Хятад улс олон талаар амжилт гаргасан

2019-09-25 14:29:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

9-р сарын 17-нд, Хятад улсын дарга Ши Жиньпи гадаадын 6 найрсаг эрхэмд Хятадын гадаад харилцааны том шагнал болох "Найрамдлын одон" гардуулах зарлиг гаргасан билээ. Орос, Хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн дэд дарга, ОХУ-ын Нийгмийн ШУА-ын Алс Дорнодын судалгааны төвийн ахлах судлаач, нэрт хятадач эрдэмтэн Галина Кулкова бол ОХУ-ын ерөнхийлөгч Путиний дараа "Найрамдлын одон"-гоор энгэрээ мялаалгасан орос хүн юм. Энэ мэдээлэл цацагдсаны маргааш 84 настай Галина Кулкова цаг заваа гаргаж манай сэтгүүлчид ярилцлага өгсөн юм. Тэрээр, 70 жилийн турш Хятад улс бүх талаар амжилт гаргасан. Хятад улстай найрсаг харилцааг хөгжүүлэх ажил хэрэг эрхэлсэн 62 жилд тэтгэвэрт гарахыг бодож байсангүй гэжээ.

9-р сарын эцэст Москва хотод намрын сэрүү орж, бүрхэг, бороотой өдөр үргэлжилж байсан ч Галина Кулковагийн ажилд огт саад болохгүй байлаа. 18-нд тэрээр 1 цагийн зав гаргаж, бидэнтэй ярилцсан юм. Энэ хооронд түүнд хятад, орос найзууд нь баяр хүргэж байлаа. Ярилцлагаа дуусгаад тэрээр Моксвагийн Дорно Дахины музейд очиж, орой нь зохиогдох Хятад, Оросын орон нутгийн соёлын солилцооны арга хэмжээнд оролцохоор бэлдэж байв. 1957 онд Найрамдлын нийгэмлэгт орж, өнөөг хүртэл ажилласан тэрээр, энэхүү ажлаа ганц өдөр ч хойш тавиагүй нэгэн юм.

"Интернетэд, гар утсаар миний тухай мэдээлэл, зураг бий. Тэтгэвэртээ гарсны дараа цуглуулж дурсгал болгон үлдээх санаатай. Жишээ нь зургийн цомог гаргаж болно. Гэхдээ би цаг завгүй ажилладаг хүн. 30 жилийн өмнө тэтгэвэртээ гарч болох л байсан, гэвч би тэтгэвэртээ гарна гэж бодоогүй. Эдгээр жилүүдэд Хятад улстай холбоотой бүхэн тархинд минь, зүрх сэтгэлд минь шингэн үлдсэн нь аз юм даа."

Өөртэйгөө холбоотой зургуудаа цуглуулах цаг завгүй ч Галина Кулкова өөрт тохиолдсон түүхээрээ "Орос болон Хятад иргэдийн харилцаа" номоо бүтээж, олон тооны фото зургаар Хятад, Орос хоёр орны 70 жилийн найрамдалт харилцааны түүхийг бичсэн байдаг.

"Найрамдлын одон" гардуулах үндэслэлд түүнийг ийн танилцуулжээ: Галина Кулкова, 1935 онд төрсөн, 1957 онд Зөвлөлт, Хятадын найрамдлын нийгэмлэгийг байгуулах ажилд оролцож, 1960 онд Зөвлөлт, Хятадын найрсгаар харилцах нийгэмлэгт орж ажилласан. 1989 онд Зөвлөлт, Хятадын найрамдлын нийгэмлэгийн тэрүүн дэд даргаар сонгогдож, ЗХУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд томилогдон ажиллаж, Хятад улстай тогтоосон найрсаг харилцааг хөгжүүлэхэд хүчин зүтгэж, Хятад, Орос иргэд хоорондын гадаад харилцаанд чухал хувь нэмэр оруулсан гэжээ.

Түүний тухай ийм нэгэн түүх олонд танил болсон билээ. "2012 онд, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч асан Ли Кэчян ОХУ-д айлчлах үеэр Орос, Хятадын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчидтэй уулзжээ. Тэрээр намайг Орос, Хятадын найрамдлын салбарт хэдэн жил ажиллаж байна гэж асуухад би насаараа ажилласан гэж хариулсан. Яаж ажилласан бэ гэхээр нь бага сургуульд байхаасаа Хятадын соёлыг сонирхдог байсан, 16 насандаа их сургууль орж хятад хэл сурсан. Жараад онд найрамдлын нийгэмлэгт орсон. Гэхдээ түүнээс өмнө нийгэмлэгийн үйл ажиллагаанд оролцож байсан гэж хариулсан юм."

