Мөрөөдлийн бууц”-д хүсэл биелнэ

2017-08-02 17:43:18
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Тэнд л би хамгийн дотнын найз нараа олсон.

Би багадаа хоёр удаа хүүхдийн зусланд явж байсан юм. Эхнийх нь арван настай байхдаа өөрийн нутгийн хүүхдийн зусланд, аймгийн төвөөс бас урд хойд бүсийн нийт арав гаруй сумын хүүхдүүдтэй нэг сар хамт амарч байсан. Тэндээс л миний үеийн хүүхдүүд ямар түвшинд сурч байгааг мэдэж, цаашдаа илүү хичээж сурах хэрэгтэйгээ ойлгосон. Тэнд л би хамгийн дотнын найз нараа олсон. Дараагийнх нь арван тавтай байхдаа Монгол Улсын хүүхдийн “Найрамдал” зуслан одоогоор бол “Найрамдал Олон улсын Хүүхдийн Цогцолбор”-т зуны III ээлжид амарсан. Өглөө эрт босоод өглөөний дасгалаас эхлүүлээд л бүх зүйлээ олуулаа хийнэ. Би хөдөөний хүүхэд болохоор жаахан бүрэг ичимхий. Надад хамгийн хэцүү байсан нь англи хэлний хичээл. Учир нь хөдөөний англи хэлний хичээл дүрэм зүй сайн заадаг ч ярианы хичээл хотын хүүхдүүдийг бодвол тааруухан байдаг байсан. Гэхдээ бүлгийн хүүхдүүдтэйгээ дасаад найзлаад хэлж чадахгүй үгсээ хамтдаа давтаж заалгадаг болсноор өөрийгөө яаж бусдад зөв илэрхийлэх талаар үеийн найз нараасаа сурсан юм. Ингээд бодоход хүүхдийн зуслангаас хүүхдүүд их олон зүйлийг сурч мэдэж авдаг. Багш өдрийн тал заасан хичээлийг ойлгоогүй ч үе тэнгийн найз нараасаа суралцах зүйлээ их хурдан сурдаг юм шиг ээ.

Мөрөөдлийн бууц”-д хүсэл биелнэ

Зусланд өнгөрүүлсэн сайхан дурсамжуудаа эргэн санаж “Мөрөөдлийн бууц” хүүхдийн зусланд амарч, суралцаж байгаа хөөрхөн дүү нараа хараад өөрийн эрхгүй баярлав. Энэхүү зуслангийн нэг онцлогтой тал нь Монгол ахуй соёлыг хүүхэд, багачуудад өвлүүлэн үлдээж, түгээн дэлгэрүүлэх, уламжлан хадгалах зорилготой юм билээ.

Тус зуслан Зүүн Үзэмчин хошууны Улайстай суурингаас баруун урд зүгт 15 километрт үйл ажиллагаа явуулдаг. Тус зусланг ажиллуулж буй багш Бадамгэрэл Улиастай суурингийн уугуул, бага сургуулийн хэл бичгийн багш, хөтлөгч нэвтрүүлэгч мэргэжилтэй, музейн тайлбарлагч хийж байсан чадварлаг эмэгтэй юм. Энэхүү зусланг байгуулах болсон талаараа багш Бадамгэрэл ярихдаа: - Би өөрөө хүүхдүүдэд монгол хэлний хичээл заадаг. Зааж байх явцад өвөрмөц утгатай үгсүүд болон монгол ахуйд хэрэглэгддэг зарим зүйлсийн нэршил, зарим зан үйлийн тухай хичээл заах болдог. Сурагч нартаа зөвхөн яриад өнгөрөх нь зарим тохиолдолд их учир дутагдалтай санагддаг. Жишээлбэл оёдлын тухай хичээл заахад би өөрийн тэрлэгээ авч очоод энэ нь зах энэ нь энгэр гэх мэтээр тодорхой заахад хүүхдүүд их дуртай хүлээж байдаг. Монгол ахуй соёлын талаар хичээл заалгасан суурин газрын хүүхдүүд бодитоор харахыг хүсвэл зөвхөн музейд л үзэх боломжтой юм. Иймээс сурагчиддаа зуны амралтын хугацаанд зусланд амрангаа хөдөөний амьдралд оролцож, монгол аж ахуй соёлын талаар онолын хичээл заалган бодит амьдрал дээр өөрийн биеэр ажиллаж сурч авах нь зүйтэй гэдэг үүднээс энэ жилээс зориглон “Мөрөөдлийн бууц” хүүхдийн зусланг нээж үйл ажиллагаа явуулж байна гэв.

