Монгол соёлоо хадгалсан Үзэмчин нутгаар аялсан тэмдэглэл

2017-08-02 19:07:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Зүүн Үзэмчин хошуу нь Өвөр Монголдоо Монгол үндэстнийхээ уламжлалт соёлоо нэлээд сайн хадгалж байгаа нутаг орны нэг юм билээ.

Миний бие хэдийгээр ӨМӨЗО-ны төв Хөххотод ирээд долоон жил болж байгаа ч энэ нутгийн хөдөө нутгийн ахуй амьдралын талаар тодорхой ойлголтгүй байлаа. Өвөр Монголын хотууд болох Бугат, Ордос гэх мэт хот суурингаар аялж байсан хэдий ч хөдөөний амьдрал тэр дундаа малчны хотонд очиж байгаагүй юм. Энэ удаагийн "Солонго" аялал маань надад гайхалтай боломжийг олгож малчны хотод амьдрал хэрхэн өрнөдгийг өөрийн биеэр үзэх, мөн тэднийг даган илүү ихийг ойлгож суралцах сайхан нөхцөлийг бүрдүүлж өгсөн билээ.

Монгол соёлоо хадгалсан Үзэмчин нутгаар аялсан тэмдэглэл

Бидний энэ удаагийн аялал Өвөр Монголын малчдын хотоор зочлон тэдний ажил амьдралтай танилцаж, өөрийн биеэр ажил үйлсэд нь оролцох байв.

Манай аялал Өвөр Монголын Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Хүрээт сумын Баяннуур багаас эхэллээ. Зүүн Үзэмчин хошуу нь Өвөр Монголдоо Монгол үндэстнийхээ уламжлалт соёлоо нэлээд сайн хадгалж байгаа нутаг орны нэг юм билээ. Энэ нутгийн малчид нь орон нутгийн малын үүлдрээ сайжруулахын зэрэгцээ махны чиглэлийн үхэр, сүүний чиглэлийн үнээ үржүүлж байгаа нь үнэхээр бахархмаар. Одоогийн хүмүүс байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэдэг болсонтой уялдаад Зүүн Үзэмчин хошууны малчид малынхаа хишиг буян болох мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн боловсруулж борлуулах ажилд түлхүү анхаарч байна.

Монгол соёлоо хадгалсан Үзэмчин нутгаар аялсан тэмдэглэл

Малчны амьдрал нь Монгол Улсын малчдын амьдралтай ерөнхийдөө адилхан бөгөөд ялгаатай тал нь гэвэл малчид нь нүүдэлчин бус суурин амьдардаг ба зарим нэг сүү цагаан идээ боловсруулах тал дээр өөр санагдаж байсан. Газар нутгийг тухайн гэр бүлийн ам бүлийн тооноос хамаарч адил бус хэмжээтэйгээр эзэмшүүлдэг бөгөөд тухайн газар нутагтаа суурьшиж амьдардаг онцлогтой. Хэрэв тухайн айлын эзэмшил газар нь гандуу ч юм уу ямар нэг шалтгаанаар ашиглах боломж бага бол улсаас тухайн өрхөд нөхвөр мөнгө олгодог юм байна лээ.

Монгол соёлоо хадгалсан Үзэмчин нутгаар аялсан тэмдэглэл

Суурьшмал амьдралтай болохоор маш сайхан тохижсон, хотын айлаас дутахааргүй сайхан амьдардаг нь илүү сонирхол татаж байсан.

Долоо хоног хэдийгээр бага хугацаа ч бидний хувьд аяллын туршид маш ихийг суралцаж, илүү ихийг мэдэж, Монголын болон Өвөр Монголын малчин айлын амьдралын хэв маяг чухам юу нь адил юу нь адил бусыг өөрийн нүдээр харж, бага насны дурсамжуудаа ам уралдан ярилцаж, тухайн нутгийн уугуул малчдын хууч ярианаас ихийг сонсож мэдэхээс гадна ажил хөдөлмөрийг нүдээр харж, гар бие оролцсон олон сайхан мартагдашгүй дурсамжтай хоцорсон үр өгөөжтэй сайхан аялал боллоо. Энэхүү гайхалтай дурсамж дүүрэн аяллыг бүтээлцсэн багийн хамт олондоо болон Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны Солонго мэдээллийн төвийн хамт олондоо баярлаж талархсанаа илэрхийлээд цаашдын ажил хөдөлмөрт нь арвин их амжилтыг хүсье!

Монгол соёлоо хадгалсан Үзэмчин нутгаар аялсан тэмдэглэл

Монгол соёлоо хадгалсан Үзэмчин нутгаар аялсан тэмдэглэл

Зохиогч: Нийтлэл: Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн магистрантур Буянтогтох Ариунаа

Эх сурвалж: solongonews.mn


Их уншсан

холбоотой мэдээ