Ерөнхий сайд Ли Кэчян дараа нь Кулковагийн түүхийг Москвагийн их сургуулийн оюутнуудад ярьж, 50 жилийг нэг өдөр мэт бодон Хятад, Оросын найрамдлын хөгжилд хувь нэмрээ оруулсан гэж сайшааж байв. Түүнээс хойш 7 жил өнгөрчээ. Галина Кулкова найрамдлын нийгэмлэгийн тэргүүн дэд даргын албандаа хичээн ажиллаж байна. Тэрээр "насаараа" гэсэн амлалтаасаа няцаагүй юм.

62 жилийн турш Орос, Хятадын найрамдлын нийгэмлэгийн гишүүн, удирдлага, ЗХУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөхөөр ажиллаж байсан тэрээр Оросын хэчнээн хүний ойлголтыг өөрчилж, Хятад улсыг сонирхдог болгосон бол? Мөн хэчнэн олон Хятадын залуус түүнийн нөмөр нөөлгөөр Хятад, Оросын найрамдлын ажилтай хувь заяагаа холбосон бол? Үүнийг тоолоход бэрх. Харин тэрээр өөрийг нь удирдсан, дэмжлэг үзүүлсэн хүмүүсийг хэзээд санаж явдаг. Тэрээр "найрамдлын одон" хүртсэнээ анх дуулаад, одонг зөвхөн надад, хувь хүнд өгөөгүй гэдгийг ойлгосон гэж даруухан хариулж байлаа.

"Анхны сэтгэгдэл гэвэл юуны түрүүнд баярлаж талархах, хөөрсөн маань үгээр илэрхийлэхийн аргагүй байсан. Дараа нь хүндхэн хариуцлага хүлээж байгаагаа ухамсарласан. Хятад улс хамгийн өндөр шагналаа зөвхөн надад, хувь хүнд өгсөн юм биш. Харин миний Орос, Хятадын найрамдлын нийгэмлэгт ажилласан 62 жилийг, мөн надтай хамт ажилладаг мянга мянган ажилтныг хүлээн зөвшөөрсөн хэрэг юм. Тэд Хятад, Оросын найрамдлын үйлсэд өдөр шөнөгүй зүтгэсний ач юм. Тэдний зарим нь өөд болсон. Миний гол үүрэг бол халаагаа залуу үедээ өгч, энэ ажлыг тасалдалгүй үргэлжлүүлэх явдал юм."

Галина Кулкова намхан нуруутай ч бусдаас онцгой харагддаг. Алтан шаргал үс, олон янзын банзал, уян хөдөлгөөн, хүчтэй үг яриа нь наяын давааг давсан настан буурал гэмээргүй. Хэдэн арван жилийн турш тэрээр БНХАУ байгуулагдсаны 40, 50, 60 жилийн ойн арга хэмжээнд алгасалгүй оролцсоор ирсэн юм. Удахгүй тэрээр Хятад улсыг зорьж, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн арга хэмжээнд оролцож, Хятад улсын дарга Ши Жиньпиний гараас "Найрамдлын одон" гардан авах болно. Тэрээр, 70 жилийн турш Хятад улс бүх талаар амжилт гаргасан, энэ нь ХКН-ын мэргэн удирдлагатай салшгүй холбоотой юм гэжээ.

"Ши Жиньпин даргын хэлсэнчлэн БНХАУ-ын аугаа их амжилт тэнгэрээс унаагүй, гаднын орон бэлэглээгүй, харин Хятадын ард түмэн өөрсдөө тэмцэж бүтээсэн. Энэ нь ХКН, дэлхийн хамгийн том эрх баригч намын хүчтэй удирдлагатай салшгүй холбоотой юм. 2049 оныг би харж чадахгүй, гэхдээ би 2021 оноос өмнө Хятад улс ядуурлаас ангижирч, дундаж чинээлэг нийгэмд шилжин орно гэдэгт итгэлтэй байна. Хятад улс цэцэглэн хөгжсөн, соёлтой социалист хүчирхэг орон болно гэдэгт итгэлтэй байна."

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан Галина Кулкова хятад хэлээр Хятад улсын найз нөхдөдөө баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.

"Би ажилдаа маш их хайртай, ажлаа үргэлжлүүлж хийхийг хүсэж байна. Та бүгддээ ажлын амжилт хүсье. Ихийг бүтээж, эрүүл энх, ажил үйл өөдрөг байхыг хүсэн ерөөе. Баярлалаа."

Их уншсан

холбоотой мэдээ