Киприйн нөхцөл байдлын талаар Хятадын байр суурийг илэрхийлэв
2021-07-22 10:39:26  

Синьхуа агентлагийн мэдээ, БНХАУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн орлогч Гэн Шуан 21-ний өдөр Аюулгүйн зөвлөлийн хэлэлцүүлгийн үеэр Киприйн сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар Хятадын байр суурийг тайлбарлав.

Гэн Шуан хэлэхдээ, өчигдөр Турк болон Киприйн турк үндэстнүүд Киприйн хойд хэсгийн Вароша хотыг нээлттэй болгох зэрэг цуврал арга хэмжээ авахаа мэдэгдэв. Энэхүү үйлдэл нь Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийн тогтоолыг зөрчиж, хурцадмал байдлыг нэмэгдүүлж, олон улсын хамтын нийгэмлэгийн уриалгад үл нийцэх бөгөөд бүтээлч бус үйлдэл юм. Хятадын тал Вароша бүсийн одоогийн байдлыг өөрчлөх гэсэн ямар нэгэн ганц талын үйлдлийг эрс эсэргүүцэж, холбогдох талууд хүлээцтэй байж, өдөөн хатгалгаа зогсоож, ганц талын үйлдлээ цуцлан, Аюулгүйн зөвлөлийн өмнөх тогтоолуудын дагуу Варошагийн асуудлыг зохицуулахыг уриалж байна. Аюулгүйн зөвлөл сүүлийн үед өрнөж буй үйл явдлын талаар богино хугацаанд байр сууриа илэрхийлэн, тодорхой дохио өгөхийг Хятад улс дэмжиж байна. Харин хурцадмал байдлыг улам дордуулах, Киприйн асуудлаарх хэлэлцээг сэргээх хүчин чармайлтыг сулруулах ганц талын үйл ажиллагаанаас татгалзахыг Хятад улс уриалж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, НҮБ-ын холбогдох тогтоолын үндсэн дээр хэлцэл зөвшилцлөөр Киприйн асуудлыг бүх талаар, шударга, удаан хугацааны шийдэл хайхыг Хятад улс дэмжиж байна. Олон улсын хамтын нийгэмлэг Киприйн бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн, Аюулгүйн зөвлөлийн тогтоол болон "Хоёр үндэстний хоёр бүсийн холбоо"-ны хүрээнд холбогдох талууд яриа хэлэлцээ, зөвшилцлийн замаар санал зөрөлдөөнөө багасгах, хэлэлцээрийг сэргээх нөхцөлийг бүрдүүлэхэд хүчин чармайлт гаргах ёстой. Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний хувьд Хятад улс цаашид бодитой, шударга байр суурийг баримталж, Киприйн асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэхэд бүтээлч үүрэг гүйцэтгэх болно гэжээ.

Н.Пүрэвжав