XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулган нээгдэв
Их гүрнүүдтэй яриа хэлцэл, хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ
5-нд, БНХАУ-ын ерөнхий сайд Ли Кэчян засгийн газрын ажлын тайландаа: 2019 онд Хятад улс энх тайванч хөгжлийн замналаа тууштай баримтлан, харилцан ашигтай, хамтдаа ашиг олох нээлттэй стратегийг хэрэгжүүлж, олон талт үзэл, НҮБ-ын дүрмээр гол болгосон олон улсын системийг тууштай хамгаална. Дэлхийн засаглалын системийн өөрчлөлтөд идэвхтэй оролцон, дэлхийн нээлттэй эдийн засгийг тууштай хамгаалж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг ахиулна. Их гүрнүүдтэй яриа хэлцэл, хамтын ажиллагааны зохицуулалтаа эрчимжүүлж, эргэн тойрны орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлэн, хөгжиж буй орнууд хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөтгөнө. Дэлхийн шинжтэй сорилт, бүс нутгийн халуун цэгийн асуудлуудыг зүй зохистой зохицуулахад Хятадын улам олон бүтээлч төслийг нэмэрлэх болно гэжээ.
Хонконг, Макаотай хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ
5-нд хэлэлцүүлэхээр дэвшүүлсэн Засгийн газрын ажлын тайланд: Хятадын төв засгийн газар "Нэг улс хоёр систем", "Хонкончууд Хонконгоо удирдах", "Макаочууд Макаогоо удирдах", дээд хэмжээгээр өөртөө засах чиг шугамыг бүх талаар тууштай хэрэгжүүлж, үндсэн хууль ба тулгуур хуулийн дагуу үйл ажиллагаа явуулна. Хонконг, Макаогийн онцгой бүс Нэг бүс нэг замыг хамтдаа байгуулах, Гуандун, Хонконг, Макаогийн буланг байгуулах боломжийг ашиглан, Хятадын эх газартай харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлэхийг дэмжинэ гэжээ.
Тайланд мөн Хятадын эх газрын Тайваньд хэрэгжүүлэх бодлогыг дахин нотолж, Тайванийн хоолойн хоёр эрэг уялдаатай хөгжихийг гүнзгийрүүлж, хоёр эргийн эдийн засаг, соёлын солилцоо, хамтын ажиллагааг үргэлжлүүлэн өргөжүүлэхийг дахин нотоллоо.
Худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгохын төлөө ажиллана
5-нд Хятадын засгийн газар ажлын тайландаа: Хятад улс энэ жил хамт зөвлөж, хамтран байгуулж, хамтдаа ашиг хүртэх зарчмаа баримтлан, олон улсын үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, гуравдагч зах зээлийн хамтын ажиллагааг хөгжүүлэн, "Нэг бүс нэг зам"-ыг хамтдаа байгуулах ажлыг ахиулан, "Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны II дээд хэмжээний чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулна. Хятад улс эдийн засгийн даяаршил, чөлөөт худалдааг гуйвшгүй хамгаалж, ДХБ-ын өөрчлөлтөд идэвхтэй оролцон, бүс нутгийн эдийн засгийн түншийн харилцааны иж бүрэн гэрээ, БНХАУ, Япон, БНСУ-ын чөлөөт худалдааны бүс, БНХАУ, Европын хөрөнгө оруулалтын хэлэлцээр, БНХАУ, АНУ-ын худалдааны хэлэлцээг үргэлжлэн ахиулна. Хятад улс цаашид эрх тэгш, зөвшилцлийн журмаар худалдааны маргаанаа шийдвэрлэхийг эрхэмлэн, амлалтаа биелүүлэхийн төлөө хичээн ажиллаж, хууль ёсны эрх ашгаа тууштай хамгаална гэжээ.
Гадаадын хөрөнгө оруулалтыг татна
Ли Кэчян тайландаа: 2019 онд Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтыг татах эрч хүчээ нэмж, зах зээлд нэвтрэх боломжийг чөлөөтэй болгоно. Мөн гадаадын хөрөнгө оруулалтын сөрөг жагсаалыг хумин, илүү олон салбарт гадаадын дангаар хөрөнгө оруулан аж ахуйн нэгж эрхлэхийг зөвшөөрч, банк санхүү зэрэг салбарт шинэчлэл хийх арга хэмжээ авч, векселийн зах зээлийн нээлттэй бодлогыг боловсронгуй болгон, олон улсын жишигт хүрсэн эдийн засаг, худалдааны дүрэмтэй уялдуулахыг түргэтгэн, гадаад дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг адил тэгшээр үзэж, шударгаар өрсөлдөх зах зээлийн орчноор хангаж, гадаадын бизнесменүүдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахаа эрчимжүүлнэ хэмээн онцолжээ.
