Хятадын хэрэглээний зах хүчирхэг том уян хатан чанараа харуулсаар байна

2020-03-19 14:22:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2019 онд, Хятадын улс ардын аж ахуйд оруулсан хэрэглээний хувь нэмэр 57.8%-д хүрч, зургаан жил дараалан Хятадын эдийн засгийн эрчийг нэмэгдүүлэх тэргүүн чухал хөшүүргэ болов. Худалдааны Яамны холбогдох хариуцлагатан хэлэхдээ: Шинэ төрлийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдвар нь богино хугацаанд Хятадын хэрэглээний зах зээлд нэлээд ихээр нөлөөлөх болно, гэвч үндэсний хэмжээнд болон орон нутагт хэрэглээг ахиулах, нөөц хүчнийг чөлөөлөх зэрэг цуврал бодлого хэрэгжүүлэн, аажмаар үр ашигтай болсноор, Хятадын хэрэглээний урт хугацааны тогтвортой байдал болон үргэлжлэн сайжрах хөгжлийн байдлыг халдвар өөрчилж чадахгүй юм гэжээ.

3-р сарын 18-ны үдээс хойш хийлгэсэн Төрийн Зөвлөлийн сэргийлэлт хамгаалалтын нэгдсэн механизмын хэвлэлийн бага хурал дээр, Худалдааны Яамны Зах зээлийн эргэлт болон хэрэглээг ахиулах газрын дэд дарга Ван Бинь хэлэхдээ: Хэдийгээр шинэ төрлийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдвар дэлгэрсний дараа, оршин суугчид бараг гадагш гараагүйн улмаас хэрэглээний зах зээл нэлээд их цохилтод өртсөн хэдий ч Хятадын хэрэглээний зах уян хатан чанар, идэвх хүчин болон өсөлтийн шинэ байдлаа харуулсаар байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ: "Халдвар гарсны дараа амьдралд шаардлагатай бүтээгдэхүүний хэрэглээ тогтвортой нэмэгдэж, гуанз ресторан хоолоо захиалгаар хүргэх болж, гадна хооллохын оронд гэртээ хоол хийх болсноор, 1-2-р сард хүнсний бүтээгдэхүүний борлуулалт өнгөрсөн жилийн мөн үеэс 9.7%-иар нэмэгдэв. Шинэ хэлбэрийн хэрэглээ болон чанартай хэрэглээ тасралтгүй өргөжиж, онлайн захиалгаар хүргэж борлуулах зэрэг хэрэглээний шинэ загвар, шинэ арга барил хурдтай хөгжив. Ухаалаг шийдэл, зайнаас ажиллах, "интернэт+эмчилгээ+эмийн сан" зэргээр нөхцөл байдлыг сөрөн хөгжиж, мэдээллийн хэрэглээ, хамгаалалтын бүтээгдэхүүн, эрүүл хамгаалалын бүтээгдэхүүн зэргийн хэрэглээ илт өссөн байна” гэжээ.

