Сэтгэлд хоногшсон тэр нэг өдөр

2017-08-03 08:36:41
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Бэлчээрийн хувьд маш сайн, гол устай үхэр малд ээлтэй газар санагдсан.

Өнөөдөр (7 дугаар сарын 18-ны өдөр) бид зорьсон газартаа ирлээ. Замд яваад ч тэр үү бүгд их л ядарсан бололтой. Гэвч хөдөөний энэ сайхан цэнгэг агаар, байгалийн цогц үзэмжид өөрийн эрхгүй татагдаж юм бүхнийг сониучлан байлаа.

Бидний аяллын хоёр дахь өдөр буюу анхны өртөө маань эгэл жирийн нэгэн малчны хот байв. Бид Шилийн хотоос гараад Баян сум, Эх булаг, Ээж нуур зэрэг сумдаар дамжин Зүүн Үзэмчин хошууны нутагт ирсэн. Зорьсон айл маань сумын төвөөс 76 километрт орших Хүрээт сумын Баяннуур багийн малчин "Саальчин" нэртэй мах сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж буй Зоригтынх байлаа. Биднийг очиход цаг аль хэдийн 20:00 цагийг заажээ. Яг нар жаргахтай зэрэгцэн зорьсон газартаа ирсэн бид тэр мөчийн байгалийн үзэмжийг бишрэн ярилцаж зураг татуулан дурсамжаа эхлүүллээ.

Сэтгэлд хоногшсон тэр нэг өдөр

Ажилч малчин Зоригт гуай болон түүний гэргий Сарнай нар маш залуухан гэр бүл бөгөөд хүү охинтой өнөр өтгөн айл юм. Тэдний том хүү болох Номиндалай нь Шилийн хотын Ажил мэргэжлийн дээд сургуульд компьютерынмэргэжлээр суралцаж төгссөн. Бага охин болох Нараа нь одоогоор оёдлын мэргэжлээр Ажил мэргэжлийн дээд сургуульд суралцаж байгаа бөгөөд энэ 9 сараас Монгол Улсад явж мэргэжил дээшлүүлэн суралцахаар төлөвлөж байгаа юм байна. Зоригт гуайн гэргий Сарнай эгч маань ажилч шалмаг үнэхээр мундаг бүсгүй.

Зоригт ах

Зоригт ах

Сарнай эгч

Сарнай эгч

Зоригт ах болон Сарнай эгч хоёрын аав ээжүүд нь удмаараа мал маллаж байсан бөгөөд бага балчир наснаасаа мал төлтэй ойрхон өссөн туршлагатай малчид. Энэ айлын хотонд үхэр, хонь, адуу нийлсэн 500 толгой мал сүрэг бэлчдэг. Ажилсаг гэр бүлийнхэн маань малаа хөлөөр нь борлуулахаас гадна амийг нь гаргаж худалдаалдаг. Жилд 300-400 килограмм ноос авдаг. Мөн сүү цагаан идээгээ боловсруулж хурууд, сүүн чихэр, зөөхий, сүүн хурууд, шар тос гэх мэт маш олон төрлөөр  худалдаалж байв. Зоригт ахынх өнгөрсөн жилээс хөдөө гэртээ "Саальчин" нэртэй мах, сүүн бүтээгдэхүүн борлуулах цэг гаргасан бөгөөд нэг сард дунджаар 5000-6000 юанийн ашигтай байдаг байна. Энэхүү ашгаа зөвхөн зуны хэдхэн сард л олдог юм билээ. Тэд зөвхөн сүү сүүн бүтээгдэхүүнээр 10 мянган юанийг олж байсан тухайгаа хуучилж байсан. Хөдөөний малчид хотод олноороо ирж суурьших болсон өнөө цаг үед малын гаралтай түүхий эдээр хөдөө нутагтаа олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга технологийг бие даан хийж, малчин хүн орлогоо нэмэгдүүлэх, улмаар үндэсний үйлдвэрлэлдээ хувь нэмэр оруулж байгаа нь үнэхээр гайхалтай.

Оюутан Б.Ариунаа

Оюутан Б.Ариунаа

Бэлчээрийн хувьд маш сайн, гол устай үхэр малд ээлтэй газар санагдсан. Өвөр Монголын Өөртөө Засах Орны бүх малчин өрхөд адил бус хэмжээний нутаг дэвсгэрийг өмчлүүлэн өгсөн бөгөөд яг л энэ өмчилсөн нутагтаа мал сүргээ өсгөн үржүүлж амьдардаг юм байна. "Урьд өмнө нь нутаг дэвсгэрийг өмчилж хуваагаагүй байхад дуртай газраа нүүж, мал сүрэг нь ч өвс тэжээлийн соргогийг түүж идээд л үнэхээр сайхан байсан гэнэ. Анх бэлчээр хуваах үед дасаж дадахгүй, мал тогтохгүй хэцүүхэн байлаа. Харин одоо мал хүнгүй дассан хэмээн Сарнай эгч маань хүүрнэн суусан. Одоогоор энэ айл 360 га газар нутгийг бэлчээрийн зориулалтаар ашиглаж байгаа аж. Хадлан бэлчээрийг бороо ус сайн бол нутгаасаа бэлдэж, гандуу бол гаднаас худалдаж авдаг юм байна. Өнгөрсөн хэдэн жил бороо хур муу, хэт халалтын улмаас ихэнх нутгаар ган болжээ. Харин энэ жил үе үе хэд хэдэн удаа бороо орсны улмаас ган тайлагдан бэлчээр сэргэж, хүн малын зоо тэнийжээ.

