Цар тахлын эсрэг аргачлалын шинийг санаачлах хэрэгтэй

2020-09-29 20:12:20
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 9-р сарын 25-нд, Женев дэх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төв байранд Ковид-19 цар тахалтай холбоотой хэвлэлийн бага хурал болсон юм. Хурлын үеэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд халдварын өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, цаашид улам сайн арга хэмжээ авахыг уриалсан байна.

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом хэлэхдээ, дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст ханиад томуугийн улирал дөхөж байгаа болохоор зарим улс орнуудад Ковид-19-ийн халдвар авах болон нас барсан тохиолдол нэмэгдэж байна. КОВИД-19-ийн халдварын тохиолдлын 70 орчим хувь нь арван оронд төвлөрч байна. Улс орнууд цар тахлын эсрэг тэмцлийг тэргүүн байранд авч үзэх дөрвөн үндсэн ажилд илүү анхаарлаа хандуулахыг уриалж байна гэжээ.

"Цар тахал улам даамжрахаас урьдчилан сэргийлэх. Эмзэг бүлгийг хамгаалах. Бүс нутгийн иргэд олонд өөрсдийгөө болон бусдыг хамгаалах төрөл бүрийн багаж хэрэгсэл ашиглах зөвшөөрөл олгох. Халдварыг олж илрүүлэх, тусгаарлах, хяналт шинжилгээ хийх, эмчлэх болон ойр хавьталтай хүмүүсийг сайтар шалгаж, тусгаарлах зэрэг дөрвөн үндсэн ажлыг сайтар хийх хэрэгтэй. Энэ бол одоогоор олдоод байгаа цорын ганц зөв шийдэл мөн. "

Халдварын нөлөөгөөр дэлхийн эдийн засаг энэ онд бараг 7 их наяд ам доллараар хумигдах тооцоо гарч байгаа бөгөөд улс орнууд дотоодын эдийн засгаа сэргээхийн тулд асар их хөрөнгө мөнгө зарцуулсан боловч энэ нь эрүүл мэндийн тогтолцооны доголдол, бүр цаашлаад дампуурлыг зохицуулж чадахгүй болохоор эрсдэл, тодорхойгүй хүчин зүйл нэмэгдсээр байна. Вакцин, оношилгооны хэрэгсэл, эмчилгээний арга барил нь цар тахлыг дарах, дэлхийн эдийн засгийг сэргээхэд зангилаа үүрэгтэй боловч энэ бүхнийг улс орны хүн нэг бүрд, ялангуяа эмзэг бүлгийн хүмүүст бүгдэд нь хүртээсэн нөхцөлд л үр дүнгээ өгнө гэдгийг Тедрос онцоллоо.

"Цар тахлын эсрэг вакцин, эмчилгээний арга болон тоног төхөөрөмжийн судалгаагаа түргэсгэх нь хамгийн зөв сонголт юм. Хэрэв энэ талаар улс орнууд сайтар хамтран ажиллах юм бол бид улам олон хүний алтан амийг аварч чадахын зэрэгцээ аль болох шударга, өргөн хүрээнд ашиглах боломжтой болно. ДЭМБ болон хамтын ажиллагааны түншүүд Ковид-19 цар тахалтай тэмцэх “хурдасгуур”-ыг олж авахын тулд стратегийн яаралтай төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах болно.”

2021 оны эцэс гэхэд " Ковид-19 цар тахлын эсрэг үр дүнтэй аргыг олох зорилгоор олон улсад 2 тэрбум ширхэг вакцин хангаж, бага дунд орлоготой орнуудад тахлын эсрэг 500 сая багаж хэрэгсэл, эмчилгээний 245 сая ширхэг эм бэлдмэлээр хангана гэж Тедрос дахин нотолсон байна. Тайлангаас харахад, сүүлийн тавхан сарын хугацаанд "Ковид-19 цар тахлын эсрэг хурдасгуур олж авах" ажил томоохон ахиц дэвшил гаргасан аж.

ДЭМБ-ын Ерөнхий захирлын ахлах зөвлөх Брюс Айлвард хэлэхдээ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага вакцин хуваарлаж ашиглах төлөвлөгөөнд Хятад улстай хамтран ажиллах талаар зөвшилцөж байна гэв.

"Бид Хятад улстай зөвшилцөж байна. Коронавирусийн вакцин ханган нийлүүлэх хамгийн боломжтой орны нэг болсон Хятад улсад өнөө 4 вакцин клиникийн 3 дахь үе шатанд явж байгаа болохоор Хятад улс вакцин ханган нийлүүлэх талаар онцгой үүрэг гүйцэтгэж чадна хэмээн үзэж байна."

Сүүлийн үед, Европын орнуудад халдвар дахин дэгдэх хандлага гарсантай холбогдуулан ДЭМБ-ын яаралтай тусламжийн төслийн менежер Мариа Ван Кохофф хэлэхдээ, Европын орнуудыг нэгэн адилаар авч үнэлж болохгүй, улс орнуудын авч буй арга хэмжээ адилгүй байж, халдвар авсан хүмүүсийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх түвшин ч дор байна гэжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