Хятадууд сүүлийн үед ингэж ном уншиж байна
2021-04-23 17:49:06  

Ном унших нь өөрийгөө ойлгож, дэлхий ертөнцийг танин, мэдлэг боловсролын түвшнээ дээшлүүлж, ирээдүйгээ өөрчлөх хамгийн дөт зам юм. Нийгмийн хөгжлийн аясыг дагаж, хүмүүсийн ном унших арга хэлбэр ч шинэчлэгдсээр байна. Энэ удаагийн дугаараар Хятадын иргэдийн ном уншиж буй байдлыг танилцуулахаар бэлтгэлээ.

Хятадууд сүүлийн үед ингэж ном уншиж байна_fororder_6

    Түм түжгэнэж, бум бужигнасан хотын орон зайд хүмүүс тав тухтай сууж сонирхолтой номоо тайвуухан унших цаг зав олдохгүй болж байна. Засгийн газрын санхүүжилтээр байгуулсан ашгийн бус цахим номын санг Бээжин зэрэг том хотуудаар ажиллуулаж, хотод ажил албатай хүмүүст оюуны тэжээл хүртээл болгож байна. Бээжин хотын “Лян Юе номын өрөө”  -ний 10 мянга гаруй номыг Бээжин хотын иргэд өнцөг булан бүрээс картаа уншуулаад зээлж, буцаах боломжтой боллоо. “Үүлэн уншилт” хэмээх индрээс цахим ном сэтгүүлийг унших боломжтой боллоо. Үүнээс гадна кино үзүүлэх, томчуудаар лекц уншуулах, концерт тайлбар, жижиг хэлбэрийн Бээжин дуурийн тоглолт хийх, унших салон зохиох зэрэг арга хэмжээ байдаг. Тус номын өрөөнд албатай хатагтай Шян хэлэхдээ: Бидний бүх номыг Нийслэлийн номын сангаас хангаж байгаа, ашгийн бус номын өрөө, бүх хүмүүс зээлж унших боломжтой. Зарим нь манай энд ирээд бүтэн өдөр уншиж суудаг. Олон нийтийн дэг журмаас зөрчөөгүй л юм бол ганц мөнгө үрэхгүйгээр бүтэн өдөр байж болдог.”
    Сүүлийн үед ном уншсан сэтгэгдлээ хуваалцах арга хэмжээ зохион байгуулах, цахим холбоо байгуулах зэрэг нь ном унших моод хэлбэр болж байна. Бээжингийн Гэгээ номын бааз, Хүньбэй номын клубийг үүсгэн байгуулагч хатагтай Гэ Гэ хэлэхдээ:“Хүньбэй номын клуб маань ашгийн бус номын клуб, лхагва гараг бүрийн орой бид Бээжингийн Ванфүжинд нэг номын тухай сэтгэгдлээ хуваалцдаг, ном унших дуртай, хичээл сурлагадаа шимтдэг хүүхдүүд их ирдэг. Ном унших дундаа хүмүүс санаа бодол нийлж, илүү олон хүмүүсийг нэгдүүлж байгаа. Гэгээ номын бааз маань суралцах холбоо юм, зөвхөн дотоодынх биш, гадаадын хүүхдүүд ч цахим хэлбэрээр нэгдэх боломжтой. Газар дээр нь зохион байгуулах арга хэмжээнээс ялгаатай зүйл нь гэвэл орон зайны хязгаар байхгүй, уншигчдын ном унших дадлыг хэвшүүлж, сэтгэгдлээ хуваалцан харилцан суралцах боломжийг бүрдүүлж байгаа юм.”
    Зарим номыг ойлгож, тогтооход хэцүү байдагт чиглүүлэн, номыг тайлбарладаг цахим сэтгүүл ч ажиллуулж байна. “Вэй Мяо номын тайлбар” цахим сэтгүүлийн менежер Ү Хао-Ян хэлэхдээ:“Цахим сэтгүүл маань арван минутын нэвтрүүлэг хийж, номыг тайлбарлан, аудио, текст, зургаар ном сонсох хэлбэрийг шинэчилж, номыг зөв ойлгон, сайтар тогтоож, ном унших боломжийг нэмэгдүүлж байгаа юм.”
    яахдаа арван минутад нэг номыг тайлбарладаг тухай Ү Хао-Я хэлэхдээ:“Товч мэдээлэл уншдаг болсон өнөөдөр бид үйлчлүүлэгчдийн ном уншихаас төвөгшөөх байдлаас зайлсхийж 10 минутад нэг номын тухай ойлголттой болгох замаар номд дур бахтай болгох зорилготой юм. Ингэснээр үйлчлүүлэгчид ном уншихаас зүрхшээхгүй болж, ном уншихыг амьдралынхаа дадал болгон хэвшүүлэх боломжтой болдог. Бид үүгээр дамжин хүмүүсийн ном унших бэрхшээлийг нь шийдвэрлэж, амьдралыг нь улам сайн сайхан болгохыг хүсэж байна.”
