​Хамтын ашиг сонирхлоо хамгаалахын төлөө нэгдэх ёстой

2020-08-17 21:37:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Помпео саяхан Чех, Словени, Австри, Польш зэрэг Европын дөрвөн оронд хийсэн айлчлалаа өндөрлүүлэв. Тэрбээр "улс төрийн вирус" -ийг хаашаа ч хамаагүй авч явдаг байсантайгаа адил, энэ удаагийн айлчлалаараа мөн л Хятадын эрх баригч намын талаар цуурхал тарааж, "Хятадын заналхийлэл" гэгддэгээ сурталчилж, Хятадтай тэмцэх хамсаатан татаж, шинэ хүйтэн дайны байдлыг бий болгох гэж оролдсон юм. Помпео худал үгэндээ найдаж, холбоотнуудаа айлган сүрдүүлж, түүхийн буруу талд зогсохыг хүсчээ. Тэр үнэхээр өөрийн хүч чадал, ухаан санаагаа хэт дээгүүр үнэлсэн хэрэг биш үү.

Помпеогийн аяллын чиглэлээс харахад үүнийг маш нарийн тооцоолсон гэдэг нь тодорхой байв. Одоогийн байдлаар АНУ болон Европын хоорондын ялгаа улам бүр гүнзгийрч байна. Хоёр тал цар тахлын эсрэг тэмцэх дэлхийн хамтын ажиллагаа, Ираны цөмийн хэлэлцээр зэрэг чиглэлээр маргаан тасрахгүй, зөрчилдөөн байсаар байна. Сүүлийн хэдэн сард Америкийн улс төрчид Европын холбоотнуудаас татаж, "Хятадын эсрэг холбоо" гэгчээ байгуулахыг оролдсоор боловч Герман, Франц зэрэг тус бүс нутгийн хүчирхэг гүрнүүд түүнд сонирхолгүй хүйтэн хандсан. Үүний улмаас Помпео энэ удаагийн Европын аяллынхаа үеэр илүү үгээр нь ордог гэж үзсэн зарим холбоотнуудаа сонгож, АНУ, Европ хоорондоо харилцан уялдаатай хэвээр байгаа гэсэн хуурмаг байдлыг хүмүүст үзүүлж, сонгуульд энэ засгийн газартаа "оноо нэмэх" зорилготой юм.

Нэмж дурдахад, Төв, Зүүн Европын орнууд худалдаа, 5G технологи, эрчим хүч зэрэг чиглэлээр Хятад улстай нягт хамтын ажиллагаатай байдгийг Помпео үзэн ядаж, эдгээр орнуудад цуурхал тарааж, Хятад улстай хамтран ажиллахыг нь хориглож, улмаар Хятад улсыг хязгаарлахыг оролдож байгаа юм. Мэдээжийн хэрэг, Помпеогийн нүдэнд холбоотон гэгддэг нь АНУ-ын ашиг сонирхолд үйлчилдэг талууд л төдий юм.

Гэхдээ АНУ-ын одоогийн засгийн газар хувийн ашиг сонирхлынхоо төлөө холбоотнуудаа байнга хохироож, ашиглаж байсан тул Европын орнууд үүнийг нэгэнт харсан бөгөөд "Америк юуны өмнө" үзэл баримтлалынх нь золиос болохыг хүсэхгүй байна. Энэ шалтгааны улмаас Помпео энэ удаагийн айлчлалын үеэр Хятад улсыг хэл амаа бартал муулсан боловч холбоотнууд нь "тоохгүй" байв.

Хятад улс болон Төв Зүүн Европын орнууд түүхнээсээ геополитикийн зөрчилдөөн байгаагүй. Өдгөө нөөц, технологи, зах зээл зэрэг талаар нягт хамтын ажиллагаа явуулж, өргөн цар хүрээнд хамтын ашиг сонирхолтой байдаг.

Дэлхийн эдийн засаг уналтад орж, худалдааны ивээх үзэл газар авч буй одоогийн нөхцөлд Төв ба Зүүн Европын аль ч улс орон нь Хятад шиг эдийн засаг, худалдааны найдвартай түншээ алдахыг хүсэхгүй юм.

Дээрээс нь Төв ба Зүүн Европын орнууд бол АНУ-Зөвлөлтийн Хүйтэн дайны хамгийн том хохирогч байсан гэдгийг Помпео мартах ёсгүй юм. Улс төрийн тогтолцооны эрс өөрчлөлт нь Төв ба Зүүн Европын олон оронд үймээн самуун, хуваагдал үүсгэж, хөгжлийн ноцтой ухралт авчирсан. Нутгийн ард түмэн тэр үеийн түүхээ санасаар байгаа бөгөөд шинэ хүйтэн дайн үүсэхийг яасан ч хүсэхгүй юм. Тэдэнд олон талт хамтын ажиллагаа л шаардагдаж байна.

"Хятад улс бол дайсагнагч биш харин түнш юм, заналхийлэл биш харин боломж юм." Энэ нь Европ, түүний дотор Төв ба Зүүн Европын орнуудын нийтлэг ойлголт болж байна. Помпео шиг улс төрчид өөрсдийнхөө хувийн ашиг сонирхлоос болж холбоотнуудаа хуурч мэхлэх зорилгоор худлаа яриаг давтаж, дэлхий даяар сөргөлдөөнийг өдөөж, хүйтэн дайныг дахин амилуулахыг оролдож байгаагаараа түүхэн нүгэлтнүүд болж байна. Олон улсын хамтын нийгэмлэг хамтран дэлхийн улс орнуудын хамтын ашиг сонирхлоо хамгаалахын төлөө нэгдэх ёстой.

Их уншсан

холбоотой мэдээ