“Замын-Үүд боомтын барилга байгууламж, дэд бүтцийн барилга угсралтын ажил” төслийн шав тавих ёслол болов

2019-09-13 15:08:35
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНХАУ-ын тусламжийн төсөл болох Монгол улсын боомтын дэд бүтцийн барилга байгуулалтын төслийн бүтээн байгуулалтын ажлын шав тавих ёслол 9-р сарын 12-нд МУ-ын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд боллоо. Уг төслийг МУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй гаалийн шинэчлэлийн хүрээнд, Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинээр барих, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа болно.

Шав тавих ёслолд, Хятадын талаас БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны Худалдаа, эдийн засгийн зөвлөх Сүн Шюежюнь, Замын-Үүд суманд суугаа дэд консул Жан Иши, БНХАУ-ын Гаалийн Ерөнхий Газрын Боомтын Үндэсний Захиргааны дэд дарга Дан Инже, Хяналт, Шалгалтын Газрын дэд дарга Ма Жюнь, Монголын талаас УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, СЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат, Гаалийн Ерөнхий Газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшин зэрэг Хятад, Монгол хоёр орны холбогдох албаны хүмүүс, Барилга угсралтын гүйцэтгэгч компанийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид зэрэг 100 гаруй хүн оролцжээ.

Тус үйл ажиллагааг нээж МУ-ын СЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, энэ төсөл Монгол, Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаа нь онцлог бөгөөд чухал ач холбогдолтой болж байгааг тэмдэглээд, МУ-ын хамгийн том хилийн боомт Замын-Үүд өдөрт дунджаар 2000 зорчигч нэвтрүүлэх хүчин чадалтайгаар анх 1996 онд ашиглалтад орж байсан. Тэр үетэй харьцуулбал, өнөөдөр МУ-ын эдийн засаг 10 дахин тэлж, хөрш орнуудын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, худалдаа, эдийн засгийн эрх тэгш түнш болсноор энэ боомтыг өргөтгөн шинэчлэх зайлшгүй шаардлага бий болсон гэжээ.

Энэ төслийг Хятад улсын 201 сая юанийн буцалтгүй тусламжаар санхүүжүүлж байгаа бөгөөд олон улсын стандартад нийцсэн зорчигч, ачаа тээврийн барилга байгууламж, дэд бүтэц, ногоон байгууламж барих, боомтын барилга угсралтын ажлыг хэрэгжүүлэх юм. Шинэчлэлээр 8 дахин том талбайтай, өдөрт 4 дахин олон зорчигч нэвтрүүлэх хүчин чадалтай, том оврын ачаа тээврийн хэрэгслийн тоо 3 дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо 7 дахин нэмэгдэж, зорчигч тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтэрч, зорчигчид тав тухтай үйлчлүүлэх боломж бүрдэнэ хэмээн тэрээр онцоллоо.

БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны Худалдаа, эдийн засгийн зөвлөх Сүн Шюежюнь: Замын-Үүд хилийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслийн шав тавих ёслол болж буйд баяртай байна. Хятад, Монгол хоёр орон хаяа нийлсэн, харилцан тусалдаг сайн хөрш, харилцан ашигтай хамтран ажилладаг сайн түнш, дотно харилцаатай сайн найз юм. 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин МУ-д түүхэн айлчлал хийж, хоёр орны харилцааны иж бүрэн стратегийн түншлэлийн шинэ хуудсыг эхлүүлсэн. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа тогтвортой хөгжиж, өндөр түвшний айлчлал тогтмолжин, эдийн засгийн хамтын ажиллагаа улам нягтарч, Хятад улсын “Бүс ба зам", МУ-ын “Хөгжлийн зам” стратегийн уялдаа холбоо бодитоор хэрэгжиж байна гэсэн юм.

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар бүтээн байгуулах Замын-Үүд, Гашуун-сухайт боомтын төслөөр хоёр орны худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх ажлын бат бэх суурийг тавьж байна. “Жүнмэй инженеринг групп” ХХК инженерийн гүйцэтгэгч дэлхийн топ 100 компанийн нэг юм. Бид нарийвчилсан зохион байгуулалттай, аюулгүй бүтээн байгуулалттай энэ төслийг хэрэгжүүлж, хоёр улсын ард иргэдийн найрсаг харилцааны үлгэр жишээ болно гэдэгт итгэлтэй байна гэж тэрээр илэрхийлсэн юм.

Шав тавих ёслолын үйл ажиллагаанд Хятад, Монгол хоёр орны холбогдох албаны хүмүүс, гүйцэтгэгч компанийн удирдлагууд оролцжээ.

/Сэтгүүлч О.Дарамбазар, Г.Мөнхтунгалаг нар мэдээлэв/

Их уншсан

холбоотой мэдээ