Европын орнууд хатуу дэглэм барьж байна
2020-10-24 16:23:30  

23-нд Их Британийн үндэсний статистикийн газрын нийтэлсэн тайлангаас үзвэл, 10-16-ны өдрүүдэд Их Британид өдөрт дунджаар бараг 352 мянган хүн коронавирусийн халдвар авсан нь үүнээс өмнөх долоо хоногоос дунджаар 7000 орчмоор нэмэгджээ. Тайлангаас харахад, 9-р сард Англи бүсийн хүн амынх нь 9.6 хувиас коронавирусийн эсрэг биет илэрсэн нь эдгээр хүмүүс коронавирусийн халдвар авсан гэдгийг гэрчилж байна. Үүнд Лондоны бүсинй хүмүүсээс эсрэг биет хамгийн олон илэрчээ. Тэгвэл Их Британийн олон бүс нутаг мөн өдрөөс халдварын эсрэг хамгийн хатуу дэглэм, арга хэмжээг хэрэгжүүлж эхэлжээ.

Орон нутгийн цагаар 23-ны 01 цаг 01 минутад, Их Манчестер бүсэд тус улсын халдварын эсрэг хамгийн өндөр зэрэглэл болох 3-р зэрэглэлийн дэглэм хэрэгжүүлж эхэлсэн бол Ливерпуль, Ланкашир зэрэг хотуудад аль эрт халдвараас урьдчилан сэргийлэх, хянах хамгийн өндөр зэрэглэлийн арга хэмжээг авсан байна. Өмнөд Йоркширт 24-ний 01:01 минутаас хяналтын 3-р зэрэглэлийн дэглэм тогтоов. 3-р зэрэглэлийн хяналтын арга хэмжээнд: архины мухлагт хоолоор үйлчлэхгүй, бааруудыг түр хаах, гэр бүлийн бус хүмүүс олон нийтийн газар цугларахыг хориглох, тус бүс нутгаас гарч орох зорчигчдод засгийн газраас зааварчилгаа өгөх зэрэг агуулга хамрагджээ.

Мөн өдөр Италийн хойд хэсгийн Ломбарди бүсийн захиргаа эмнэлгийн бодит нөхцөл байдлын дагуу яаралтай бус мэс заслын тоо хэмжээг бууруулах шийдвэр гаргасан бөгөөд 23-аас эхлэн Миланы хурал үзэсгэлэнгийн төвийн түр эмнэлгийг дахин ажиллуулж, мөн өдөр тус бүсийн бусад эмнэлгээс анхны 6 хүнд өвчтөнийг шилжүүлж эмчилжээ.

Орон нутгийн цагаар 22-ны өдөр, Словакийн Ерөнхий сайд Матович хэвлэлийн бага хурал хийж, үндэсний хэмжээнд "хөл хорио" тогтоож, энэ сарын 24-нөөс 11-р сарын 1-ний хооронд хүмүүсийн зорчих эрх чөлөөг хатуу хязгаарлах болсноо мэдэгджээ.

Португалийн хэвлэл мэдээллийн мэдээлснээр, орон нутгийн цагаар 23-нд тус орны парламент заавал маск зүүх тухай тогтоолыг баталж, дор хаяж 70 хоног хэрэгжүүлэх бөгөөд сунгаж болно хэмээн заажээ.

23-ны өдөр, Люксембург халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг улам эрчимжүүлнэ гэдгээ мэдэгдээд, 26-наас эхлэн нэг гэр бүлээс зөвхөн 4 хүн нь гаднын хүмүүстэй харилцах боломжтой бөгөөд өдөр болгон 23 цагаас дараа өдрийнх нь 6 цаг хүртэл хөл хорио тогтоож, спортын уралдаан тэмцээнийг түр зогсоохоор шийджээ. \Ренчинсоо\