МОНЦАМЭ агентлагийн “Монголын мэдээ” сонин 90 жилийн ойгоо тэмдэглэв

2019-09-21 18:18:11
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

МУ-ын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас хятад хэлээр эрхлэн гаргадаг “Монголын мэдээ” сонины 90 жилийн ойн баярыг тэмдэглэх арга хэмжээ 9-р сарын 20-нд Улаанбаатар хотноо боллоо.

Энэхүү баярын арга хэмжээг нээж МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг хэлэхдээ: “Монголын мэдээ” нь анх хэвлэгдэн гарснаас хойш өнөөг хүртэл уншигчиддаа МУ-ын түүх, соёл, зан заншил, ардчилсан ололт амжилт, хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, ард иргэдийн ахуй амьдрал болон Монгол оронд болж буй цаг үеийн үйл явдал, хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа зэргийг тухай бүр мэдээлсээр ирсэн юм. Эдүгээ тус сонин нь МУ-ын тухай мэдээ мэдээллийг сонирхон уншдаг хятад уншигчдын шимтэн унших дуртай сонин төдийгүй хятад хэл, соёлыг сонирхон суралцаж буй Монголын зуу зуун хүүхэд залуучууд, их дээд сургуулийн оюутнуудын талархлыг хүлээсэн сургалтын чухал гарын авлага, үнэт хэрэглэгдэхүүн болоод байна. Энэ жил дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоо тэмдэглэж буй бидний мөнхийн хөрш БНХАУ-тай найрамдалт харилцаагаа бэхжүүлэн хөгжүүлэх нь МУ-ын гадаад харилцааны тэргүүлэх чиглэл бөгөөд МОНЦАМЭ агентлаг, “Монголын мэдээ” сонин үүнд зохих хувь нэмрээ оруулсаар ирснийг энд зориуд цохон тэмдэглэж байна. “Монголын мэдээ” сонин нь Монгол, Хятадын ард түмний найрамдлын нэгэн гүүр болохын хувьд урьдын адил хоёр улсын найрамдалт хамтын ажиллагааны хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж, МУ-ыг гадаадад сурталчлах үйл хэрэгтээ улам их амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

“Монголын мэдээ” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Мөнхтуул: “Анх 90 жилийн өмнө “Ажилчны зам” нэртэйгээр гарч байсан сонин маань өдгөө Монгол орны гадаад сурталчилгааны нэгэн том цонх болтлоо өргөжин хөгжихөд үе үеийн монгол, хятад ажилчид, орчуулагч, редактор, сонины эрхлэгч нарын оруулсан хувь нэмэр их билээ. Энэ 90 жилийн хугацаанд бас бус шалтгаанаас болж хаагдаж байсан ч “Мөнгү Шяоши бао” буюу “Монголын мэдээ” сонин маань цаг үеийн хөгжлөөс үл хоцрон өнөөг хүртэл тасралтгүй гарсаар байна. Манай сонины ахмад ажилтнуудын зарим нь өнөөдөр тэнгэрт хальсан ч , тэнгэрийн орноос бидэнтэйгээ энэ баярт мөчийг хуваалцаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Сониныг түүчээлэн авч явж буй залуу, дунд үеийн орчуулагч редакторууд маань тэднийхээ энэхүү Монгол, Хятад хоёр орны хооронд гүүр болох ариун үүргээ нэр төртэйгээр биелүүлэх болно” гэв.

“Монголын мэдээ” сонин анх 1929 оны 9 дүгээр сарын 1-нээс “Ажилчны зам” нэрээр хэвлэгдэн гарч, эдүгээ гэхэд 90 жилийн түүхэн замналыг өнгөрүүлжээ. 1964 оноос хойш МОНЦАМЭ агентлагаас тус сониныг эрхлэн гаргах болсон бөгөөд МУ дахь хятад хэлний цорын ганц хэвлэлийн хувьд, МУ-ын хэвлэл мэдээллийн түүхэнд чухал байр суурийг эзэлсэн анхны сонинуудын нэг төдийгүй, гадаад сурталчилгааны чухал гарц болж, өнгөрсөн 90 жилийн хугацаанд мэдээллээр дамжуулан Монгол, Хятад хоёр улсын ард түмний найрамдалт харилцааг бэхжүүлэх, тэдний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсаар ирсэн юм.

Баярын арга хэмжээний үеэр, сэтгүүл зүйн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн, МСНЭ-ийн “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр “Монголын мэдээ” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Мөнхтуул, “Ган үзэг” шагналаар орчуулагч, редактор С.Мягмардулам, МЗХ-ны “Тэргүүний залуу сэтгүүлч” шагналаар С.Мөнх-Оргил нарыг тус тус шагнаж урамшуулсан юм. Түүнчлэн "Монголын мэдээ" сонины үе үеийн ажилтнуудын ажил, амьдралыг харуулсан гэрэл зургуудыг дэлгэн үзүүлсэн байна. /Сэтгүүлч О.Дарамбазар мэдээлэв/



Их уншсан

холбоотой мэдээ