Тэрээр: Хятад улс Шанхайн чөлөөт худалдааны туршиц бүсийн шинэ цэг байгуулж, Хайнаны чөлөөт худалдааны туршиц бүсийн бүтээн байгуулалтыг дэмжин, Хятадын онцлогтой чөлөөт худалдааны боомт байгуулах ажлыг судална. Хятадын хөрөнгө оруулалтын орчин улам сайжирч, дэлхийн өнцөг булан бүрээс Хятадад ирж, ажил төрөл эрхлэх боломж улам нэмэгдэнэ хэмээн төсөөлж байна гэжээ.
Хувийн хэвшлийн эдийн засгийн хөгжлийн орчныг сайжруулна
5-нд, Хятадын ерөнхий сайд Ли Кэчян: Засгийн газраас хувийн хэвшлийн эдийн засгийн хөгжлийн орчныг сайжруулахын төлөө хичээн ажиллаж, зах зээлд орох зөвшөөрөл олгох, засгийн газрын худалдан авалт, тендер зарлан шалгаруулах зэрэг талаар олон төрлийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд адил тэгш хандана. Өмчийн эрхийг тууштай хамгаалж, эрхэнд халдсан үйл ажиллагааг хуулиар хатуу шийтгэн, аж ахуйн нэгжийн эздийг сэтгэл амар ажлаа хийж, аж ахуйгаа хөгжүүлэхийг дэмжинэ гэжээ.
Ногоон хөгжлийг дэмжинэ
Хятадын ерөнхий сайд Ли Кэчян 5-нд Засгийн газрын ажлаа тайлагнахдаа: Энэ онд засгийн газар бохирдлыг засахыг үргэлжлэн ахиулж, агаарын бохирдлоос сэргийлэх ажлын үр дүнг баталгаажуулна. Хүхрийн давхар исэл, азотын ислийн ялгаруулалтыг 3 хувиар буулгана. Гол гол бүс нутгийн тоосонцрын (РМ2.5) хэмжээг бууруулна. Ус хөрсний бохирдлоос сэргийлэхийг эрчимжүүлж, ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлэн, экологийн системийг хамгаалж, нөхөн сэргээхийг ахиулан, ард иргэдийг амьдралын таатай орчноор хангана гэжээ.
Хөдөөгийн ядуу хүн амын тоог 10 саяар бууруулна
5-нд, Хятадын засгийн газар БХАТИХ-д ажлаа тайлагнахдаа: Энэ жил Хятад улс хөдөөгийн ядуу хүн амын тоог 10 сая гаруйгаар бууруулахаар төлөвлөж байна. Ядуурлыг бууруулах зорилтоо товлосон хугацаанд нь биелүүлэхээс гадна, Хятадын малчин тариачдын амьдралыг бүх талаар чинээлэг түвшинд хүргэнэ гэжээ.
Хэрэглээний өсөлтийг дэмжиж, зах зээлийг эрчтэй дэмжинэ
Өнөөдөр Хятадын засгийн газрын ажлын тайланд: Энэ онд засгийн газар хот хөдөөгийн оршин суугчдын орлогыг нэмэгдүүлэх талаар зохистой арга хэмжээ авч, худалдан авах хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Хэрэглэгчийн эрэлт хэрэгцээний шинэ шаардлагын дагуу, олон арга замаар чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, хувийн хөрөнгө оруулалтын зах зээлд саадгүй нэвтрэхийг түргэсгэнэ хэмээн тэмдэглэжээ. Хятад улсын 60-аас дээш насны хүн амын тоо 250 саяд хүрлээ. Ийм нөхцөлд засгийн газар өндөр насны асрамжийн ажлыг дэмжиж, ялангуяа хорооллын асрамжийн үйлчилгээг эрчимтэй хөгжүүлнэ. Мөн аялал жуулчлалын салбарыг түлхүү хөгжүүлж, автомашины хэрэглээг тогтворжуулан, шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл худалдан авахад хөнгөлөлт үзүүлэх бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэжээ.
