МУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг ХТРТ-д ярилцлага өгөв

2020-03-06 17:16:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тусгайлан БНХАУ-д айлчилж, 30 мянган хонийг хандивласан. Элчин сайд Та энэ удаагийн Ерөнхийлөгчийн айлчлалын ач холбогдол, үр дүнгийн талаар танилцуулна уу?

Юун түрүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д хийсэн энэ удаагийн айлчлал нь Хятад Улсад шинэ коронавирусын халдварт өвчин гарснаас хойш анхны гадаад улсын төрийн тэргүүний хийсэн айлчлал байсан гэдгийг онцлон хэлмээр байна. Монгол, Хятад хоёр улс нь мөнхийн хөрш билээ. "Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг" гэсэн монгол ардын зүйр цэцэн үг бий. Нүүдэлчин ард түмний хувьд хөрш гэдэг эртнээс чухал ойлголт байсаар ирсэн бөгөөд өдгөө ч хөрш орнуудтайгаа харилцах харилцаа нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм. БНХАУ-д шинэ төрлийн коронавирусын халдварт өвчин дэгдэж, хүнд нөхцөл байдалтай байгаа үед Монголын төр, засаг, ард түмэн дэмжиж буйг илэрхийлж, сайхан сэтгэлийн тус дэмийг өгсөн нь чухал ач холбогдолтой болсон. Нөгөөтэйгүүр олон улс, бүс нутгийн түвшинд Монгол Улс БНХАУ-ыг шинэ коронавирусын халдварт өвчнийг ялан дийлнэ гэдэгт итгэж буй дуу хоолойг өргөсөн үйл хэрэг болсон.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көчян бараалхсан бөгөөд эдгээр уулзалтаар шинэ коронавирусын халдварт өвчинтэй хамтран тэмцэх болон хоёр улсын харилцаа, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцсон. Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлалын гол үр дүн нь хоёр улсын удирдлага, ард түмний харилцан итгэлцэл, ойлголцлыг шат ахиулж, харилцан нэгнээ дэмжиж, туслах мөнхийн хөршүүд гэдгийг олон улсад харуулсан бөгөөд Монгол Улс, БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хоёр талын хамтын ажиллагааг хурдацтай хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн явдал юм.

БНХАУ-ын интернет хэрэглэгчид, ард түмэн энэ удаагийн айлчлалыг эерэгээр дүгнэж, сайшааж байгаа мэдээллийг миний бие харсан. Монголын ард түмэн мөн Ерөнхийлөгчийн айлчлалыг эерэгээр дүгнэж, сайхан сэтгэгдэл, мэдээллийг интернет сүлжээнд түгээж байна. Энэ нь харилцааны өнөөгийн байдал, саяхан болж өнгөрсөн айлчлалд өгч байгаа дүн гэж ойлгож байна. Бидэнд маш их урам зориг өгч байна. Шинэ коронавирустэй тэмцэх үйлсэд Монгол Улс Та бүхэнтэй хамтдаа гэдгийг энэ дашрамд хэлье.

Хятад улс шинэ коронавирустэй тэмцэх чиглэлээр гаргасан хүчин чармайлтыг Элчин сайд Та хэрхэн дүгнэж байна вэ?

БНХАУ дэлхий нийтэд тулгараад буй аюулт вирусыг таслан зогсоохоор тууштай арга хэмжээ авч ажиллаж байна. Анх вирус илэрсэн цагаас эхэлж, БНХАУ Ши Жиньпин даргын нэгдсэн удирдлага, зохион байгуулалт дор, НТХ болон Төрийн Зөвлөлд шинэ коронавирустэй тэмцэх ажлын хэсгийг байгуулж, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянаар ахлуулан улс орон даяар бүх шатны байгууллага, ард түмний эв нэгдлийг бэхжүүлэн, тууштай, шийдэмгий арга хэмжээг түргэн шуурхай, зохион байгуулалттай хэрэгжүүлсэн. Сүүлийн 10 гаруй хоногт Хятад Улсад вирусын халдвар авсан иргэдийн тоо буурч, эдгэрсэн иргэдийн тоо улам бүр нэмэгдэж байгаа нь Хятадын, төр засгаас урьдчилан сэргийлэх ажлыг түргэн шуурхай, оновчтой зохион байгуулж чадсаны үр дүн гэж үзэж байна. Хятадын төр, засгийн ололт амжилтыг бид өндөрөөр үнэлж, мөн итгэл хүлээлгэж байна.

Ши Жиньпин даргын удирдлага дор, Хятадын төр, засаг энэхүү аюулт вирусээс удахгүй ангижирч чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна. БНХАУ нь дэлхийн нийтийн өмнө том гүрний үүрэг хариуцлага хүлээж, ДЭМБ-тай нягт хамтран ажиллаж, олон улсад нээлттэй, ил тод байдлаар вирусын халдварт хатгалгааны нөхцөл байдлын талаарх мэдээллээ хуваалцаж, мөн бусад вирусын тархалт хурдацтай явагдаж байгаа улс оронд өөрсдийн хуримтлуулсан туршлага, эрүүл мэндийн чиглэлийн техник хэрэгслээр дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллаж байгаа нь олон улсын талархалыг хүлээж байна.

