​Лхасын гурван гайхамшиг:Уламжлалт шашин суурьтай ёс суртахуун төвөд залуусын үнэт зүйл болж байна:Монголын сэтгүүлч, судлаач нарын Төвөдийг зорьсон тэмдэглэл-7

2019-11-20 11:06:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Б.ЭНХЦЭЦЭГ

Лхас хотын урд хэсэгт буюу Лхас голын өмнөд эрэгт Цижюлин гэж эгэл жирийн уулын тосгон байж. Суугчид нь сарлагаа хариулж, ногоогоо тарьж эгэл жирийн төвөд ахуйгаа хөтөлж асан цаг тун саяхан. Гэтэл БНХАУ-ын Коммунист намын Төвөдийг хөгжүүлэх бодлогоор уг тосгоны хүн амыг 2013 оноос эхлэн тоглогдох шинэ театрын жүжигчид, ажилтан албан хаагчид болгохоор гэнэт шийдэв. Тосгоны нутаг дэвсгэр задгай театрын тайзад яг таарах газраар сонгогдсон тул дээр нь аж төрөх хүмүүсийн хувь тавилан, ажил амьдралын хэв маягийг үндсээр нь эргүүлж орхив. Анх энэ шийдвэрийг сонссон тосгоны иргэдийн реакцаар кино хийвэл инээдмийн жанр давамгайлж таарна даа. 400 гаруй нь найрал дуу, олны хэсгийн бүжигт жүжигчнээр тэнцэж, үлдсэн нь театрынхаа техник, хангамжийн хэсэгт зүтгэж, тосгон даяараа дэлхийд гайхуулах Төвөдийн орчин үеийн урлаг-шинэ брэндийн нүүр царай болсоор зургаа дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Ингээд тэд юу хийж чадсаныг онцолъё.

21.30 цагаас 90 минут үргэлжлэх "Вэнчэн гүнж" хөгжимт драмын жүжиг эхлэхээс өмнө тал дугуй задгай стадионд үзэгчид суудлаа эзлэв. Гадаа харанхуй, тайзны оронд уулс л харагдана. Тан улсын гүнж Вэнчэн Төвөдийн хаан Соронзонгомботой гэрлэсэн түүхийг дуу, бүжгээр өгүүлэх эл жүжиг эхлэхэд эдгээр уулсын өмнө 1300-гаад жилийн өмнөх амьдрал хүчирхэг хаант төр, сүрлэг орд харш, үй түмэн ард олонтойгоо хамт уран сайхнаар ургасан юм. 25 мянган метр квадрат талбай бүхий бодит байгальд тэнгэр, нар, сар, уулс, нүд алдам тал, өнгийн цэцэгс, цөл, шуурга, өргөн их мөрөн гээд орчлонгийн бүхий л гоо үзэгдэл дэглэгдэж, 4000 үзэгчийн дээрээс улирал солигдон бороо шивэрч, цас хаялах нь хорвоо тэр чигтээ уран сайхан агаад хүн ямар ихийг бүтээж чаддагийг мэдрүүлэн сэтгэл хөдөлгөх аж.

Нийт 800 орчим уран бүтээлч хамтран тоглодог "Вэнчэн гүнж" нь 750 сая юань зарцуулснаараа дэлхий дээрх хамгийн өндөр хөрөнгө оруулсан драмын жүжигт тооцогдож байна. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын 31-нд 180 удаа тоглодог эл жүжгийн тасалбар суудлаасаа шалтгаалан 380-1280 юанийн үнэтэй бөгөөд 120-150 см өндөртэй хүүхэд 50 хувь хөнгөлөлттэй үнээр үздэг. Тасалбараа 2-4 сарын өмнө захиалахгүй бол Төвөдөд очсон хойноо авах гэвэл дууссан байх вий.

