Уурхайн утаат хотын шинэ дүр төрх

2017-07-17 16:19:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Уурхайн утаат хотын шинэ дүр төрх

Энэ жил ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байгаа бөгөөд ХКН-ын Төв хорооны суртал ухуулгын яамнаас төвийн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг удирдан "ӨМӨЗО-ны 70 жилийн хөгжил өөрчлөлт" сэдэвт нэгдсэн сурвалжилгын аяныг зохион байгуулжээ. Уг сурвалжилгын хүрээнд ХОУР-гийн сэтгүүлч Дүүрэнжаргал Өвөр Монголын баруун бүс нутгаар аялан сурвалжилж, Үхай хотын хөгжил өөрчлөлтийн тухай танилцуулсан юм.

"Үхай хот сүүлийн жилүүдэд танигдахгүй болтлоо өөрчлөгдөж байна. Уг нь энд ганц ч мод байгаагүй. Одоо хар даа, мундаг ойжуулсан байгаа биз? Уур амьсгал ч сайжирсан. Сүүлийн дөрөв таван жил агаар өөр болсон. Уг нь тэр чигтээ нүүрсний утаа байлаа. Үхай уурхайн хот шүү дээ. Нүүрсний уурхайтай, салхи ихтэй. Хар даа, шал өөр болсон байгаа биз?” гэж Үхай хотын Цэн, Бай хэмээх эхнэр нөхөр хоёр сэтгэл хангалуун ярьж сууна. "Нүүрсээр голлосон уурхайн хот ингэж хөгжинө гэж төсөөлж байв уу?" гэж сэтгүүлч асуухад тэд “Зүүдэнд ч орж байгаагүй. Утаа тоос татсан уурхайн хот, нүцгэн говь ийм болно гэдэг гайхамшиг шүү."

Үхай хот ӨМӨЗО-ны баруун бүсийн хотуудын нэг, Алшаа аймаг, Ордос хоттой зах нийлнэ. Хатан голын Удын тохой, Хайравын тохой хэмээх хоёр тохойн нэрний эхний үеийг нийлүүлж Ухай хэмээн нэрийджээ. Хятадын хөгжил дэвшлийн шаардлагаар байгуулагдсан 50-иадхан жилийн түүхтэй залуу хот, Хятадын үндэсний хэмжээний нүүрсний стртегийн ордтой 31 хотын нэг юм. Энэ хотыг Хятадын үндэсний хөгжил өөрчлөлтийн эхэн үед Бугатын гангийн үйлдвэр зэрэг томоохон аж үйлдвэрийг нүүрсээр хангах зорилгоор байгуулсан гэдэг. 

Үхай хотын Суртал ухуулгын газрын дарга Ван Шяопин: “Үхай хотыг 1958 оноос хөгжүүлж эхэлсэн. Тэр үед Бугат-Ланжөүгийн төмөр зам, Бугатын гангийн үйлдвэр зэрэг үндэсний хэмжээний томоохон төслүүд хэрэгжихийг дагалдан их хэмжээний сайн чанарын коксжих нүүрс хэрэгтэй учраас нээн хөгжүүлэх ажил эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл энд эхлээд нүүрсний уурхай байгуулсан нь хожим хот болж хаяа тэлсэн юм. Үүгээрээ нүүрсний уурхай бүхий бусад хоттой адилхан, эхлээд хөгжүүлж, эрчим хүч, нөөц баялгийн төв болгосон юм.”

Уурхайн утаат хотын шинэ дүр төрх

Уурхайн хотууд хөгжих явцад байгаль экологи, уур амьсгалын бохирдол зэрэг адилхан хүндрэл тулгардаг. Эдгээр асуудал Үхай хотыг тойроогүй нь мэдээж. Нүүрсний уурхайгаас гарсан утаа тоос, хуучны нүүрс, химийн аж үйлдвэрээс гарсан өмхий үнэр зэрэг нь “толгойн өвчин” болж, Хятадын Байгаль орчныг хамгаалах яамны анхааралд өртөн, хэвлэлийнхэн Үхай хотыг “Хатан голын эрэг дэх хар толбо” хэмээн “цоллож” байжээ.

Гэвч энэ аж үйлдвэр, уурхайн хүнд бохирдолтой хот хэдхэн жилийн дотор танигдахгүй болтлоо өөрчлөгдөж, “зүүдэнд ч оромгүйгээр" зүсээ хувилган, цэвэр цэмцгэр хот болон хөгжжээ. Сүүлийн үед Үхай хотын эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөд анхаарал тавин, аж үйлдвэрлэлийн бүтцээ шинэчлэн сайжруулж, их хэмжээгээр олборлохоос чанарыг баталгаажуулах, шинэ хэлбэрийн нүүрсний химийн аж үйлдвэр, шүлтийн химийн аж үйлдвэр, цахиурын химийн аж үйлдвэрийг хөгжүүлэн, шинэ эрчим хүч, шинэ материал, тоног төхөөрөмжийн үйлдвэр зэрэг стратегийн ач холбогдол бүхий салбарт хүч үзэн, эдгээрийг бохирдол ихтэй хуучны уул уурхайн аж үйлдвэрээр орлуулж, эдийн засгийн хөгжлөө баталгаажуулжээ.