Дэлхий нийтийн эрүүл мэндийг хамгаалах их үйлст Монгол Улс хэзээд идэвхи, зүтгэлтэй оролцож ирсэн. Бид вирусээс урьдчилан сэргийлэх боломжтой арга хэмжээг тухай бүрт авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ, аюулт өвчинтэй ширүүн тэмцэл өрнүүлж буй өнө мөнхийн хөршдөө чин сэтгэлийн дэмжлэгийг үзүүлэхээр улс орон даяар “Мөнхийн хөрш - сэтгэлийн дэмжлэг” үзүүлэх аянг өрнүүлж, төрийн албан хаагч, хувийн хэвшил болон хувь хүн бүр өөрсдийн хувь нэмрийг оруулж, хөрш орны ард иргэддээ тусламжийн гараа сунгаж байна.

БНХАУ-ын зүгээс вирусын халдварын тархалтаас авч хэрэгжүүлж буй үр дүнтэй арга хэмжээ, эмчилгээний аргачлалаас туршлага судлаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч саяхан хийсэн айлчлалын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хэлэлцээ хийх үедээ энэ асуудлаар санал солилцож, шинэ төрлийн корона вирусыг таслан зогсоох их үйлст хамтран ажиллахад бэлэн байгаагаа талууд илэрхийлсэн.

Та Хятадын эдийн засгийг хэрхэн харж байна вэ? Цаашид хоёр улсын худалдааг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Шинэ төрлийн коронавирусын халдварт өвчний тархалт Хятадын эдийн засагт тодорхой хохирол учруулж, нийгэм, эдийн засгийн хөгжилийн өсөлт төлөвлөгдсөн хэмжээнд хүрэхгүй нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Гэвч миний хувийн бодлоор тийм ч ноцтой хэмжээнд хүрэхгүй гэж үзэж байна. Учир нь БНХАУ-ын Засгийн газраас халдварт өвчний тархалтыг зогсоох, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг аль болох хурдан хугацаанд хэвийн байдалд нь эргэж оруулах, хүндрэл бэрхшээлийг бага хохиролтойгоор даван туулахын төлөө ихээхэн хүчин чармайлт гаргаж, тодорхой үр дүнд хүрч байгааг бид харж байна.

Өвчнийг даран устгахад манай улсын зүгээс бүхий л боломжоороо дэмжиж туслахыг хүсч байна. Монгол Улс, БНХАУ нь олон мянган км нутаг дэвсгэрээрээ шууд холбогдсон хөрш орны учраас олон зүйлээрээ харилцан хамааралтай гэж хэлж болно. Хоёр орны хоорондын худалдааны хэмжээ, иргэдийн харилцан зорчих урсгал, түүхий эд, бараа бүтээгдэхүүний харилцан нийлүүлэлт зэргээс үүнийг харж болно. БНХАУ-ын их бүтээн байгуулалтын нэг гол бүтээгдэхүүн ган, төмрийн үйлдвэрлэлийн түүхий эд болох коксжих нүүрсний импортын 45 орчим хувийг Монгол Улс хангаж байна. Монгол Улсын ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний талаас илүү хувийг БНХАУ-аас импортлодог. Зөвхөн энэ 2 тоо хоёр талын хоорондын харилцан нөхөх, харилцан хамаарах байдлыг бүрэн илтгэнэ.

Хоёр улсын Засгийн газраас 2020 онд хоёр талын хоорондын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан талаар би танилцуулсан. 2019 онд хоёр талын худалдааны хэмжээ 8.85 тэрбум ам.долларт хүрсэн нь 2009 онтой буюу 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 4.5 дахин өссөн байна. Цаашид ч энэ худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломж бидэнд их байна. Худалдааны хэмжээг нэмэгдүүлэх нэг гол нөхцөл нь дэд бүтцээр харилцан холбогдох байдлыг сайжруулах явдал гэж бид үздэг. Тээвэрлэлтийг хурдан шуурхай болгох, боомтуудын нэвтрэх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн төсөл арга хэмжээг олноор авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж бодож байна.

"Бүс ба зам" санаачлагын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ОХУ, Монгол Улс, БНХАУ-ыг холбосон эдийн засгийн коридор байгуулах төсөл нь бидний төлөвлөсөн зорилт, гурван талын ашиг сонирхолтой бүрэн нийцэж байгаа гэж бодож байна. Эдийн засгийн коридор байгуулах бүтээн байгуулалтыг урагшлуулахын тулд 3 тал хамтраад тодорхой төслүүдийг тохирч, тэдгээрийн ТЭЗҮ-ийг хамтран боловсруулахаас эхлэх ёстой гэж үзэж байна. Манай талаас төмөр замын төв коридорыг шинэчлэх, өндөр хурдны авто зам тавих, эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдох, байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дайруулан тавихад таатай нөхцөл олгох зэрэг тодорхой саналуудыг дэвшүүлээд байгаа. Одоо зөвхөн бодит ажил хэрэг болгох чиглэлээр талуудын хооронд хамтарсан ажлын хэсэг, судалгааны багийг бүрдүүлж ажлыг эхлүүлэх л үлдээд байна.

Ярилцсан нь: Н.Пүрэвжав

Зураглаач: Мөнхгэрэл

Их уншсан

холбоотой мэдээ