Потала ордон

Дээрх театрын чанх хойд зүгт, Лхас гол гаталбаас Потала ордон бий. Театрын тайзнаас харсан үлгэрийн мэт Поталаг бодитоор үзэлгүй буцвал Төвөдөд аялаад ч яах билээ. Поталагийн чулуун шатаар өгсөж явахад одоогоос 1382 жилийн өмнө үүнийг хийе гэж сэдсэн Соронзонгомбо хааны оюун бодолд эргэлзмээр. Хүчит техник гэж юу байдгийг огт төсөөлж ч мэдэхгүй хэрнээ уулын оройг тэгшилж байгаад дээр нь хад чулууг хавтан болгож, уулын моддыг цаас шиг урлана гэж сэтгэсэн нь сүсэг бишрэл гээч зүйл эгэл хүмүүсээр энгүй ихийг бүтээлгэж чадахыг олж харсан л хэрэг. Төвөдийн хаан өөрт нь хойд зүгийн их гүрнээс ирсэн Вэнчэн гүнжийн нөлөөгөөр анх төлөвлөсөн ордноо 999 тасалгаатай болгон өргөжүүлж, цамхагуудаар гоён, ус зайлуулах хоолой гэдгийг шийдсэн юм билээ. Ингээд харахаар итгэл үнэмшил, хайр дурлал Поталагийн мөн чанар мэт.

Тавдугаар Далай ламын санаачилгаар 1645 онд Потала ордон өнөөгийнхөө төрхөд дөхөн сүндэрлэжээ. Ордны улаан хэсэгт шашны, цагаанд нь төрийн хэргийг шийдэх болон хаан амьдрах байдлаар төлөвлөж. Модон бариул нь мөлийж элэгдсэн огцом эгц чулуун шатнууд нэг даврхаас нөгөө рүү, ханан дахь бурхадын танка зургууд нэг танхимаас өөр тасалгаанд хүргэнэ. Үе үеийн Далай лам нар үүгээр яг тан шиг алхаж байсан мянган жилийн түүхээр Та хэн нэгэнтэй зэрэгцэх биш ар араасаа цувран өгсөж, уруудах л боломжтой нарийхан гэгчийн шат, хонгилуудаар дамжин аялна. Далай лам нарын шарилыг хадгалсан бунхануудыг ёстой л шижир алт, шүр, сувдаар "уйлуулан" босгожээ. Эндэхийн нэгээхэн буланд Монголын нийслэлийн анхны план зургийг танкад буулгасан хамгийн эхний хувилбар хадгалагддаг бөгөөд тэр тасалгаа өөр бусад зарим өрөөний адил цоожтой үлдсэн байна.

Потала ордны адил 1994 онд ЮНЕСКО-д хүн төрөлхтөний соёлын өв болж бүртгэгдсэн суу алдарт нэгэн хийд Лхаст байдаг нь Жокан буюу монголчууд бидний өвөг дээдэс нэрлэж заншсанаар Их зуу бөлгөө. Мөнөөх Соронзонгомбо хаан энэ хийдийг 639 онд Тан гүрний гүнж Вэнчэн болон Непалын гүнж Брикүти хоёртоо ав адилхан зориулан, гол шүтээнд Буддагийн ариун Шагжамүни бурханыг бүтээлгэж сэтгэл зүрхээ дархалсан түүхтэй. Поталагаасаа дутахгүй ёстой нэг хөл тавих зайгүйн дээр нэг давхар дахь нийтэд нээлттэй үзмэрийн талбай өргөнөөс болсон уу, би лав хамт явсан хүмүүсээсээ төөрч орхисон. Ер нь төөрөхгүй дуусгахад түвэгтэй их хөлийн газар болохоор нь манайхан эртнээс Их зуу хэмээн нэрийдсэн ч байж мэдэх.

Бархорын гороо

Их зуу хийдийн баруун биеэр хойш өгсөн зүүнээр нь уруудан гороолдог Бархор хэмээх түүхэн гоё гудамж бий. Хоёр талдаа эгнэсэн хоршоо, мухлагуудтай хуучны маягийн чулуун гудам юм. Эд зүйл сонирхохгүй мөрөөрөө гороолж дуусахад Та яг нэг километр алхана. Харин юм үзээд, худалдаа хийгээд явбал хэдэн цаг ч зарцуулж мэдэх газар юм билээ. Жуулчид л тэр гудамжаар бясалгахгүй, гороолохгүй шоппингдож явдаг гэвэл үгүй. Төвөдүүд өөрсдөө өргөнөөр наймаалцдаг их газар харагдсан шүү. Тиймээс энэхүү нэгэн гудамжнаас төвөдчүүдийн царай төрх, зан маяг хийгээд эд барааны янз төрлийг сонирхоход хамгийн тохиромжтой газар гэж ойлгож болно.