Тухайлбал, Үхай хотын техник мэргэжлийн Дүн-Юань компани ӨМӨЗО-ны химийн аж үйлдвэрийг хөгжүүлэх төсөл, стратегийн шинэ аж үйлдвэр байгуулах төслөөр 2008 онд байгуулагдсан ба одоо ӨЗО төдийг бүх улсын нүүрсний химийн аж үйлдвэр, шинэ материалын үйлдвэрийн үлгэр жишээ болжээ.

Уурхайн утаат хотын шинэ дүр төрх

Дүн-Юань компанийн ТУЗ-ын дарга Юй Хайминь: “Бид сүүлийн жилүүдэд аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлтөө зоригтой хийсэн, хуучны уламжлалт уул уурхайн үйлдвэрээ зогсоож, нүүрсний химийн үйлдвэрээ шинэчилсэн. Нүүрсний химийн аж үйлдвэрийн зарим нэр, шат дамжлагыг ойлгуулахад бэрх учраас энгийн үгээр хэлбэл урьд нь зөвхөн олон улсын зах зээлийн үнээр нүүрс худалдан, “Нүүрс-цахилгаан-химийн аж үйлдвэр” гэсэн гурван шат дамжлагаар ажилладаг байсан бол одоо зургаа долоон үе шаттай болгон хөгжүүлж, дэлхийд тэргүүлэх технолги ашиглаж байна. Ингэснээр нэгд ашиг орлогоо нэмэгдүүлсэн. Урьд нь олон улсын нүүсний зах зээлийн үнээр худалддаг байсан нүүрснээс одоо хэд дахин илүү ашиг олдог болов. Хоёрт, нөөц баялгаа хэмнэж, нүүрсийг олон шат дамжлагаар үйлдвэрлэх болсноор бохирдол, хаягдал бодисыг их хэмжээгээр багасгасан. Гуравт, шинэ материал үйлдвэрлэсэн нь бусад салбарын хөгжилд ач тусаа өгсөн. Хамгийн ойрын жишээ нь манай шинээр үйлдвэрлэж буй гялгар уутны материал бохирдол багасгадаг. Газар тариалангийн салбарт тулгарч буй хамгийн том асуудал бол гялгар уутны хөрсөнд үзүүлэх хор нөлөө юм. Тэгвэл манай компанийн үйлдвэрлэж байгаа шинэ материалаар хийсэн гялгар уут хөрс бохирдуулахгүй, богино хугацаанд газарт шингэнэ. Мөн гялгар уут үйлдвэрлэх өртгийг ч багасгаж чадсан.”

2011 оны 6-р сард Хятадын төрийн зөвлөлөөс нийтэлсэн “Өвөр Монголын эдийн засгийг эрүүл, эрчтэй хөгжүүлэх санал”-д Үхай болон түүний эргэн тойрны бүс нутгийг нүүрсний химийн аж үйлдвэрийн үндэсний хэмжээний чухал төв болгон хөгжүүлнэ гэжээ.

Үхай хот эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөө эрчимжүүлээд зогсохгүй, мөн экологийн бүтээн байгуулалтаа сайжруулах зорилгоор “Говийн баян бүрд”, “Усны хөвөөн дэх шинэ хот” зэрэг томоохон төсөл хэрэгжүүлж байна. Үхай хот Улаанбух, Хөвч, Муу-Ус гэх гурван цөлийн дунд байдаг бөгөөд өвс ургамал тачир, экологийн орчин маш эмзэг. 1978 оны байдлаар ой модны эзлэх хэмжээ 0.38 хувьтай л байсан бол хэдхэн жилийн дотор уул ус, ой модтой ногоон хот болон өөрчлөгджээ.

2016 онд Үхай хот Гандир уулын экологийн бүтээн байгуулалтын 2 дахь шатны төсөл хэрэгжүүлэн, 1 тэрбум 50 сая юанийн хөрөнгө оруулж, усан үзмийн хүрээлэн, уран бичлэгийн цэцэрлэг, ардын талбай зэрэг 19 цэцэрлэгт хүрээлэн нэмж байгуулж, байгаль орчныг хамгаалах, сэргээх 50 гаруй ажил хийж гүйцэтгэсэн байна. “Хатан голын эрэг дэх хар толбо” гэгдэж байсан Үхай хот ийнхүү Хятадын ойжуулалтын үлгэр жишээ хот, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хот, үндэсний экологийн боловсон хот болтлоо өөрчлөгджээ.

