юм болов уу гэж боддог. Яагаад гэвэл бүгдээрээ нэг хүн шиг хөдөлж чаддаг, тэр тоглолт хийж байгаа хүмүүс нь. Түүнийг зохион байгуулж байгаа, техникийн дэвшил технологийг үнэхээр харууллаа. Тэгээд гаднын том дуучдыг авчирлаа. Энэ болгоныг харахад манай улс Хятадаас суралцах зүйл их байна.

Сурвалжлагч: Хэвлэлийн салбарт хүч хөдөлмөрөө зориулж явааг тань ярианаас чинь ойлголоо. Энэ удаагийн хуралд оролцсоноор Азийн бусад орнуудтай хамтарч ажиллах боломж нээгдэж байна уу?

Амарсанаа: Маш их нээгдэж байна. Малайзтай хамтарч ажиллах гэж байна. Малайзын номыг гаргана. Сингапурын номыг бас сонирхож байна. Мөн Японы номыг сонирхож байна. Ерөнхийдөө манай компани бол Азийн улсуудыг, ялангуяа Хятад улсыг илүү сонирхож байна. Бусад улсыг бид сайн мэдэхгүй. Монгол улс хэрэглээнийхээ бараг 80 хувийг Хятадаас импортолж байна. Бид Хятадыг судлах хэрэгтэй. Хятад хүмүүсийг таних хэрэгтэй. Тэгж байж бид хамт явна. Хятад соёл, Хятад хүмүүс, Хятад улсын бодлого ямар байгааг таниулахыг маш их хүсэж байна.

Сурвалжлагч: Цаг заваа гаргаж ярилцлага өгсөн танд их баярлалаа.

Амарсанаа: Баярлалаа.


Ярилцсан: Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