Бид энд яг нэг цаг болоод автобусандаа цуглахаар болов оо. Эртний, хуучин эдлэлүүд хараа булаах юм аа. Жинхэнэ шүр шигтгэсэн эдлэл энэ зах дээр байдаг л юм байна. Монгол хүүхний сэжигч зангаар ямар ч зовлонтой хувь тавилан туулсан хүний хэрэглэж явсан эд болоод энд хүрээд ирээ билээ гээд үнэ хөлс асуусангүй. Сайн сайхан үр хүүхэдтэй жаргаж амьдарсан хүний эдлэл юунд л лангуунд зарагдахаа хүлээв гэж, тийм ээ? Хэрэв надад цаг зав байсан бол авах юм шиг царайлж байгаад үнийг нь сайн буулгаж аваад энэ тэмдэглэлдээ үлдээхгүй юү.

Хиймэл шүр, оюугаар хийсэн ханын элдэв гоёл, ээмэг, бөгж бол харин худалдаж авахаар л харагдсан. Төвөдөд аялал жуулчлал хөгжиж байгаа хэрээр гар урлалаа сайн боловсруулж байх шиг санагдсан. Жижигхэн шүрэн шигтгээтэй ээмэг 100 юань гэхээр маш боломжийн үнэ мэт. Эндээс чанар чансаа гэхээсээ хамгийн гол нь төвөд хийцийн гар урлал авна шүү дээ. Эрих, хүрд, цөгц, арц унгатгах сангийн бойпор, хүж уугиулах тавиур энэ тэрийн хийц загвар урлаг юм гэдгийг дахин ойлгож явлаа. Ёстой нөгөө "өнгө загварын өргөн сонголттой" гэдэг шиг. Харин танка зураг ер үнээ "ярихгүй" юм. Урлангууд байна, дэргэдээ лангуутай. Хааш хааш 20 см-ийн нэг жижиг хот мандал асуухад 1000 юань гээд хөдлөөгүй. Төвөд хийц, төвөд урлал, буддын шашны түүх талаасаа давтагдашгүй юм гэж бодоод авах аяны хүн бишгүй л байдаг бололтой.

Төвөдчүүд өөрсдөө данагар том шигтгээтэй, овор хэмжээг нь харахад эдэлж зүүхэд нүсэр зүйлс хэрэглэх юм. Нэг сайхан зантай залуугийн дэлгүүрээс Бурхан багшийн хөөмөл авсан биш, лангууныхаа араас шүрэн нүүртэй Жамсран бурханы дайтай аварга баг гаргаж ирж намайг золтой ухаан алдуулчихсангүй. Эмэгтэй хүний толгойн гоёл гэнэ ээ. Зүүгээд үз гээд, бүр зүүж өгөх гээд. Урмыг нь бодоод толгой дээрээ тавьлаа. Хүнд гэж жигтэйхэн юм, сайхан зохиж байна гэхээр нь толинд харсан чинь ээ бурхан минь, манайхан тэр үед намайг харсан бол татаж унахгүй юу. "Миний юм биш байна" гээд бушуухан тайллаа даа.

Бархорт худалдаа хийх бол худалдаа хийж байгаа хүний санал болгож буй үнэ эцсийнх биш гэдгийг санах хэрэгтэй. Толгой дотроо тэр дүнг дөрөвт хувааж байгаад тооны машинд нь хийгээд үзүүл. Ингээд та хоёрын наймаалцах ажил эхэлнэ дээ. Тохирохгүй юм байна гээд гараад явахад худалдаачин хүсвэл араас чинь дуудамз. Төвөд наймаачин гэдэг нэг тийм жүжигчин ч гэмээр хөгтэй л улс билээ дээ.

Энд бас төвөд үндэсний иж бүрэн дээл хувцас, уламжлалт гоёл чимэг бүхий салон байна. Эхлээд нүүрээ будуулж, үс гэзгээ самнуулаад тэдгээр гоёлыг өмсөж зүүгээд дурсгалын зураг авахуулж болмоор. Төвөд залуус хуримын зургаа энд ирж авахуулж байгаатай таарсан. Үлгэр домгийн хүмүүс шиг л харагдана лээ.

Ингээд бид болзсон цагтаа гэдрэг буцахаар автобусныхаа дэргэд цуглалаа. 60 минутын дотор хэн ямар зүйл худалдан авч амжсанаа харилцан сонжиход Бархор ер нь л харагдаж байдаг шүү.

Их уншсан

холбоотой мэдээ