Ши Жиньпин, Германы канцлер Меркель нар утсаар ярьжээ
2021-04-07 20:28:03  

4-р сарын 7-нд Хятад улсын дарга Ши Жиньпин, Германы канцлер Меркель нар утсаар ярьжээ.

Ши Жиньпин онцолж хэлэхдээ, Хятад Герман, Хятад-Европын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь маш чухал ач холбогдолтой. Герман, Европ Хятадтай идэвхтэй хамтран ажиллаж, Хятад Герман, Хятад-Европын хамтын ажиллагааны эрүүл тогтвортой хөгжлийг хамгаалан ахиулж байна, энэ нь өөрчлөгдөж буй дэлхий дахинд илүү баталгаатай, тогтвортой байдлыг нэмэрлэнэ гэдэгт найдаж байна. Хоёр тал харилцан хүндэтгэсэн, харилцан ашигтай хамтаар хөгжих үзэл санааг баримталж, Хятад Германы олон салбарын хамтын ажиллагаа үр дүнд хүрэхийг хүсэж байна. Германы компаниудыг оролцуулсан улс орнуудын аж ахуйн нэгжтэй Хятад улсын шинэ ээлжийн нээлттэй хөгжлийн авчирсан боломжуудыг хамтдаа хуваалцахад Хятад улс бэлэн байна. Герман улс нээлттэй байдлаа хэвээр байлгаж, хоёр орны аж ахуйн нэгжүүдэд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд илүү их тав тухыг бий болгоно гэж найдаж байна. Хоёр тал ирэх онд Хятад, Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болон Бээжингийн өвлийн олимпийн боломжийг ашиглан, шинжлэх ухаан, технологи, боловсрол, соёл, спортын салбар дахь солилцоог ахиулах ёстой юм. Одоогийн байдлаар Хятад, Европын харилцаанд хөгжлийн шинэ боломжууд болон олон төрлийн бэрхшээл тулгарч байна. Хамгийн чухал нь Хятад, Европын харилцааны хөгжлийн ерөнхий чиг хандлага, гол санааг сайтар барьж, бие биенээ хүндэтгэсэн, хөндлөнгийн оролцоог арилгах явдал юм. Хятад улсын хөгжил ЕХ-ны хувьд боломж,  ЕХ бие даан зөв дүгнэлт хийж, стратегийн бие даасан байдлаа биелүүлэхийг нь хүсэж байна. Европын талтай хамтаар чармайж, дараагийн шатанд улс төрийн чухал хөтөлбөрүүдийн зохицуулалтыг сайтар хийж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, цаг уурын өөрчлөлт зэрэг дэлхийн засаглалын асуудлаар харилцаа холбоогоо бэхжүүлж, олон талт хамтын ажиллагааг хамтдаа хэрэгжүүлэхэд Хятад улс бэлэн байна гэжээ.

Вакцин бол өвчнөөс урьдчилан сэргийлж, хүмүүсийг аврахад ашигладаг, харин вакциныг улс төржүүлэх буюу "вакцины үндэсний үзэл" болохыг Хятад улс эсэргүүцэж байгаа бөгөөд Германыг оролцуулсан олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран вакцины шударга хуваарилалтыг дэмжиж, өргөн олон хөгжиж буй орнуудад вакцин авахад нь туслан, хүн төрөлхтөн эрт нэгэн өдөр халдварыг ялахад нь хувь нэмрээ оруулахад бэлэн байна хэмээн Ши Жиньпин онцолжээ.

Меркель хэлэхдээ, ЕХ нь гадаад харилцааны хувьд бие даасан байхыг баримталдаг. Өнөөгийн дэлхий ертөнц олон асуудал, сорилтуудад тулгарч байгаа бөгөөд Герман Хятад, Европ-Хятад улс эдгээр асуудлыг шийдвэрлэхийн төлөө хамтран ажиллах нь юунаас ч чухал юм. Европ, Хятад хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь хоёр талын ашиг сонирхолд нийцэх төдийгүй дэлхий дахинд ашигтай юм.Герман улс энэ талаар нааштай үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна. Хятадын "14-р таван жилийн төлөвлөгөө" -г Германы тал чухалд үзэж байгаа бөгөөд энэ нь Герман Хятад, ЕХ-Хятадын хамтын ажиллагаанд шинэ боломжуудыг авчирна гэж найдаж байна. Германы тал Хятадтай хамтаар Герман, Хятадын засгийн газрын шинэ ээлжийн зөвшилцлийн бэлтгэл ажлыг сайтар хийж, боловсон хүчний солилцоог сэргээн, тахлын эсрэг, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал зэрэг салбар дахь солилцоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байгаа бөгөөд вакцины шударга хуваарилалт, харилцан баталгаажуулалт зэрэг асуудлаар Хятад улстай харилцаа холбоо тогтоохыг хүсэж байна. Күньмины биологийн олон янз байдлын талаарх бага хурал амжилттай зохиогдоход хувь нэмэр оруулахад Германы тал бэлэн байна гэжээ. \Ренчисноо\