Хятадын түүхэн дэх анхны төр гүрэн—Ся улс
Ся улс бол Хятадын түүхэн дэх хамгийн анхны төр гүрэн юм. Ся улс их төлөв манай тооллын өмнөх 21-р зуунаас манай тооллын өмнөх 16-р зууны хоорондын 500 шахам жилд оршин тогтнож байсан бөгөөд 14 үеийн 17 вангийн ноёрхлыг өнгөрүүлсэн ажээ. Ся улсын ноёрхлын төв газар нь одоогийн Шань си мужийн өмнөд хэсэг болон Хэ нань мужийн баруун хэсгийн нутгуудыг хамарч байжээ.
Ся улсыг үндэслэн байгуулсан Да юй бол гол мөрнийг засаж ард иргэдэд тус хийсэн түүхт хүн юм. Олон зуун жилийн турш гамшиг тарьж байсан Хатан голыг амжилттай засан учир, Да юй аймаг бүлгийнхээ итгэл найдлагыг хүртэж, эцсийн бүлэгт Ся улсыг байгуулсан гэж домогт өгүүлсэн байна. Ся улс байгуулагдсан явдал нь урт удаан хугацаанд оршин тогтнож байсан барлаг нийгэм нь хувийн хэвшлийн тогтолцоот нийгэмд орлогдож, Хятадын нийгэм тэр үеэс боолт нийгэмд дэвшин орсныг харуулсан юм.
Хятадын түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн анхны эзэнт төр—Шан улс
Хятадын эрдэм шинжилгээнийхэн Ся улсыг Хятадын эртний хамгийн анхны эзэнт төр гэж үздэг боловч Ся улсын тухай түүхийн баримт материалыг нь үндсэндээ бүр хожмын үеийн сударчид нөхөн тэмдэглэсэн байдаг бөгөөд одоо болтол археологийн бат нотолсон баталгаа баримт олоогүй байсаар юм.
Археологийн олборлолтын баримт материалаар бат нотолсон батлагдсан Хятадын эртний хамгийн анхны эзэнт төр бол Шан улс юм.
Шан улс нь бараг манай тооллоос өмнөх 16-р зууны үед байгуулагдаж 600 жил болоод, манай тооллын өмнөх 11-р зууны үед мөхөөгдсөн байлаа. Шан улс эхний үедээ олон удаа нийслэлээ нүүлгэсэн бөгөөд хамгийн сүүлд нь Инь газарт ﹙одоогийн Хэ нань мужийн Ань ян-гийн ойролцоох газарт﹚ нийслэсэн байжээ. Шан улсын эхний үед Хятадын соёл иргэншил хөгжөөд нэлээд өндөр төвшинд хүрсэн ба түүний гол онцлог нь яст мэлхийн хуягийн дээр сийлсэн бичиг болон хүрэл зэвсгийн соёл байсныг археологийн судалгаа шинжилгээ гэрчилсэн байна.
Баруун Жоу болон Чунь Чю Байлдаанд улс
Ся улс болон Шан улсын дараах Хятадын эртний гурав дахь улс гүрэн бол Жоу улс юм. Жоу улс бараг манай тооллоос өмнөх 1027 онд байгуулагдаж 770 гаруй оршин тогтноод манай тооллоос өмнөх 256 онд Цинь улсад мөхөөгджээ. Жоу улсын нийслэлийн зүүн тийш нүүснээр зааг болгож, түүний өмнө үеийг нь Баруун Жоу гэж, сүүлчийн үеийг нь Зүүн Жоу гэдэг байв. Зүүн Жоуг нь бас Чунь Чю, Байлдаанд улс хэмээн хоёр шатанд хуваагдаж байсан ажээ.
Баруун Жоу улс бараг манай тооллын өмнөх 1027 оноос манай тоолын 771 оныг хүртэл бараг 257 жил оршин тогтнож байв. Жоу улсын анхны эзэн Жоу У ван нийслэлээ Хао-д ﹙одоогийн Шань си мужийн Чан аний баруун хойт талд﹚ нүүлгэсний дараа, холбоотны цэргээ дайчлан Шан улсыг ихээр довтолж, Жоу улсын эзэнт төрийг байгуулсан байна. Жоу Чэн ван нь ван-гийн суурины залгамжилсны дараа, нас багын улмаас төрийн хэргийг жолоодон явуулж чадахгүй байсан тул түүний авга аав нь Жоу Гун дань засгийн үйл хэргийг хөтлөн залж байсан ажээ. Жоу Гун дотоодын байдлаа тогтвортой болгосны дараа, их цэрэг дайчлан зүүн тийш аялж, босогчдыг төвшитгөн дарсан байна. Жоу Гун-гийн удирдлага дор бас ялалтын үр дүнгээ бэхжүүлэх олон чухал арга хэмжээнүүдийг авсан билээ. Жоу Чэн ван, Жоу Кан ван-гийн үеийг түүхч эрдэмтэд "Чэн Кан-гийн засаглалын үе" гэсэг юм.