    Ном унших шинэ арга хэлбэр олон болж байгаа тул өөртөө таалагдсан хамгийн сайн сонголтоо хийх өгрөн боломжтой болж байгаа юм. Видео хуудасны хөтлөгч Жан Дачыгийн хувьд Вичатын APP-г ашиглан ном унших нь хамгийн сайн сонголт гэж байлаа:“Вичатын аппликейшн хамгаас илүү таалагддаг. Гар утас, iPad,компьютер байгаа нөхцөлд шууд л унших боломжтой. Авч явахад амар, хаа газарт ч уншиж болдог. Нисэх онгоц, хурдны галт тэрэг, ажлын зав чөлөөгөөр жишээлбэл нойлд орох үедээ ч унших боломжтой юм.”
    Лүө Бө Төү Янь  аппликейшний цахим сургалтыг хариуцсан хатагтай Шюй Мин: Богино нийтлэлүүд уншиж мэдээлэл авдаг хүмүүсийн хувьд төлбөртэй унших нь харьцангуй үнэ цэнэтэй байдаг гэж зөвлөлөө. Одоо түүний яриаг үргэлжлүүлэн сонсоно уу:“Төлбөртэй уншлага нь хамгийн үр дүнтэй гэж би боддог. Жишээлбэл бидний зарим хичээл нь их багштай хамтарсан учраас мэдлэгийг системтэй тайлбарладаг. Энэ хэлбэрийг ашиглавал уншигчид цагаа талаар үрэхгүй учраас одоогийн байдлаар нэлээд үр дүнтэй арга гэж хувьдаа бодож байна. Энд тэндээс олсон мэдээллүүдийг системтэй мэдлэг болгон эзэмшвэл үр ашигтай, бидэнд тустай дээрээс нь цагаа ч хэмнэдэг.”
    Борлуулалтын загвар шинэчлэгдэж, сүүлийн үед лайваар дамжин бараа бүтээгдэхүүн борлуулдаг болж байна. Зарим нь үүгээр дамжин мэдлэг түгээж, ном судар хуваалцдаг бөгөөд үзэгчид сэтгэгдлээ бичиж, санаа бодлоо хуваалцдаг. Энэ талаар видео хөтлөгч Жан Дачы сэтгэгдлээ хуваалцлаа:“Лайв хийх нь хүмүүсээсээ ойрхон байдаг. Цагийг алдалгүй хариу өгч, сэтгэгдлээ бичдэг. Намайг лайв хийх үед зарим хүмүүс сөрөг коммент бичвэл би шууд няцаадаг. Сонирхолтой юм аа. Мэтгэлцээ шиг, Эртний Грекийн мэтгэлцээ шиг, шударга ёс мэтгэлцэх явцад улам тодорхой болдог. Өөр хүмүүс нь хажуугаас үздэг. Ямар нэгэн танин мэдэхүйн талаар өөрөө ном унших үед зохиогчийг няцаах боломжгүй боловч хүмүүс энэ талаар лайв хийх юм бол өөр өөрийн санал бодлоо ярьж, мэтгэлцээний үр дүнтэй болдог. Тийм учраас лайв хийж ном зохиолын тухай ярих нь ирээдүйд хүмүүст таалагдах хэлбэр байж мэднэ гэж бодож байна. ”
   Ирээдүйд ном унших хэлбэр шинэчлэгдээд VR、AR зэрэг хэлбэрийг ашиглах ч магадгүй гэж Жан Дачы төсөөлж байлаа:“Жишээлбэл, Аристотель, Платон, Гегель, Кейнс нарыг төсөөлөөд үз дээ, тэд бодит дүр төрхөөр гарч ирж бидэнтэй ярилцаж байна гэж бодохоос энэ цаг мөчид бид зөвхөн ном бичиг уншиж байгаа төдий биш. Үсэг бичгээс мэдээлэл авах хэрэг дээрээ залхмаар, хэцүү зүйл шүү дээ, бүх эрч хүч, оюун тархиа дайчлах шаардлагатай. Гэхдээ хэн нэгэн тантай ярих юм бол та түүнтэй шууд харилцаж байна гэсэн үг, тэгэхээр санаа бодлоо ойлголцож, учир ухаанаа олдог. AI нь бусадтай байнга харьцах үйл явцдаа харилцан ярианы мэдрэмжтэй тогтолцоог бүрдүүлж, агуу мэргэн ухааныг амилуулдгийг та мэдрэх болно, тэр үед өөрийн эрхгүй хөөх! Ямар агуу их юм бэ гайхалтай гэж уулга алдах байх!” \Сарантуяа\