​Израилийн аялал жуулчлал сэргэж байна

2020-08-18 23:05:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Израилийн өмнөд нутгийн алдартай аялал жуулчлалын хот Эйлат нь Улаан тэнгисийн хөвөөнд байдаг бөгөөд Египет, Иордантай хил залгаж байгаа юм. Энэ жилийн цар тахал Эйлатийн тулгуур үйлдвэрлэл болсон аялал жуулчлалд хамгийн ихээр нөлөөлж, ажилгүйдлийн түвшин бусад хоттой харьцуулахад хоёр дахин илүү болжээ. Сүүлийн үед Израильчууд янз бүрийн арилжааны хөл хорионы дэглэмийг аажмаар цуцалж, эдийн засгийн хөгжлөө дайчлахын хэрээр Эйлатын аялал жуулчлалын салбар ч сэргэж эхэллээ. Хятадын Төв Радио телевизээс Иерусалимд суугаа сэтгүүлч Сүнь Линли Эйлат хотоос мэдээлж байна.

Израилийн Аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын туршлагын удирдагч Пани Шани хэлэхдээ, Эйлатын нийт ажлын байрны 80 хувь нь аялал жуулчлалтай холбоотой бөгөөд Израйль 5-р сарын сүүлээр хөл хорионы дэглэмээ цуцалж, засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих олон бодлогыг боловсруулжээ. Тухайлбал хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, дэд бүтцийн байгууламжийг засварлан сэргээсэн, баяр наадмын арга хэмжээнүүдийг зохион байгуулж жуулчдыг татаж байгаа юм. 7-р сарын сүүлчээр зочид буудалд ажилладаг Иорданийн олон ажилтан Эйлат руу буцаж ирээд 14 хоног тусгаарлагдсаны дараа хэвийн ажилдаа орлоо гэжээ. Одоо түүний яриаг үргэлжлүүлэн сонсгоё:"5-р сарын сүүлчээс бид Эйлат зочид буудлуудад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх журмыг дагаж мөрдөхийн зэрэгцээ зочид хүлээн авах зөвшөөрөл өгсөн юм. Израильчууд Эйлат руу аялдагт нь бид маш их баяртай байна. Эйлатын одоогийн ажилгүйдлийн түвшин мөн 30% хэвээр байна. Бусад хотуудад ажилгүйдлийн түвшин 20 хувьтай байгаа, ерөнхийдөө Эйлат хүнд байдалд байгаа. Энэ хот хамгийн өмнө зүгт байрладаг тул хүмүүсийн ажлын байрны сонголт хязгаарлагдмал байдаг. Хэрэв хотын оршин суугчид ажилгүйдэх юм бол бусад хотод авто машинаар очиж ажиллах боломжгүй. Эдийн засгийг сэргээхийн тулд бид олон байгууламжид хөрөнгө оруулалт хийсэн, цар тахлын хүнд цохилтод автсан Эйлатыг сэргээх чиглэлээр засгийн газар дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн. "

Эйлатын Прима Мюзик зочид буудлын менежер Томер Азоулай хэлэхдээ, Эйлатын аялал жуулчлалын оргил үе нь өвөл бөгөөд өмнө нь Орос, Европын орнуудаас зочид нэлээд их ирдэг байсан, энэ жил цар тахлын улмаас зочид бүгд л Израилийн дотоодынх, дээрээс нь халдварын эхний үед хоёр сарын хугацаатай хөл хорионы дэглэм тогтоосон учраас зочид буудлын энэ жилийн орлого өмнөх жилүүдээс 25% -аар буурах төлөвтэй байна гэж байлаа:"Одоохондоо нислэг сэргээгүй учраас гаднын жуулчид байхгүй. Гэхдээ манай буудалд бууж байгаа нийт зочдын хэмжээ өмнөх жилийнхтэй ижил байна. Өнгөрсөн жилүүдэд израильчууд зуны амралтаараа гадаадад амрахаар явдаг байсан бол одоо бүгд Эйлат руу амрахаар ирж байна. Өнөөгийн нөхцөл байдлаас болоод олон зочид хэдэн сараар гэрээсээ гараагүй байсан, манай зочид буудлын үнэ, мөн тэгээд олон юмны үнийг бууруулсан. Зоогийн газар маань одоо ч гэсэн зочид нэгэн зэрэг хооллохыг зөвшөөрдөггүй, Хүмүүсийн тоог хязгаарладаг. Хэдийгээр өнгөрсөн жилүүдийн зун шиг биш ч гэсэн энэ жилийн хувьд хамаагүй дээр боллоо. "

Эйлат дахь аквариумд Улаан тэнгисийн өвөрмөц далайн амьтад байдаг тул жил бүрийн зуны амралтаар олон хүүхдүүд зочлон үзэж сонирхдог. Аквариумын захирал Авив Леви хэлэхдээ, өнгөрсөн жилүүдэд зуны амралт болгонд аквариум зочдоор дүүрэн байдаг, энэ жил бүр цөөхөн байна. " гэжээ.“Цар тахлын эхний үед бид буудлаа 3 сар хаасан. Одоо ажлаа эхлүүлсэн боловч олон хязгаарлалтай байгаа. Тухайлбал нэг удаад хамгийн илүүдээ хэдий хүнийг оруулах гэх зэргийн хязгаартай, жуулчид ноднингоос бүр цөөн байна. Хагасын хагас л гэх үү дэ, энэ жил нислэг болон аялал жуулчлалын талаар бүгд хязгаарлаж байна. 8-р сард Израильчууд Эйлатад ихэвчлэн ирдэг, 8-р сарын дараа жуулчид бүр цөөхөн болно. Израилийн хүүхдүүдийн сургууль эхэлж, насанд хүрэгчид ажиллах учраас Эйлатад аялах жуулчид тийм ч олон биш болно. Зочид олон ирээсэй гэж бид хүсэн найдаж байгаа, гэхдээ тийм ч өөдрөг бодохгүй байна. "

Эйлатын алдартай мөсөн худалдааны төв нь өвөрмөц чанараараа олон хэрэглэгчдийн анхаарлыг татдаг. Дэлгүүр, ресторанаас гадна худалдааны төвд мөсөн гулгуур, агаарын дүүжин тэрэг гэх мэт спорт, зугаа цэнгэлийн газруудтай. Маркетингийн менежер Шири Замзелиг хэлэхдээ, цар тахлын улмаас худалдааны төв маань хэдэн сарын турш хаагдаад одоо дөнгөж ажлаа сэргээж байна. Хүмүүс харин их ирдэг боллоо гэж байлаа:"Израиль 5-р сарын 10-наас эхлэн дэлгүүрүүдээ нээхийг зөвшөөрсөн. Бид Эрүүл Мэндийн Яамны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Жишээлбэл одоо дэлгүүрийнхээ үүдэнд биеийн температурыг шалгаж, үйлчлүүлэгч бүр амны хаалт зүүхийг шаарддаг. Үүгээр зогсохгүй дэлгүүрийнхээ талбайг үндэслэн зорчих хүний тоог хязгаарладаг. Бид ашиглаж байгаа бүх газартаа ариутлаг халдваргүйжүүлэлт хийж байна. Цар тахлыг бүрэн таслан зогсоож чадаагүй боловч олон хэрэглэгчид энд ирж байна. Бид аюулгүй байдлыг хангахын төлөө хичээн ажиллаж байна. "

Их уншсан

холбоотой мэдээ