Ши Жиньпин Египетийн Ерөнхийлөгч Сиси нар утсаар ярив
2021-02-23 10:57:05  

Хятад улсын дарга Ши Жиньпин 2-р сарын 22-ны орой Египетийн Ерөнхийлөгч Сиситэй утсаар ярилаа.

Ши Жиньпин: Египет бол шинэ Хятад улстай дипломат харилцаа тогтоосон анхны Арабын болон Африкийн орон бөгөөд Хятад, Египетийн харилцаа нь Хятад Араб, Хятад Африкийн эв нэгдэл, хамтын ажиллагаа, харилцан ашигтай хамтаар хөгжих үлгэр жишээ юм. Хятад улс Египетийг Хятадын дипломат харилцааны ерөнхий байдлын чухал байранд тавьж ирсэн бөгөөд Египетийн найдвартай найз, түнш юм. Египетийн талын үндэснийхээ бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд гаргасан хүчин чармайлт, түүнчлэн Египетийн ард түмэн өөрсдийн үндэснийхээ нөхцөлд нийцсэн хөгжлийн замаар замнахыг Хятадын тал дэмжиж байна. Египеттэй улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, бие биенээ тууштай дэмжин, олон улсын болон бүс нутгийн асуудлаар зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон талт үзэл, олон улсын шударга ёсыг хамтдаа хамгаалахад Хятад улс бэлэн байна. Цар тахал дэгдсэний дараа Хятад, Египет хоёр орон халдварын эсрэг эд материалыг харилцан хангасаар ирсэн нь зовлон жаргалаа хамтатгасан сайн найзууд гэдгийг бүрэн харуулсан байна. Египет улстай вакцины хамтын ажиллагаагаа бэхжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгтэй эв нэгдэлтэйгээр халдвартай тэмцэхэд нь дэмжлэг үзүүлж, хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогцыг бүтээн байгуулахад Хятад улс бэлэн байна хэмээн онцолжээ.

Хятад, Египетийн ажил хэрэгч хамтын ажиллагаа халдварын сөрөг нөлөөг даван туулж, хөгжлийн сайн эрч хүчийг хадгалж, хамтын ажиллагааны томоохон төслүүд эмх цэгцтэй хэрэгжиж, хууль сахиулах, аюулгүй байдал, сансар судлал зэрэг салбарт нааштай ахиц дэвшил гаргалаа. Хятад, Египет хоёр орон хөгжлийн стратегиа бэхжүүлж, "Бүс ба зам" -ыг хамтдаа бүтээн байгуулах ёстой. Хятадын олон компаниуд Египетэд хөрөнгө оруулан ажил төрөл эрхлэхийг Хятад улс урамшуулан дэмжиж байгаа бөгөөд Египеттэй дэд бүтцийн барилга байгууламж, үйлдвэрлэлийн хүчин чадал, шинжлэх ухаан, технологийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Хятад Египетийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахад Хятад улс бэлэн байна хэмээн Ши Жиньпин онцоллоо.

Сиси ХКН байгуулагдсаны 100 жилийн ойд халуун баяр хүргээд, энэ он бол Египет, Хятад хоёр орон хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна. Египет, Хятад гүн зузаан уламжлалт найрамдалтай бөгөөд хоёр орны найрсаг харилцаа бат бөх байж, олон улсын үйл хэрэгт нягт хамтран ажилладагаас хоёр орны ард түмний ашиг сонирхлыг үр дүнтэй ахиулсан юм. Хонконг, Шиньжян, Тайваний зэрэг асуудлаарх Хятадын талын зарчимт байр суурийг Египетийн тал тууштай дэмжиж, Хятадын тал үндэснийхээ бүрэн эрх, аюулгүй байдал, эв нэгдлийг хамгаалахыг гуйвшгүй дэмжиж, хүний ​​эрхээр шалтаг болгон Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эрс эсэргүүцэж байна. Улам олон Хятадын компаниуд Египетэд хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллахыг Египетийн тал сайшаах бөгөөд Египет, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид дээшлүүлэхийн тулд Хятад улстай хамтран ажиллахад бэлэн байна. Мөн Африк тив болон хөгжиж буй орнууд цар тахалтай тэмцэхэд үнэтэй дэмжлэг үзүүлсээр ирсэн Хятад улсад талархал илэрхийлж байгаа бөгөөд Хятад улстай вакцины хамтын ажиллагааг үргэлжлэн эрчимжүүлнэ гэдэгт найдаж байна гэж онцолжээ. \Ренчинсоо\