Шинээр хөгжиж буй үйлдвэрлэлийг дэмжинэ
5-нд ерөнхий сайд Ли Кэчян: Энэ онд Хятад улс уламжлалт үйлдвэрлэлийг шат ахиулж, шинээр хөгжиж буй үйлдвэрлэлийг дэмжин, аж ахуйн нэгжүүд технологио өөрчлөх, тоног төхөөрөмжөө шинэчлэх, олон улсын стандарт хангахыг ахиулж, шинэ эриний мэдээллийн технологи, дээд зиндааны тоноглол, био эм бэлдмэл, шинэ эрчим хүчний авто машин, шинэ материал зэрэг шинээр хөгжиж буй үйлдвэрлэлийн бүлэглэлийг бий болгон, дижитал эдийн засгийг өргөжүүлнэ. Мөн олон улсын инновацын хамтын ажиллагааг өргөжүүлж, гадаадад төгсөгчдийн эх орондоо ирж ажиллах хүмүүс болон гадаадын мэргэжилтнүүдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулна гэжээ.
Бизнесийн орчныг ихээхэн сайжруулна
5-нд, БНХАУ-ын ерөнхий сайд Ли Кэчян засгийн газрын ажлын тайландаа: Энэ жил Хятад улс нээлттэй байлгах, цэгцтэй өрсөлдөх орчин үеийн зах зээлийн системийг нэгдсэн журмаар түргэвчлэн байгуулж, хуульчилсан, олон улсын жишигтэй, хялбарчилсан бизнесийн орчин бүрдүүлнэ. Үүний төлөө засгийн газраас гадаад хөрөнгийг зах зээлдээ оруулах сөрөг жагсаалтыг улам хумьж, "хориотойгоос бусдыг оруулах" ажлыг ахиулан, эх баялгийг шууд ашиглахыг боломжийн хирээр багасгаж, батлан зөвшөөрөх зүйлийн хасагдуулж болохыг нь хасаж, шударга хяналтаар шударга өрсөлдөөнийг ахиулан, нэгдсэн зах зээл, шударга өрсөлдөөнд саад болдог дүрэм тогтоол, арга барилыг түргэн өөрчилнө гэжээ.
Аж ахуйн нэгжийн хөрөнгө хуримтлуулах талын хүндрэл бэрхшээлийг зохицуулна
Хятадын засгийн газар энэ жилээс аж ахуйн нэгжүүдийн санхүүжилт хэцүү, санхүүжилтийн өртөг өндөр байгаа асуудлыг түлхүү анхаарч, бага, дунд банкуудын тогтсон салбарт зээлийн хүүг бууруулах ажлыг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтыг хувийн хэвшлийн болон бичил жижиг аж ахуйн нэгжүүдэд олгоно. Арилжааны томоохон банкууд үйлдвэрлэлийн салбарт дунд ба урт хугацааны зээл, итгэмжит зээл олгохыг дэмжиж, төрийн өмчит арилжааны банкуудын бичил, жижиг аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийг 30 хувиар нэмэгдүүлнэ гэжээ.
Банк, зууч үйлчилгээний хураамжийг цуцалж, дүрэмжүүлэн, жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн хүндрэл, санхүүжилтийн ерөнхий өртгийг буруулна гэдгээ Хятадын засгийн газар амлалаа.
Татварыг бууруулах бодлого хэрэгжүүлнэ
Хятадын ерөнхий сайд Ли Кэчян ажлын тайландаа: Засгийн газар энэ онд татварыг их хэмжээгээр бууруулах бодлого хэрэгжүүлж, боловсруулах аж үйлдвэр, бичил жижиг аж ахуйн нэгжүүдийн татварын дарамтыг багасгаж, нэмүү өртгийн татвар хураамжийн шинэчлэлийг гүнзгийрүүлнэ. Боловсруулах аж үйлдвэр зэрэг салбарын одоогийн хэрэгжүүлж байгаа 16 хувийн татвар хураамжийн хэмжээг 13 хувь хүртэл бууруулж, гол гол салбаруудын татварын хэмжээг илэрхий бууруулж, бүх салбарын татварын хэмжээг нэмэгдүүлэхгүй, багасгах болно. Мөн зах зээлийн оролцогчид, ялангуяа бичил жижиг аж ахуйн нэгжүүдийн татварыг бууруулж, төлбөрийг багасгана хэмээн онцолжээ.