Сэтгэлд хоногшсон тэр нэг өдөр

- Өвс бэлчээр сайхан уудам тэнүүн талдаа мал сүргээ өсгөөд амьдрах л жаргал юм даа. Малынхаа махыг идэж, сүү цагаан идээгээ боловсруулан хэрэглээд сэтгэл тайван сайхан амьдарч байна. Ган гачиг өвлийн зудыг эс тооцвол малчны амьдрал үнэхээр сайхан Зоригт ах мал маллавал ам тосоддог гэдгийг сануулах шиг ярилаа.

Сэтгэлд хоногшсон тэр нэг өдөр

Ажилч хөдөлмөрч энэ айлын маань амьдрал үүрийн дөрвөн цагаас эхэлдэг юм байна. Манай аяллын багынхан цагтай уралдан эртлэн босч тэдний ажилд туслахаар шамдсан орсон. Хамгийн эхний ажил бол үнээ саах байв. Өмнө нь нэг ч удаа үнээ сааж үзээгүй миний хувьд хэцүүхэн төсөөлөгдөж байсан. Үнээний хөхнөөс барьж үзээгүй надад үнэхээр хатуу санагдаж билээ. Гэсэн хэдий ч монгол хүн болсон хойно чадах л ёстой. Манай багийн зарим гишүүд гарамгай гэгчийн сааж их сүү авч билээ. Үнээнүүд нь нэг хүнээр саалгаад сурсных ч юм уу Сарнай эгчээс өөр хүн саавал тогтож өгөхгүй ийш тийш яваад л үргээд л. Бид үнээгээ сааж дуусахтай зэрэгцэн хэсэгхэн зуурын ширүүн бороо шаагьж гар гартаа барьсан хувинтай сүүгээ аван зэлэн дээрээс гэрийн зүг уралдлаа. Өглөөний цайгаа амтархан уугаад Сарнай эгчтэй цагаан идээ боловсруулахаар бэлтгэл ажилдаа орлоо. Ерөнхийдөө сүү цагаан идээ боловсруулах арга нь Монгол Улсын малчдын боловсруулж байгаатай адилхан санагдсан. Бид цугтаа хурууд зүсэж, сүүн хурууд, сүүн чихэр хийж, зөөхий шар тос гарган авсан. Айраг бүлэхдээ нэг хүн 1000 удаа бүлэх ёстой байдаг юм байна лээ. Их сонирхолтой бас тэрүүхэндээ хүнд ажил, гар их хөшнө. Цагаан идээгээ боловсруулж дуусаад Зоригт ахыг даган үхэр услахаар үхрийн бэлчээрийн газар явцгаав. Суурин газраас нь бараг 7-8 километр яваад нуурын эрэг дээр ирж үхрээ услаад буцлаа. Нуурын эрэг дээр дурсамжаа бас үлдээгээд амжсан юм.

Сэтгэлд хоногшсон тэр нэг өдөр

Миний сонирхлыг татсан бас нэг зүйл нь тэдний бэлчээр нутаг дундуур явсан хуучны зам байлаа. Өмнө нь бэлчээр нутаг хуваагаагүй байх үед тэр хэсгээр нэлээд тод зам зурайж байжээ. Гэвч тэр нь бэлчээр нутаг хувааснаас хойш ашиглагдахаа больсон байна. Бага төл мал нь тэр хэсэг зам дээр бүдэрч ойчоод байсны улмаас Зоригт ах Сарнай эгч хоёр маань нэгэн мэргэн санаа олж тэрхүү замыг тэгшлэхийг хүсчээ. Замын дагуу маш их өтгө бууц асгаж, борооны усанд уусан газрын гүнээ бордоо болон шингэж, ямар ч эвдрэл гэмтэлгүй хөрс мэт өвс ургамал ургах таатай орчныг бүрдүүлж өгчээ. Миний мэргэжилтэй холбоотой болоод ч тэр юм уу үнэхээр сонирхол татаж байсан. Ажилсаг мундаг гэр бүлийг магтаад баршгүй.

Сэтгэлд хоногшсон тэр нэг өдөр

Ийнхүү манай багийн хамт олон Зоригт ахын нэг өдрийн ажил хөдөлмөртэй нь танилцаж, гар бие оролцон малчны хотноо бага насны дурсамжаа сэргээж, цэвэр агаар таатай орчинд инээд хөөр баяр баясал дурсамж дүүрэн яриа өрнүүлсээр нэг өдөр нэг шөнийг өнгөрөөсөн билээ. Биднийг маш найрсаг дотноор хүлээн авч, амьдрал ахуйтайгаа танилцуулсан Зоригт ахынхаа гэр бүлд энэ хорвоогийн хамгийн сайн сайхан дээдийг хүсэе.

Сэтгэлд хоногшсон тэр нэг өдөр

Зохиогч: Нийтлэл: Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн магистрантур Буянтогтох Ариунаа


Эх сурвалж: solongonews.mn


Их уншсан

холбоотой мэдээ