Ван Бинь хэлэхдээ: Сүүлийн үед халдварын сэргийлэлт хамгаалалтын байдал илт сайжирснаар, аж ахуйн нэгж үйлдвэрлэл эрхлэлтээ хурдтай сэргээж, зах зээлийн борлуулалт тогтвортой сэргэн сайжирсан байна. Бүх Хятадын хэмжээн дэх хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний томоохон бөөний зах, супермаркет, брэндийн сүлжээ дэлгүүр, цахим худалдаа болон буухиа шуудан зэргийн ажил эрхлэлтээ эхлүүлсэн хэмжээ бүгд 90 хувиас давсан байна. Бүх Хятадын амьдралын шаардлагатай бүтээгдэхүүний зах зээлийн хангалт ханамжтай байж, үнэ тогтвортойгоор буурсан байна. Худалдааны яамнаас хянаж хэмжсэн гол гол жижиглэн борлуулалтын аж ахуйн нэгжийн 2-р сарын сүүлийн арав хоногийн өдөр тутмын дундаж борлуулалт 2-р сарын дунд арав хоногийнхоос 5.6%-иар нэмэгдэв. 3-р сарын эхний арав хоногт, өнгөрснөөс дараалан 0.5%-иар нэмэгдсэн байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ: "Ерөнхийдөө халдвар нь богино хугацаанд хэрэглээг нэлээд ихээр нөлөөлж, дунд хугацаанд аажмаар тогтворжих болно. Үндэсний хэмжээнд болон орон нутагт хэрэглээг ахиулах, нөөц хүчнийг чөлөөлөх зэрэг цуврал бодлого хэрэгжүүлэн, аажмаар үр ашигтай болсноор, хойшид хэрэглээ аажмаар сэргэх болно. Хятадын хэрэглээний урт хугацааны тогтвортой байдал болон үргэлжлэн сайжрах хөгжлийн байдлыг халдвар өөрчилж чадахгүй юм" гэжээ.

Сүүлийн үед дэлхий нийтэд халдвар авсан шинэ тохиолдол тасралтгүй нэмэгдэж, хилийн чанадаас халдвар тээж ирэх нь нэгэнт халдвараас сэргийлэн хянах ажлын гол эрсдэл болов. Соёл болон аялал жуулчлалын яамны үйлдвэрлэл хөгжлийн газрын дарга Гао Жэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Өнөө гадаадаас халдвар тээж ирэхээс хамгаалах нь нэгэнт Хятадын сэргийлэлт хяналтын хамгийн чухал ажил болов, Соёл, аялал жуулчлалын яам нь Төрийн Зөвлөлийн сэргийлэлт хяналтын нэгдсэн механизмын тушаалаар, бусад орон дахь шинэ төрлийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдварын байдлыг нягт анхаарч, онлайн аялал жуулчлалын индэр болон аялал жуулчлалын аж ахуйн нэгжтэй цаг тухайд нь харилцаж, тохиромжтой, шаардлагатай арга хэмжээ авч, халдвар хил дамнан тарахыг хориглож байна гэжээ.

Гао Жэн хэлэхдээ: "Хятадын жуулчид хилийн чанад дахь халдварын байдлыг цаг даруйд нь анхаарч, аюулгүйн хамгаалалтын ухамсраа үнэнхүү дээшлүүлж, гадаадад аялсны улмаас халдвар авах эрсдлийг бүрэн гүйцэд үнэлж, одоохондоо өндөр эрсдэлтэй орнуудаар аялахгүй байх хэрэгтэй" гэжээ.

Бүх Хятадын соёл үзэсгэлэнгийн байгууллага болон аялал жуулчлалын үзэмжит бүсийг нээн ажлуулсан байдлын талаар Гао Жэн танилцуулахдаа: 3-р сарын 15-ны байдлаар, Шаань Ши, Шанхай, Сьчуан зэрэг 19 муж, ӨЗО, шууд харъяа хотын 180 гаруй музей эхлэн ажилласан ба үүний дотор 1-р зэрэглэлийн музей 19 байгаа ажээ, олон газар интернэтээр захиалга авах, ерөнхий тоог хянах, цаг хэсэг хуваах, бүс тойрог хуваах зэрэг арга хэмжээ авч, хүн хар төвлөрөхийг багасгасан байна. 3-р сарын 16-ны байдлаар, бүх Хятадын 28 мужийн А зэрэглэлийн аялал жуулчлалын 3714 үзэмжит бүсийн 30 гаруй хувь нь ажил эрхлэлтээ сэргээв, үүнд голцуу уулархаг бүс, нээлттэй хэлбэрийн бүс болон хотын цэцэрлэг зэрэг багтаж байгаа бөгөөд ерөнхийдөө тэнцвэртэй тогтвортой байж, халдвар зэрэг хэвийн бус байдал гараагүй байна гэжээ.

Ганаа орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