Үнэхээр ч монгол ахуй соёлоосоо улам л алслагдсаар байгаа монгол үндэстнүүдэд ийм зорилго, зорилтыг барьсан зуслан, сургалтын газрууд олон байх хэрэгтэй санагддаг.

Оюутан Т.Ануундарь

Оюутан Т.Ануундарь

Биднийг очиход зуслангийн хүүхдүүд маань яг үнээгээ саахаар бэлтгэж байлаа. Миний бодлоор үнээ саах, тугал татах нь зуслангийн хүүхдүүдийн өглөөний хамгийн эрүүл бүтээлч дасгал болдог гэдгийг харж байлаа. Зуслангийн охидууд багшаараа үнээ яаж саахыг заалгаж бүгд өөр өөрийн түвшинд туршин үзнэ. Харин хөвгүүд тугал татахад тусалж, хол бэлчсэн үнээнүүдийг ойртуулж өглөөний дасгалд тун ч идэвхтэй оролцоно. Үнээ сааж байх явцад хүүхдүүд их олон зүйлийг сурч байлаа. Үнээг аль талаас нь сууж саах, яаж туших, сүүлээрээ ороолгоод байвал хөлдөө хавчиж суух, ивлэсэн үгүйг яаж мэдэх, яаж суух, бүүр цаашлаад үнээ, тугалын зүс хүртэл тогтоож авч байлаа. Өглөөний ажлаа дуусгаад саасан сүүгээ борлуулах талаар сурч цагаан идээний төрөл болох ааруул хурууд, тараг, өрөм, бяслаг гэх мэтийг яаж боловсруулдаг талаар багш нь тун ч ойлгомжтой зааж сургаж байв. Заах явцдаа яг бодитоор сурагчдыг өөрийн биеэр нь оролцуулж байгаа болохоор их л үр дүнтэй харагдана.

Мөрөөдлийн бууц”-д хүсэл биелнэ

Мөрөөдлийн бууц”-д хүсэл биелнэ

Хэсэг амраад үдээс өмнөх хичээлийн цаг боллоо. Энэ удаад оёдлын хичээл орлоо. Бадамгэрэл багш тун ч шаггүй багш байлаа. Өөрөө бусад сурах бичгүүдээс судлаад хүүхдүүддээ хамгийн ойлгомжтойгоор боловсруулсан 6 бүлэг хичээлийг багтаасан гарын авлага бүхий сурах бичиг хүртэл бэлтгэсэн байсан. Мөн өнөөдрийн хичээлтэй холбоотой бүхий л оёдлын зүйлсийг бэлтгэн базаажээ. Эмээлийн олом, гөлөм, багахан хэмжээний ширдэг хүртэл бэлтгэсэн байв. Сурагчдад хичээл их л сонирхолтой байгаа нь илхэн байлаа. Онолын хичээлээ сонсонгоо өөрөө гар бие оролцож оёж сурч байгаа болохоор их л сонирхолтой хичээнгүй суралцана. Бадамгэрэл багш өөрөө хөдөө өссөн хүн болоод бүхий л зүйлд их чадварлаг харагдав байв. Тэгээд ч хөтлөгч нэвтрүүлэгчийн мэргэжлээр их сургууль дүүргэсэн болохоор хичээлийн заах арга зүй маш сайн, сурагчидтай харилцах харилцаа нь ч их боловсон санагдаж билээ. Хичээл орж дуусаад хүүхдүүд үдийн хоолондоо орцгоов. Өдрийн гурван хоолтой бөгөөд хошууны мэргэжлийн хяналтаас тус зуслангийн хоол хүнсний эрүүл ахуйд шалгалт хийсэн бөгөөд хүүхдүүдэд чанар сайн эрүүл монгол хоол өгч байлаа.

