1-р сарын 29-нд, Хятад улс руу борын хүдэр экспортлох Туркийн галт тэрэгний анхны цуваа Анкара буудлаас Хятадын Ши-ань хот руу хөдөллөө. Туркийн Эрчим хүч, байгалийн нөөцийн сайд Фатих Донмез, Тээвэр, дэд бүтцийн байгуулалтын сайд Адил Карайсмайлоглу нар тусгай галт тэргийг үдэн мордуулах арга хэмжээнд оролцов.
Тухайн орон нутгийн цагаар 1-р сарын 29-ний өдөр 1000 тонн борын хүдэр ачсан 42 контейнерээс бүрдсэн ачааны галт тэрэг Туркийн нийслэл Анкара хотоос Хятадын Ши-ань хотыг зорилоо. Энэ бол Туркээс Хятад руу экспортын бараа тээсэн гурав дахь галт тэрэгний тусгай цуваа бөгөөд мөн борын хүдрийг Хятад руу төмөр замаар экспортолж буй анхны тохиолдол юм. Төмөр замаар тээвэрлэх нь тээврийн хугацааг ихээхэн богиносгох болно гэж Туркийн Эрчим хүч, байгалийн нөөцийн сайд Фатих Донмез, тээврийн галт тэрэг хөдлөх ёслолын арга хэмжээний үеэр хэллээ.
"Далайн болон хуурай замын тээврээр ихэвчлэн 45-60 хоног аялж байж Хятадад хүрч очдог байсан бол одоо төмөр замаар 15 хоногийн дотор хүрч очно."
Борын хүдэр бол өргөн хэрэглээний химийн эрдэс бодис бөгөөд түүний бүтээгдэхүүнийг шил, металл, анагаах ухаан зэрэг салбарт өргөн хэрэглэдэг. Турк нь борын хүдрийн нөөц ихтэй, дэлхийн борын хүдрийн нөөцийн гуравны хоёр орчим хувийг эзэлдэг бөгөөд дэлхийн хамгийн том борын хүдэр экспортлогч орон юм.
Фатих Донмез танилцуулахдаа, цар тахлын нөлөөнд өртсөн хэдий ч 2020 онд Турк улс мөн л 1 сая 730 мянга орчим тонн борын хүдэр экспортолж, борын хүдрийн дэлхийн эрэлт хэрэгцээний 57 хувийг хангаж чадсан. Үүнд Турк улс Хятад руу 700 мянга орчим тонн борын хүдэр экспортолсон нь борын хүдрийн нийт экспортын 40 орчим хувийг эзэлж байна. Хятад улс бол Туркийн ашигт малтмалын экспортын чухал зах зээл мөн гэжээ.
"Хятад улс бол Туркийн экспортын чухал зах зээл юм. 2020 онд Турк улс Хятад руу 5.8 сая тонн ашигт малтмал экспортолсон."
Туркийн Зам тээвэр, дэд бүтцийн сайд Адил Карайсмайлоглу ч галт тэрэг хөдлөх ёслолын үеэр, "Төмөр замын Торгоны зам" -аар Хятад руу бараа бүтээгдэхүүн экспортлох тусгай галт тэргийг дахин ажиллуулж байгаадаа маш баяртай байна. Хятад улсын санаачилсан "Бүс ба зам" санаачилга нь эртний Торгоны замыг сэргээхэд тустай бөгөөд Туркийн хувьд маш чухал ач холбогдолтой гэдгийг онцоллоо.
"Хятад, Ази, Европ, Дундад Дорнодыг холбож, томоохон зах зээлийг бий болгох зорилготой Бүс ба зам санаачилга нь Туркийн хувьд маш чухал ач холбогдолтой, тодруулж хэлэх юм бол Турк улсад боломж авчирна гэсэн үг."
Харин Турк улс экспортын худалдааг дэмжих зорилгоор төмөр замд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн“Бүс ба зам” бүтээн байгуулалтад идэвхтэй нэгдэх ёстой. Хятад улсын дэвшүүлсэн“Бүс ба зам” санаачилга нь Туркийг оролцуулсан зам дагуу орнуудад боломж бий болгож байна гэж Туркийн Эрчим хүч, байгалийн нөөцийн сайд Фатих Донмез үзлээ.
Эх сурвалжийн дагуу, энэхүү галт тэрэг Туркээс хөдөлсний дараа зам зуураа Гүрж, Азербайжан, Казахстанаар дайрч, эцэст нь Хятадын Ши-ань хотод хүрнэ. Нийт 7792 километрийн замыг 12 хоногт нугалах төлөвтэй байна. \Ренчисноо\