Санхүүгийн алдагдлын хэмжээг 2.8 хувьд барина
5-нд, Хятадын ерөнхий сайд Ли Кэчян засгийн газрын ажлын тайландаа: Эдийн засгийн эргэлтийг зохистой хэмжээнд байлгахын төлөө энэ жил Хятад улс санхүүгийн идэвхтэй бодлого, валютын тогтвортой бодлогоо үргэлжлүүлнэ. Санхүүгийн алдагдлын хэмжээг 2.8 хувь байхаар зохицуулж, өнгөрсөн жилийн төсвөөс 0.2 нэгжээр өндөр байлгаж, төвлөрсөн төсөв, орон нутгийн санхүүгийн алдагдлын нийт хэмжээг 2.76 их наяд юаниар тогтоолоо. Мөнгөний нийлүүлэлт М2, нийгмийн хөрөнгө хуримтлууллын өсөлтийн хурдцыг ДНБ-ий хурдацтай дүйцүүлнэ гэжээ.
Тэрээр: Хятад улс мөнгөний ханшийг бүрдүүлэх тогтолцоог боловсронгуй болгож, юанийн ханшийг зохистой түвшинд тогтвортой байлгана гэжээ.
2019 оны эдийн засгийн өсөлтийг 6-6.5 хувийн хооронд байлгана
Хятад улс 2019 онд эдийн засгийн өсөлтийг 6-6.5 хувийн хооронд байлгах зорилт тавив. 5-нд БХАТИХ-аар хэлэлцүүлэхээр дэвшүүлсэн засгийн газрын ажлын тайланд, энэ онд Хятадын хөгжлийн орчин улам ээдрээтэй байх хэдий ч урт хугацааны турш тогтвортой урагшлах эдийн засгийн хандлага өөрчлөгдөхгүй гэжээ.
Энэ онд Хятад улс хот хөдөөгийн 11 сая гаруй хүнийг ажлын байраар хангаж, ажлын байраар хангахыг тэргүүн байранд тавихыг анх удаа засгийн газрын макро зохицуулалтын түвшинд гаргаж тавьжээ.
Гадаадад нээлттэй байдлаа бүх талаар өргөтгөв
Хятадын засгийн газрын ажлын тайланд: 2018 онд Хятад улс гадаадад нээлттэй байдлаа бүх талаар өргөтгөж, бизнесийн орчны олон улс дахь нөлөө жагсаалт ихээхэн дээшилж, Нэг бүс нэг замыг хамтдаа бүрээн байгуулах талаар чухал ахиц гаргалаа. Гадаад хөрөнгийг бодитоор ашигласан хэмжээ 138.3 тэрбум ам.долларт хүрч, хөгжиж буй орнуудын дотроо тэргүүлсэн хэвээр байна. Гаалийн татварын ерөнхий түвшнийг 9.8 хувиас 7.5 хувь хүртэл буурууллаа. Хятад улс гадаад хөрөнгийг зах зээлдээ оруулах сөрөг жагсаалтыг ихээр хумьж, банк санхүү, авто машины зэрэг салбарын нээлттэй байдлыг өргөтгөж, гадаад хөрөнгийн чухал чухал төслүүдийг хэрэгжүүлэн, гадаадын хөрөнгө оруулалттай шинэ аж ахуйн нэгжүүдийн өсөлтийн хэмжээ 70 хувьд хүрсэн гэжээ.
Эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтоо биелүүлэв
5-нд, БНХАУ-ын ерөнхий сайд Ли Кэчян 2018 он бол энэ ээлжийн засгийн газрын ажлын анхны жил, тэр бүр тохиолддоггүй хатуу сорилттой тулгарсан хэдий ч Хятад улс 2018 оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтоо биелүүлж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахад чухал ахиц гаргалаа.
2018 онд Хятадын ДНБ 6.6 хувиар өсөж, ДНБ-ий нийт хэмжээ 90 гаруй их наяд юаньд хүрчээ. Хот суурины 13.61 сая хүн шинээр ажлын байртай болж, хөдөөгийн ядуу хүн амын тоог 13.86 саяар бууруулж, оршин суугчдын өөрийн мэдлийн орлогыг 6.5 хувиар нэмэгдүүлсэн байна гэжээ.
Хятадын дээд эрхт байгууллагын ээлжит хурал нээгдэв
5-нд Бээжин хотноо Хятадын дээд эрхт байгууллага-Бүх Хятадын АТИХ-ын жил тутмын ээлжит хурал нээгдэв. Ши Жиньпин зэрэг нам төрийн удирдагч, мөн бүх Хятадын 3000 гаруй ардын төлөөлөгч XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы нээлтийн ёслолд оролцлоо. Ерөнхий сайд Ли Кэчян засгийн газрын ажлыг тайлагнаж, энэ жилийн ажлын тухай санал санаачилга дэвшүүлэн, их хурлаар хэлэлцүүлэх юм.