​Олон орон “тусгай онгоц”-оор Хятадаас маск тээвэрлэж байна

2020-04-15 20:40:35
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улс халдварт өвчнөөс сэргийлэх бараа бүтээгдэхүүн эрчимтэй үйлдвэрлэж эхэлснээс хойш, сүүлийн үед Бээжин, Шанхай, Гуанжөү зэрэг хотуудын олон улсын нисэх онгоцны буудалд олон орны “маск тээвэрлэх тусгай онгоц” шил шилээ даран газардах болжээ. Үүнд ачааны онгоцноос гадна, зорчигч тээврийн онгоцыг ачааны зориулалттай өөрчилсөн, цаашлаад цэргийн онгоцнууд ч байгаа ажээ.

Алжирын агаарын цэргийн Ил-76 тээврийн хоёр онгоц 3-ны орой Оросын Казань нисэх онгоцны буудлаас хөөрч, 4-нд Шанхайн Пүдүн олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Тус хоёр онгоцонд маск зэрэг халдвараас сэргийлэх их хэмжээний материалыг дүүрэн ачиж, тус өдрийн үдээс хойш Казань нисэх буудал руу буцжээ.

Оросын агаарын цэргийн Ил-76 тээврийн хоёр онгоц Оросын Новосибирск нисэх онгоцны буудлаас хөөрч, Пүдүн нисэх онгоцны буудалд газардан, маск зэрэг халдвараас сэргийлэх эд бодис ачиж, тухайн өдрийн үдээс хойш Оростоо буцав. Түүний дараа Оросоос илгээсэн агаарын цэргийн гуравдагч онгоц буюу Ан-124 онгоц 4-ний орой Пүдүн нисэх онгоцны буудалд газардаж, халдвараас сэргийлэх бараа бүтээгдэхүүнийг дүүрэн ачиж, 5-ны өглөө буцжээ.

5-ны өдрийн 11 цагт тээврийн зориулалтаар өөрчилсөн Боинг 767-300 зорчигч тээврийн онгоцонд Хятадаас худалдаж авсан гурван сая ширхэг маск зэрэг эмчилгээний хэрэгслийг дүүрэн ачиж, Шы Жяжуан нисэх онгоцны буудлаас Эстони улсын Таллин хот руу нисжээ.

8-нд халдвараас сэргийлэх эд бодис ачсан гадаадын цэргийн хоёр онгоц Хятадын Гуанжөү хотын Байюнь олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Иракийн цэргийн С-130 онгоц нь 7039 кг жинтэй 760 ширхэг ачаа тээвэрлэж, Кувейтийн цэргийн С-17 онгоц нь 31996 кг жинтэй 8182 ширхэг бараа ачсан байна. Тус хоёр онгоцонд ачсан барааны хувьд голдуу маск, амьсгалын аппарат гэх зэрэг эмнэлгийн хэрэгсэл байв.

Хятадын бараа тээврийн зориулалтаар ашигласан зорчигч тээврийн онгоц 8-ны орой Үхань хотын Тяньхэ нисэх онгоцны буудлаас Австралийн Мельбурн хот руу хөдөллөө. Уг онгоцонд 20 тонн ачаа тээвэрлэсэн бөгөөд голдуу маск, хамгаалалтын хувцас, нүдний шил, эмнэлгийн тоног төхөөрөмж зэрэг материалууд багтжээ. Хубэй муж бол Хятадын эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг томоохон бааз бөгөөд тус мужийн экспортын аж ахуйн нэгжүүд олон улс орноос их хэмжээний захиалга хүлээн авсан байна.

Орон нутгийн цагаар 14-ний өдрийн 10 цагт дэлхийн хамгийн том тээврийн онгоц Ан-225 Польшийн Варшавын олон улсын нисэх онгоцны буудалд газардсан нь Хятадаас худалдаж авсан эмнэлгийн болон халдвараас сэргийлэх бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэн болно. Тодруулбал 76 тонн хамгаалалтын хувцас, 11 тонн хамгаалалтын нүүрний маск, 9 тонн амны маск багтжээ. 250 тонны даацтай Ан-225 том оврын цэргийн тээврийн нисэх онгоц одоогоор зөвхөн Украинд нэг л байдаг юм байна.

Их уншсан

холбоотой мэдээ