Ши Жиньпин Жо Байден нар утсаар ярив
2021-09-10 11:57:05  

Ши Жиньпин Жо Байден нар утсаар ярив_fororder_微信图片_20210910114934

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 9-р сарын 10-нд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены урилгаар түүнтэй утсаар ярьж, Хятад Америкийн харилцаа хийгээд хоёр талын сонирхож буй холбогдох асуудлуудаар илэн далангүй, гүнзгий бөгөөд өргөн хүрээнд стратегийн шинж чанартай харилцаа холбоо, солилцоо өрнүүлсэн байна.

Ши Жиньпин эн түрүүнд “Ida” хар салхины улмаас Америкийн олон газарт хүн хар эндэж шархадан, эдийн засгийн гарз хохирол учруулсан явдалд холбогдуулан Жо Байден болон Америкийн ард түмэнтэй сэтгэлээ хуваалцаж буйгаа илэрхийлэв. Үүнд Жо Байден хариу талархал илэрхийлжээ.

Ши Жиньпин хэлэхдээ: Сүүлийн хэсэг хугацаанд АНУ-аас Хятад улсад авч буй бодлогоос шалтгаалан Хятад Америкийн харилцаа ноцтой хүндрэлд орсон юм, энэ нь хоёр орны ард түмний язгуур ашиг тус түүнчлэн дэлхийн улс орнуудын хамтын ашиг тусад нийцэхгүй. Хятад Америк хоёр орон бол хамгийн том хөгжиж буй орон болон хамгийн том өндөр хөгжилтэй орон юм. Хятад Америк хоёр орон харилцаагаа сайтар шийдвэрлэж чадах эсэх нь дэлхий дахины хэтийн төлөв хувь заяанд холбогдох тул хоёр орон зайлшгүй энэ томоохон асуудалд зөв хариултыг өгөх ёстой. Хятад Америкийн хамтын ажиллагаа нь хоёр орон хийгээд дэлхий нийтэд ашигтай. Хятад Америк сөргөлдвөл хоёр орон болон дэлхий нийт бүгд хохирно. Хятад Америкийн харилцааг хэрхэн сайтар зохицуулах нь маш чухал юм гэв.

Ши Жиньпин онцлохдоо: Хятад Америк 1971 онд харилцаагаа сэргээснээс хойш гар нийлэн хамтран ажиллаж, улс орнуудад бодитой ашиг тусыг бүтээсэн юм. Өдгөө олон улсын хамтын нийгэмлэг маш олон нийтлэг бэрхшээлтэй асуудалд тулгарч байгаа тул Хятад Америк алс хэтийн харан, үүрэг хариуцлагыг мөрөндөө үүрэглэн, урагшаа тэмүүлэн мэрийж, стратегийн болон улс төрийн зориг шийдвэр гарган, Хятад Америкийн харилцааг түргэн тогтвортой хөгжлийн зөв голдиролд буцан орохыг ахиулж, хоёр орны ард түмэн болон дэлхийн олон орнуудын ард түмэнд илүү сайн ашиг тус хүртээх нь зүйтэй гэв.

Жо Байден хэлэхдээ: Дэлхийн дахин эрчимтэй өөрчлөлтийг туулж байна. Америк Хятадын харилцаа бол дэлхийн хамгийн чухал хоёр талт харилцаа юм. Америк Хятад хоёр орон хэрхэн харилцах нь дэлхийн ирээдүйн хөгжилд ихээхэн нөлөөлнө. Хоёр оронд өрсөлдөөний улмаас зөрчил сөргөлдөөнд орох шалтгаан байхгүй. Америкийн талд Нэг Хятадын бодлогыг өөрчлөх зорилт байхгүй. Хятадын талтай илүү олон илэн далангүй, бүтээлч яриа хэлцэл өрнүүлж, хоёр талаараа хамтын ажиллагаа өрнүүлж болох гол тал болон тэргүүлэх салбаруудыг тогтоож, буруу магадлал таамаглал, санаандгүй зөрчил сөргөлдөөн гарахаас зайлсхийж, Америк Хятадын харилцааг зөв голдиролд буцан орохыг урагш ахиулахад Америкийн тал бэлэн байна. Хятадын талтай хамтдаа уур амьсгалын өөрчлөлт зэрэг чухал асуудлуудаар харилцаа холбоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, илүү олон нийтлэг ойлголт бий болгоно гэдгийг Америкийн тал хүсэн эрмэлзэж байна гэжээ.

Хятад Америкийн төрийн тэргүүнүүд Хятад Америкийн харилцаа болон олон улсын том чухал асуудлуудаар гүнзгий харилцаа холбоо өрнүүлэх нь Хятад Америкийн харилцааг зөв чиглэлд хөгжихийг удирдан жолоодоход маш чухал гэж хоёр тал санал нэгтэй үзсэн бөгөөд цаашид ч олон арга хэлбэрээр байнгын шинжтэй харилцаа холбоог хадгалж, ажил үүргээ түргэтгэн, өргөн хүрээнд яриа хэлцэл өрнүүлж, Хятад Америкийн харилцаа урагш хөгжихөд нөхцөл боломж бүрдүүлэхийг хоёр талын ажлын шат давхаргынхандаа үүрэг болгохыг зөвшөөрсөн байна.

 

 

\Уртнасан.\