Зургийн уралдаанд түрүүлсэн минь

2018-05-31 16:10:05
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Зургийн уралдаанд түрүүлсэн минь

Жил бүрийн “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу хүүхдийн баяр дөхөхөөр багын явдал санаанд ордог билээ. Тэр үед хүүхдийн баяр үнэхээр сайхан болдог байлаа. Нийслэл маань цэвэр цэмцгэр, хот шиг хот байж дээ. 6-р сарын 1-нд Улаанбаатарын хүүхдүүдийн бараг тэн хагас нь хүүхдийн паркт очдог байсан байх, хөл гишгэх зайгүй. Миний амьдралдаа үзсэн хамгийн урт дараалал тэнд л байсан байх. Паркт элдэв тоглоомоос гадна, амттан худалдаж, сугалаа сугалуулж, янз бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулна. Хүүхдийн паркаас гадна, сургууль, Сүхбаатарын талбай, ДСНК, Пионерийн ордон, албан газрууд баярын арга хэмжээ зохионо. Онц сурсан хүүхдүүдэд эцэг, эхийнх нь албан газар бэлэг өгнө. Бэлгийн уутанд голдуу 90 мөнгөний сок, банкя, алим, мандарин, баавгайтай чихэр байдаг байлаа. Тэр үеийн чихэр жимс гойд сайхан амттай байж, эсвэл надад тэгж санагддаг байх.

 

Зургийн уралдаанд түрүүлсэн минь

1986 онд шиг бодогдож байна. Би 1-р ангиа төгсөж байсан юмдаг. Манай аавын албан газраас хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан зарласан юм. Тэр үед хүүхдүүд голдуу дэлхий дээр хар, шар, цагаан арьст хүүхдүүд хөтлөлцөөд зогсчихсон, амандаа тариа зуусан нэг тагтаа, пуужин сэлтхэн зурдаг байж билээ. Одоо бодоход бүгд энх тайвны сэдэвтэй зураг зурдаг байж. Нэг айлын хүүхдүүдийн ааш зан, авьяас билэг өөр өөр байдаг хойно, би зураг зурахдаа маш муу, бичгийн хэв муухай. Харин эгч маань нямбай, маш сайхан зурдаг байлаа. Би юу ч билээ зурсан болоод сууж байтал эгч  маш гоё зурсан боловч баллуурдаад үл ялиг халтартуулсан зургаа голоод дахин шинээр зурсан юм. Тэгэхээр нь би эгчийнхээ голсон зураг дээр овог нэрээ бичээд явуулчихлаа. Хэд хоногийн дараа уралдааны дүн гарахад би нэгдүгээр байрт, эгч маань гуравдугаар байрт орж би бөөн баяр, эгч маань бөөн уйлаан болж билээ. Үнэндээ шагнал нь яг адилхан бэлэг байхад би ч яасан их баярлаж, эгч ч яасан их уйлсан юм бэ дээ, одоо бодохоор...

 

Зургийн уралдаанд түрүүлсэн минь

Багадаа хүүхдийн баярт их дуртай, догдлон хүлээдэг байсан болохоор 6-р сарын 1-нд хүүхдүүдээ сайхан баярлуулъя гэж боддог болж. Бас багадаа биелүүлж чадаагүй хүсэл мөрөөдлөө, хүүхдүүддээ биелүүлж өгөх сөн гэж хичээдэг болж. Бага насаа дурсахаар ээж аав маань бидний төлөө ямар их хичээл зүтгэл гаргасныг бүр ч илүү ойлгодог учраас хүүхдүүдээ сайхан орчинд өсгөж, өөрөөсөө илүү боловсрол эзэмшүүлж, нийгмийн өмнө үүрэг хариуцлагаа хүлээдэг, ёс суртахуунтай хүн болгохын төлөө хичээж явнам.

 

Зургийн уралдаанд түрүүлсэн минь

Зургийн уралдаанд түрүүлсэн минь

 

До.Болдхуяг

Их уншсан

холбоотой мэдээ