Малаа “гар утсаараа” хариулдаг болов

2017-07-15 17:12:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Малаа “гар утсаараа” хариулдаг болов
Адуучин Содбилэг

Малчин хүн цаг агаарын ямар ч нөхцөлд хэдэн малаа дагаж явдаг. Харин сүүлийн үед Өвөр Монголын малчид хиймэл дагуулын байршил тогтоох систем ашиглан, мал хариулах ажлаа шинэ технологид даатгадаг болжээ.

Тайвас хошууны адуучин Содбилэг өглөө бүр адуундаа явдаг. Ялангуяа намар цагт адуу нь айлын тарианд орох гээд байдаг тул өдөр бүр адуугаа хураана. Заримдаа адуугаа хаана байгааг мэдэхгүй учраас хэд хоногоор эрэлд явдаг. Тэр хоёр жилийн өмнөөс хиймэл дагуулаар байршил тогтоох систем ашиглаж сурчээ. Үүнийг ашиглаж сурснаар адуу хаашаа бэлчсэн, хэр зэрэг хурдтай явааг гар утсаа хараад л мэдчихнэ. Содбилэг: “Манайх тариалан эрхэлдэг нутгаас ойр. Бэлчээр торлоогүй учраас зун намартаа, адуу хол бэлчих үеэр айлын талбайд орж, тариа будааг нь сүйтгэх гээд байдаг. Гар утсаараа байрлал тогтоодог болсноос хойш гэрээс гарахын өмнө адуугаа хаа явааг мэдчихдэг, их амар болсон” гэжээ.

Малаа “гар утсаараа” хариулдаг болов

Авга хошууны малчин Давхарбаяр 100 гаруй үхэртэй. Зун, намарт үхэр нь хол бэлчдэг тул өдөр бүр элс манхан дундуур мотоциклоор давхиж үхрээ хураана. Заримдаа олохгүй ч үе бий. Хааяа үхэр нь хашаанаасаа гарч, зовооно. Тэрээр өнгөрсөн жил хиймэл дагуулаар байршил тогтоох систем ашиглаж сурснаас хойш, малаа хаана байгааг гар утсаа хараад мэддэг болжээ. “Үүнийг ашиглаж сурснаас хойш зун намартаа үхрээ хайж явах шаардлагагүй болсон. Гар утсаа хараад, хаа байгаа газар нь яваад очно. Өнгөрсөн өвөл шуурганд үхрээ уруудуулчхаад утсаа хараад, яваад очсон. Өмнө нь үхрээ эрээд хаа сайгүй тэнэж явдаг байлаа” хэмээн Давхарбаяр хуучилсан юм. 

Сөнид хошууны малчин Пэй Шюфэй хонь маллана. Тэр хонио хаана явааг гар утсаараа мэдээд, хурааж авчраад, хотлуулна. Пэй Шюфэй 2015 оноос байршил тогтоох систем ашиглаж эхэлснээр ажил нь их хөнгөрсөн байна. Энэ төхөөрөмжийг ашигласнаар туслах хоньчин авах шаардлаггүй болсон тул жилдээ багагүй зардал хэмнэх болжээ.

Техник технологийн хөгжил малчдад ашиг тусаа өгч, өдөр бүр мал дагах ажлаа гар утсандаа даатган, гэртээ сууж байгаад малаа хариулах болжээ. Үүний ачаар мөн малчин айл өрх зардлаа хэмнэж байна. 

Их уншсан

холбоотой мэдээ