Уурхайн утаат хотын шинэ дүр төрх

Хатан голын эрэг дэх газар зүйн давуу тал нь Үхай хотын хөгжилд асар их боломж нээжээ. Хайравын тохойн усны баялгийн хяналтын инженерийн ажил бол Хятадын баруун бүсийг хөгжүүлэх 22 том төслийн нэг бөгөөд 5 тэрбум 100 сая юанийн хөрөнгө оруулалт хийж, үерээс сэргийлэх, гандуу үед усны нөөц болгох зорилгоор Хатан голыг усыг боон 118 ам дөрвөлжин км талбайтай, 500 сая шоо метр устай Үхай нуурыг бий болгожээ. Элсэн цөлийн дундах нуур байгалийн тогтоолцоо, хүний ухаан хосолсон этгээд үзэмж бүрдүүлж, элсийг тогтворжуулан, нуур дагасан баян бүрд болжээ. Өнөөгийн байдлаар Үхай нууранд өвөл хавар 50 гаруй төрлийн 100 мянга орчим нүүдлийн шувуу нутагшин, цөлийн нэгэн гайхамшиг болсон байна. Энэ нь зөвхөн байгаль орчныг сайжруулаад зогсохгүй аж үйлдвэр, уул уурхайн хуучин хотыг аялал жуулчлалын шинэ хот болгон өөрчилжээ.

Үхай хотын Аялал жуулчлал, спортын газрын дэд дарга Ши Хайдүн: “Бид сүүлийн жилүүдэд зөвхөн ногоон бүс байгуулах, ойжуулах ажилд 5 тэрбум гаруй юанийн хөрөнгө оруулсан. Энэ нутагт бороо хур бага, ууршилт их байдаг учраас бид Хятадын ногоон хотын жагсаалтад орно гэдэг үнэхээр амаргүй ажил байв. Ялангуяа Үхай нуурыг байгуулснаас хойш экологийн байдал илэрхий сайжирч, амралтын өдрүүдээр Яргай, Баяннуур, Шаньши мужийн Юйлинь, Ордос зэрэг ойр тойрны хотын хүмүүс энд ирж, амардаг болсон. Энэ жилийн аялал жуулчлалын орлого өнгөрсөн жилийнхээс 23 хувиар нэмэгдэж, жуулчдын тоо ч улам нэмэгдэж байна гэжээ.

Уурхайн утаат хотын шинэ дүр төрх

Мөн Үхай нууранд усан спортоор хичээллэдэг хүмүүс цуглардаг болж, жил бүр усан спортын олон арга хэмжээ зохион байгуулж, аялал жуулчлалаар спортыг хөгжүүлэн, спортоор жуулчдыг татаж байна.

Уурхайн утаат хотын шинэ дүр төрх

Тус хотын оршин суугчид “Үхай хот урьд нь нүүрсээрээ алдартай байсан бол одоо уран бичлэгээрээ алдартай” гэлцэх болжээ. Үхай хотын оршин суугчид газар газраас ирсэн уурхайчдын гэр бүлээс бүрдсэн. Уурхайчид чөлөөт цагаараа нүүрсний хөөгөөр уран бичлэг бичдэг байснаас улбаалж уран бичлэг хөгжин, хотын захиргаа ч үүнийг нутгийн онцлогтой соёл болгон хөгжүүлжээ. Одоо Үхай хотын замын тэмдэг, тэмдэглэгээг бүгдийг нь уран бичлэгээр бичсэн нь тун өвөрмөц. Үхай хотын дунд сургуулиуд 5-р ангиас эхлэн хүүхдүүдэд уран бичлэгийн хичээл заах ба хотын дүүрэг хороо бүр уран бичлэгт зориулсан танхимтай, найман настай балчраас наян настай хөгшид хүртэл уран бичлэгээр хичээллэх болжээ. 2008 оны 9-р сард Үхай хот Хятадын “Уран бичлэгийн хот” хэмээн өргөмжлөгдсөн анхны хот болжээ. Үхай хот мөн байгалийн өвөрмөц сонин чулуугаараа алдартай, “Чулууны хот” хэмээх бас нэгэн алдартай.

Уурхайн утаат хотын шинэ дүр төрх

Уурхайн хуучин хот хэдхэн жилийн дотор технологийн үлгэр жишээ, аялал жуулчлалын шинэ бүс, Хятадын анхны уран бичлэгийн хот болон хөгжсөн гэхэд итгэмээргүй. Хотын Суртал ухуулгын газрын дарга Ван Шяопин: “Манай хот ийм зургаан нэрийн хуудастай болсон. “Хатан голын сувд”, “Цөлийн баян бүрд”, “Эх баялгийн далай”, “Уран бичлэгийн хот”, “Чулууны хот”, “Усан үзмийн хот” зэрэг болно. Энэ зургаан нэр Үхай хотын өнөөгийн дүр төрхийг бүрэн илтгэж чадна.”

 

ХОУР-гийн сэтгүүлч Дүүрэнжаргал



Их уншсан

холбоотой мэдээ