Зуслан мөн дуу хөгжмийн багштай бөгөөд ээлж ээлжийн хүүхдүүд амрах хугацаагаа дуусгаад өөрсдийн сурсан дуу, бүжиг, шүлгээ бэлдэж тусгай урлагийн тоглолт гаргадаг гээд багш нар нь хүүхдүүдийнхээ тоглолтын бичлэгийг их баяртай үзүүлж байв. Ингэснээр зусланд амарсан хүүхдүүд гоо зүйн талын нэгэн сайхан боловсрол эзэмшиж байгаа юм. Тайзан дээр гарч өөрийн сурсан дуу, бүжгээ олонд толилуулна гэдэг тэр дундаа аав, ээждээ үзүүлж бахархуулна гэдэг хүүхэд бүхний хамгийн том мөрөөдөл биелэгдэж байгаа бөгөөд тэр дундаа цаашдын хувь хүний хөгжилд хийгдсэн маш том хөрөнгө оруулалт юм. Хүүхдүүдээрээ бахархан багш нар нь ярихдаа: - Манай шавь нар их авьяастай. Заасан бүгдийг их хурдан тогтоож авдаг. Энэ удаа их сайхан тоглолт хийхээр бэлтгээд байгаа гэж өөрийн хүүхэд шиг л тэднээрээ бахархаж байгаа багш гэдэг хүн энэ хорвоод заяагдсан эгэлгүй ачтан гэдэг туйлын үнэн юм даа гэж бодогдож суулаа.

Мөрөөдлийн бууц”-д хүсэл биелнэ

Мөрөөдлийн бууц”-д хүсэл биелнэ

“Мөрөөдлийн бууц” хүүхдийн зусланд Монгол ахуй соёлоо их ойроос суралцаж авахаас гадна сурагчид монгол гэрт амьдарч хөдөөний амьдралтай танилцах хамгийн сайхан боломж юм. Мөн өөрийгөө илэрхийлэх өөрийнхөө авьяас чадварыг  нээхэд том алтан боломжийг бий болгож байгаа нь илүү давуу талтай байлаа. Энэхүү зусланд энэ мэт олон зүйлсийг сурч, зуны амралтаа зугаатай сайхан өнгөрөөхийн тулд нэг хүүхэд ердөө 800 юанийн төлбөр төлөхөд хангалттай юм.

Ахуйн эдлэл хэрэглэл, зан үйлийн нэршил бүхнийг монголоор таниулан зааж байгаа нь хүүхдийн үгийн баялаг дээшлэхэд ихээхэн тустай аж. Аливаа үйл хэргийг эхлүүлэхэд дутагдалтай талууд их гарах ч сайн сайхан үйлийн төлөө зөв замаар хүүхэд гэдэг энэ гэгээхэн ертөнцөд монгол хүн байхын утга учир хийгээд энэ үндэстний ахуй соёл хэчнээн өндөрт байгааг мөн цаашид төчнөөн өндөрт хүрч болохыг таниулан уламжлуулж байгаа “Мөрөөдлийн бууц” хэмээх нэрээсээ л илэрхий харагдах зуслангийн үйл ажиллагаа тогтвортой улам илүү өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна.

Цаашдын төлөвлөсөн зорилгууд нь сэтгэлчлэн бүтэж, зуслангийн үйл ажиллагаа улам боловсронгуй болж, хүүхдэд тохирсон тав тухтай байдлыг бүрдүүлсэн сайхан зуслан болно гэдэгт итгэлтэй байна.

Мөрөөдлийн бууц”-д хүсэл биелнэ

Мөрөөдлийн бууц”-д хүсэл биелнэ

Мөрөөдлийн бууц”-д хүсэл биелнэ

Хүн болох багаасаа

Хүлэг болох унаганаасаа гэсэн ардын минь сайхан үг бий. Зусланд би багадаа хоёрхон удаа явахдаа олонтой харилцах, найз байхын утга учир, хүнд урам өгөхийн утга учир, өөрт байгаагаа бусадтай хуваалцах хэрэгтэй байдаг гээд л их олон зүйлийн зах зухаас нь сурсан. Иймд энэ “Мөрөөдлийн бууц” зуслангийн дүү нарын маань энэ насанд үлдэж буй мартагдашгүй хамгийн гэгээн дурсамж нь энд л бий болж байгаа юм. Ялангуяа Монгол хүн байхын утга учрыг ахуйн соёлоосоо суралцаж байгаа нь бидэнд нэгийг бодогдуулж хоёрыг тунгаахад хүргэсэн. Монгол Улсад минь яг ийм зуслан байдаг болов уу?

Мөрөөдлийн бууц”-д хүсэл биелнэ

Мөрөөдлийн бууц”-д хүсэл биелнэ

Зохиогч: Нийтлэл: Өвөр Монголын Их Сургуулийн бакалавр Түмэнцогт Ануундарь

Эх сурвалж: solongonews.mn

Их уншсан

холбоотой мэдээ