Хятадын анхны феодалын хаант төр—Цинь улс
Хоёр мянга гаруй жилийн боолт нийгмийг өнгөрүүлээд, манай тооллын өмнөх 221 онд Хятадын түүхэн дэх төвлөрсөн эрхт анхны феодалын нэгдсэн хаант төр—Цинь байгуулагдав. Цинь улсын мэндэлсэн явдал нь Хятадын түүхэнд тун чухал ач холбогдолтой үйл хэрэг болсон юм.
Манай тооллын өмнөх 255 оноос манай тооллын өмнөх 222 он бол Хятадын түүхэн дэх Байлдаанд улсын үе байсан бөгөөд бас Хятадын боолт нийгмийн сүүлчийн үе байсан билээ. Тухайн үед олон жижиг жижиг улс оршин тогтнож, өөр хоорондоо байнга дайлан бие биеэ хавсарган нэгтгэж байсан бөгөөд сүүлдэж ирээд зөвхөн Цинь, Ци, Чу, Вэй, Янь, Хань, Жао зэрэг 7 улс үлдсэнийг "Долоон хүчирхэг" гэдэг байжээ. Долоон улсын дотроос баруун хойгуур байрладаг Цинь улс нь нэлээд эрт цэрэг дайны болон хөдөө аж ахуйн өөрчлөлт хийснээр сүр хүчин нь түргэн эрчимжин нэмэгдсэн байлаа. Манай тооллын өмнөх 247 онд арван гуравхан настай байсан Ин Жэн Цинь улсын эзний ширээг залгамжлан Цинь ван болжээ. Тэр 22 наснаасаа төр засгийн үйл хэргийг барьж эхэлсэн бөгөөд тэр үеэс бусад зургаан улсыг хавсарган нэгтгэх их үйлсээ эхлүүлсэн билээ.
Хань улс
Манай тооллын өмнөх 206 оноос манай тооллын 8 он бол Хятадын түүхэн дэх Баруун Хань улсын үе юм. Хань Гао ди хаан Лю Бан Хань улсыг байгуулж, Чан ань хотноо нийслэв.
Хань улсын Гао Зу хааны ширээнд суусан 7 жилийн хугацаандаа хааны эрх мэдлийг эрчимжүүлж, "ард иргэдтэй хамтаар амар жаргалтай аж төрөх" бодлого, чиг шугамуудыг тогтоож хэрэгжүүлэн ноёрхлоо бэхжүүлжээ. Манай тооллын өмнөх 159 онд Хань улсын Гао Зу хаан нас барсны дараа, Хуй ди хаан ширээнэ суусан боловч тэр үед төрийн эрхийг Хань Гао Зу хааны хатан Люй Жи барьж байлаа. Люй Жи урьд хожид нийт арван зургаан жил төрийн эрхийг барьсан байв. Энэ бол Хятадын түүхэн дээр цөөн гарсан тоотой хэдхэн эмэгтэй ноёлогчдын нэг нь юм. Манай тооллын 183 онд Вэнь ди хаан ширээнэ суув. Вэнь ди хаан болон түүний хөвгүүн Зин ди хаан ﹙манай тооллын 156 оноос манай тооллын 143 оныг хүртэл﹚ "ард иргэдтэй хамтаар жаргалтай аж төрөх" бодлого, чиг шугамыг үргэлжлэн хэрэгжүүлж, гааль татварыг хөнгөлснөөр, Хань улсын эдийн засаг нэлээд хөгжсөн билээ. Түүхчид энэхүү шат үеийг "Вэнь Зин-гийн засаглал" гэдэг юм.
Вэй улс, Жинь улс, өмнөд төр, Умрад төр
Вэй улс, Жинь улсын оршин тогтнож байсан үе бол манай тооллын 220 оноос манай тооллын 589 оны үе юм.
