Иордан, АНЭУ-д КОВИД-19-ийн халдварын тохиолдол ихээр нэмэгдэв

2020-10-01 20:53:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Дундад дорнодын бүсийн Иордан, Арабын Нэгдсэн Эмирт Улсад 9-р сарын 30-нд шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний тоо хамгийн ихээр нэмэгдсэн нэг өдөр болсон бол халдварыг үр ашигтай тогтоон барихын тулд Турк улс нийтийн автобусаар зорчихдоо холбогдох тогтоол дүрмийг зөрчсөн хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж, Ирак тахлын нөхцөл байдлыг үндэслэн бүрмөсөн хөл хорио тогтоохоор төлөвлөж байгаа юм байна.

Иордан улсад 30-ны өдөр шинээр 1776 хүн халдвар авч, цар тахал дэгдсэнээс хойш хамгийн олон хүн халдвар авсан нэг өдөр болсон бөгөөд мөн ч ганц өдөрт халдвар авсан хүний тоо мянгыг давж байгаа болно. Тэгвэл тус оронд нийтдээ 11 мянга 825 хүн халдвар авч, 4626 хүнийг эмчлэн эдгэрүүлэн, 61 хүн нас бараад байна. Тахлын байдал хүндрэхийн хирээр сэргийлэлтээ чангатгаж, холбогдох дүрэм тогтоолыг ягштал мөрдөн, олон нийтийн газарт амны хаалт зүүн, аюулгүйн зай барихыг засгийн газар нь иргэд олондоо хандан уриалжээ.

30-ны өдөр АНЭУ-ын Эрүүл мэнд болон өвчин хижгээс урьдчилан сэргийлэх яамны нийтэлсэн тоо баримтын дагуу, мөн өдөр тус оронд 105 мянга 615 хүн шинжилгээ өгч, 1100 халдварын тохиолдол оношлогдсоноор нийт халдвар авсан хүний тоо нь 94 мянга 190 болон нэмэгджээ.

Туркийн Эрүүл мэндийн яамны 30-нд нийтэлсэн мэдээнд, өнгөрсөн 24 цагт давхацсан тоогоор 112 мянга 98 хүн шинжилгээ хийж, 1391 халдварын тохиолдлыг оношилсон бол нийт халдвар авсан хүний тоо 318 мянга 663 болж, 65 хүн халдварын улмаас нас барж, нийт нас барагсдын тоо 9195 болсон байна гэжээ. Тэгвэл тус орны Дотоод хэргийн яам мөн өдөр захиргааны шинэ тушаал гаргаж, эрүүл мэндийн кодоо уншуулсан хүн л олон нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, зочид буудлаар үйлчлүүлж болно, зочид буудлууд хэрвээ эрүүл мэндийн код уншуулах тогтоолыг мөрдөхгүй бол үйл ажиллагааг нь 10 хоног зогсоох болно. Бие нь бүрмөсөн эдгэрээгүй болон тусгаарлалтад байгаа хүмүүс юм уу эсвэл ойрын хавьталтай хүмүүс олон нийтийн унаагаар зорчиж болохгүй, хэрвээ тогтоолыг зөрчвөл эрүүгийн хэрэг үүсгэх болно гэжээ.

Ирак улсад 30-ны өдөр 4691 халдварын тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 362 мянга 981 болж, 59 хүн нас барж, нийт нас барагсдын тоо 9181 болсон бол Израильд мөн өдөр шинэ тохиолдол 8568 бүртгэгдэн, халдвар авсан нийт хүний тоо 245 мянга 494 болж, 41 хүн нас баран, нийт нас барагсдын тоо 1569 болжээ. Катарт 30-нд 227 халдварын тохиолд оношлогдож, нийт халдвар авагсдын тоо 125 мянга 760 болжээ. Түүнчлэн Саудын Араб, Ливи, Палестин, Сири, Кувейт, Марокко, Ливан, Иран, Бахрейн зэрэг дундад дорнодын бусад орнуудад ч 30-ны өдөр халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж, уг бүс нутагт тахлын байдал хүндрэх төлөвтэй болоод байна.

Их уншсан

холбоотой мэдээ