Олон орны тахлын нөхцөл байдал
2020-11-21 15:27:56  

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлснээр, Европын төв нутгийн цагаар 11-р сарын 20-ны 15 цаг 59 минут, Бээжингийн цагаар 20-ны 22 цаг 59 минутын байдлаар, дэлхийн хэмжээнд ганц өдөрт КОВИД-19-ийн халдварын тохиолдол 620 мянга 744-ээр нэмэгдэж, нийт 56 сая 623 мянга 643 болов. Халдварын улмаас нас барсан хүний тоо 10 мянга 516-аар нэмэгдэж, 1 сая 355 мянга 963 болов.

Америкийн Жон Хопкинсийн Их Сургуулийн мэдээлснээр, Бээжингийн цагаар 21-ний 7 цаг 25 минутад дэлхийн хэмжээнд халдварын тохиолдол 57 сая 427 мянга 358-д хүрч, 1 сая 369 мянга 767 хүн нас барсан бол Америкийн халдварын нөхцөл байдал хамгийн хүнд хэцүү байж, оношлогдсон тохиолдол 11 сая 893 мянга 96-д хүрч, 254 мянга 271 хүн нас баржээ.

Европын Холбооны удирдагчид 19-ний орой видео хурал хийж, цар тахлын эсрэг ажил байдлыг авч хэлэлцсэн бол голдуу түргэн шуурхай шинжилгээ хийх, вакцин тарих, хатуу хоригийг чөлөөлөх зэрэг талаар зохицуулалтаа эрчимжүүлэхийг авч хэлэлцжээ.

Киприйн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Кириакос Кушос 19-нд мэдэгдэл нийтэлж, тус орны хөдөө аж ахуйн сайд КОВИД-19-ийн шинжилгээний дүнд нь эерэг гарч, өдгөө тусгаарлалтад ороод байна гэжээ.

ДЭМБ-ын Европын бүсийн ажил эрхэлсэн газрын дарга Клуг 19-нд цахим хэвлэлийн хурал хийлгэж, энэ долоон хоногт Европт халдварын тохиолдол өмнө долоо хоногоосоо бага зэрэг буурсан ч нөхцөл байдал мөн л хүнд хэцүү хэвээр байна гэжээ.

Түүнчлэн Мексикийн халдварын улмаас нас барсан хүний тоо 100 мянгыг давж, Энэтхэгт халдварын тохиолдол 9 саяыг давж, Монголд 20-ны өдрийн 17 цагийн байдлаар нийт 557 хүн халдвар авсны 357 нь эдгэрч эмнэлгээс гарчээ. Мөн орон нутгийн цагаар 20-ны 20 цагийн байдлаар Японд халдварын тохиолдол 128 мянга 348 болж, Румынд халдварын нийт тохиолдлын тоо 400 мянгыг давав.