Үндэсний баярын 70 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэлээ
Синьхуа агентлагийн мэдээ: 10-р сарын 1-нд Тянь-Аньмэнийн талбайд, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх сүр жавхлантай цэргийн парад, олон нийтийн жагсаал зэрэг баяр ёслолын арга хэмжээ боллоо. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин чухал илтгэл тавьж, хүндэт харуулын өмнүүр явж, ёслолын парадыг хүлээн авсан юм.
Тэрээр: Хятадын өчигдрийг хүн төрөлхтний түүх шастирт тэмдэглэсэн, өнөөдрийг ард түмэн бүтээн байгуулж байна, Хятадын маргааш улам сайхан болох нь гарцаагүй. Бүх нам, арми, үндэстнүүдийн ард түмэн улам нягтран нэгдэж, анхны зорилгоо үл умартан, үүрэг хариуцлагаа бат санаж, эх орноо бэхжүүлж, хос зуун жилийн зорилтоо биелүүлэхээр зүтгэж, Хятадын үндэстнүүдийг сэргээн мандуулах Хятадын мөрөөдлийг биелүүлэхийн төлөө хичээж ажиллах болно гэжээ.
10 цагт, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярын ёслолын арга хэмжээ эхэлж, Ши Жиньпин чухал илтгэл тавьсан юм.
Ши Жиньпин хайрцаглан жагссан явган 15, зэвсэгт 32 хүндэт харуулын өмнүүр явж, ёслолын парадыг хүлээн авлаа.
Төрийн далбааг хамгаалах агаарын цэргийн баг парадын нислэгийг эхлүүлж, ХКН-ын далбаа, БНХАУ-ын далбаа, Хятадын АЧА-ийн далбааг гурван нисдэг тэрэг тус бүр мандуулж, бусад нисдэг тэрэгтэй эгнээ бүрдүүлэн Тянь-Аньмэнийн талбайн дээгүүр нисэж өнгөрлөө. Хайрцаглан жагссан цэргүүд нам, төр, цэргийн далбааг өндөрт өргөж, Чан-Анийн өргөн чөлөөгөөр алхан орж ирсэн юм. Бусад баг Тянь Аньмэнийн талбайн хажуугаар ээлж дараалан өнгөрч, эх орон, ард түмэндээ цэрэг армийн сүр жавхааг харууллаа. Зэвсэг техникийн багууд хуурай зам, тэнгис, агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах, мэдээллийн дайн, хүнгүй байлдах, арын алба, стратегийн цохилт өгөх зэрэг 7 хэсэгт хуваагдаж, хамтарсан байлдааны ёсоор эгнээ бүрдүүлэн цог жавхлантай орж ирсэн юм.
Агаарын армийн 11 хэсэг холоос нисэн ирж, ойрхон зайгаар эмх цэгцтэй нисэн өнгөрөв. Сургалтын нисэх онгоцны баг 7 өнгийн утаагаар зам татуулан, Бүгд найрамдах улсын ойд баяр хүргэлээ.
"Хятад улсын мөрөөдлийг сэтгэл нэгдэн биелүүлье" сэдвээр 100 мянган хүн, цэцгээр чимэглэсэн 70 машин, 36 жагсаал өнгөрч, ХКН бүх Хятадын нийт үндэстнүүдийн ард түмнийг эв нэгтэй удирдан дагуулж, хөл дээрээ босож зогсон, чинээлэг хүчирхэг болгож буй аугаа их үйл явцыг харуулан, ХКН, эх орондоо үнэнч хайраа илэрхийллээ.
Ард олны ёслолын жагсаалын хамгийн сүүлд “Эх орон үүрд мандтугай” хэмээх ёслолын жагсаал Тянь-Аньмэнийн талбайн хажуугаар алхан өнгөрч, эх орондоо сайн сайхныг хүсэн ерөөсөн юм.
Энх тайвны 70 мянган тагтаа хөөрөн нисэж, 70 мянган бөмбөлөг агаарт дэгдэн, БНХАУ-ын 70 жилийн ойд баяр хүргэж, Хятад улс болон дэлхий дахины ирээдүй улам сайн сайхан болохыг хүсэн ерөөлөө.
70 жилийн ойн баярын хурал 12 цаг 40 минутад бүрэн дүүрэн өндөрлөсөн юм.