Ардын төлөөлөгчийг хэрхэн сонгодог вэ?
Удахгүй чуулах XIII сонгуулийн БХАТИХ-ын II бүгд хурлаар 3000 орчим төлөөлөгч засгийн газрын ажлын тайлан, 2018 оны улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт, 2019 оны улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний төслийн тайлан, 2018 оны төв засгийн газар ба орон нутгуудын төсвийн гүйцэтгэл, 2019 оны төв засгийн газар болон орон нутгуудын төсвийн төслийн тайлан, БХАТИХ-ын Байнгын хорооны ажлын тайлан, Ардын дээд шүүхийн ажлын тайлан, Ардын дээд прокурорын ажлын тайлан зэргийг хянан хэлэлцэх юм. Тэгвэл Хятад улсын 1 тэрбум гаруй иргэдээс 3000 орчим ардын төлөөлөгчийг хэрхэн, яаж сонгодог вэ?
БНХАУ-ын үндсэн хуульд: Улс орны бүх эрх ард түмнийх, ард түмэн БХАТИХ бүх шатны АТИХ-аар дамжин бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. БХАТИХ болон орон нутгуудын ардын төлөөлөгчдийг ардчиллаар сонгоно. Шянь, шян хоёр шатны ардын төлөөлөгчийг шууд санал хураан сонгож, муж, өөртөө засах орон, шууд харьяа хот, өөртөө засах жөүгийн ардын төлөөлөгчийг доод шатны АТХ-аар сонгоно. Харин бүх Хятадын ардын төлөөлөгчийг муж, өөртөө засах орон, шууд харьяа хотын АТХ, АЧА-ийн төлөөлөгчдийн их хурлаар сонгоно. "Нэг улс хоёр систем"-ийн бодлого, чиглэлийн дагуу, Хонконг, Макаогийн засаг захиргааны онцгой бүсхууль дүрмийн дагуу, тэнд амьдарч буй Хятад иргэдийн дундаас сонгоно. БХАТИХ-ын Тайванийн төлөөлөгчийг муж, өөртөө засах орон, шууд харьяа хот, төвийн нам, улс төр, армийн байгууллагад ажиллаж буй Тайвань мужийн 33 мянга гаруй иргэдийн дундаас сонгоно гэж тодорхой заасан байдаг.
"Сонгуулийн хууль"-ийн тогтоолын дагуу, БХАТ-ийн тоог 3000-аас хэтрүүлэхгүй байх ёстой. Мөн БХАТ-ийн тоог БХАТИХ-ын Байнгын хороо муж, өөртөө засах орон, шууд харьяа хотын хүн амын тоог үндэслэн, төлөөлөгч бүрийн төлөөлөх хүн амын тоо ойролцоо байх зарчмын дагуу хуваарилдаг. БНХАУ-д гэмт хэрэг үйлдэж хуулийн дагуу улс төрийн эрхээ алдсан хүмүүсийг эс тооцвол, 18 нас хүрсэн иргэн бүр үндэстэн ястан, хүйс, ажил мэргэжил, шашин шүтлэг, боловсролын түвшин, хөрөнгө орлогын ялгаваргүйгээр сонгож, сонгогдох эрхтэй. Бүх Хятадын ардын төлөөлөгч болон орон нутгуудын ардын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь таван жил байдаг юм.