Манай тооллын 2-р зууны сүүлчээр Зүүн Хань улсын ноёрхол доройтон буурч, Хятадын түүх нь тэр үеэс эхлэн урт хугацаанд хагалан бутарсан үе шатанд орсон билээ. Анх эхэндээ Вэй, Шу, У хэмээх гурван улс харгалзан оршиж байсан ﹙манай тооллын 189 онос манай тооллын 265оныг хүртэл﹚бөгөөд тэрхүү байдал нь Баруун Жинь улс байгуулагдсанаар төгсгөл болгосон байлаа. Гэвч Баруун Жинь улсын нэгдэл нь зөвхөн маш богинохон хугацаанд ﹙манай тооллын 265 оноос манай тооллын 316 оныг хүртэл﹚л оршин тогтносон болохоор, өнгөрсний хагалан бутарсан байдалд удалгүй дахин орсон байв. Баруун Жинь улсын хааны угсаатан нь Жян нань газарт Зүүн Жинь улсыг ﹙манай тооллын 317 оноос 420 оныг хүртэл﹚байгуулжээ. Тэр үед Хятадын умард нутаг нь үндэстнүүд хоорондын дайны хөлд татагдан орж, их олон төр улс байгуулагдсаныг түүхэн дээр "Арван зургаан улс" хэмээн нэрлэдэг билээ.
Суй улс, Тан улс
Суй улс бол манай тооллын 581 онд Суй Вэнь ди хаан Ян Зянь анх байгуулснаас аваад гучин долоохон жил оршин тогтносон хамгийн онцлог бүхий богино хугацааны эзэнт төр юм. Манай тооллын 618 онд Суй улсын Ян ди хаан Ян Гуан боомилон алагдсанаар Суй улсын төр эцэс болжээ. Суй улсын Вэнь ди хааны гавьяа зүтгэл хамгийн их байдаг билээ. Тэрээр Умард Төрийн үеийн 6 зүйлийн түшмэлийн дүрмийг цуцлан, гурван муж зургаан яамны дүрэм тогтоон хэрэгжүүлэв. Суй улсын Вэнь ди хаан бас шинэ хууль боловсруулан тогтоож, эрүүгийн хуулийг өмнөд Умард Төрийн үеийнхээс сул болгожээ. Түүнээс гадна бас өргөгсөдийн дүрэм хэрэгжүүлэн, сайд түшмэдийг сонгон дэвшүүлэх хэлбэрийг шинээр өөрчлөн тогтоосон байна. Суй улсын Ян ди хаан нь Да юнь хэ буюу Их татмал голыг байгуулахад хагас хувийн зүтгэлтэйгээс ﹙нөгөө хагас нь аялж жуулчлахын төлөө зориулагдсан байгаа юм﹚ гадна бас бусад талаар хожмын хүмүүст яар ч сайн сэтгэгдэл үлдээгээгүй юм. Суй улсын Ян ди хааны харгис хэрцгий нь түүхэн дээр алдар мандсан байдаг билээ. Тэрээр ёс номгүй харгис засаглал явуулж, ард иргэдийн хилэн хорслыг дэгдээсний улмаас эцэстээ түүнийхээ хорыг өөртөө амсаж Зян ду-д боомилон алагдаад, Суй улсын төр мөхсөн байна.
Их Тан улс манай тооллын 618 онд байгуулагдсанаас манай тооллын 907 онд Жу Вэнь-д мөхөөгдөх хүртэл нийт 289 жил оршин тогтносон байлаа. Түүхчид Тан улсыг бас эхний үе болон сүүлчийн үе гэж хуваадаг бөгөөд тэр нь Ань Ши-гийн бослогоор зааг болгодог байна. Тан улсын эхний үе нь хөгжин мандсан үе, сүүлчийн үе нь доройтон буурсан үе болно. Тан улсын Гао Зу хаан нь Тан улсыг үндэслэн байгуулж, Тан улсын Тай Зун Ли Ши минь нь арван жилийн дайнаар нэгдлийн их үйлсийг биелүүлсэн билээ. Сюань у мэний хэрэг хувьслын дараа, Ли Ши минь хаан ширээнэ суугаад, улс орноо засан хөтлөх талаар чармайж ажилласнаар Тан улс нь Хятадын феодалын нийгмийн түүхэнд урьд өмнө гарч байгаагүй цэцэглэн хөгжсөн үе болсон байна. Ялангуяа "Жэнь гуаний засаглал"-аар дамжиж, улс төр, эдийн засаг, соёл зэрэг олон талаар бүр тухайн үеийн дэлхийн тэргүүний төвшинд хүрсэн байжээ. Түүнээс хойш, Тан улсын Сюань Зун хааны үед бас "Кай юаний мандлын үе"-д орж, улс гүрэн нь хүчирхэгжин, ард иргэд нь чинээлэг амьдралтай болж, амар тайван сайхан цаг үе дахин илэрсэн байлаа. Гэвч мөн үед бас Ань Ши-гийн бослого гарсан бөгөөд түүнээс эхэлж Тан улс буурах тийшээ хандсан байв.
Сун улс
Манай тооллын 960 онд Сун Тай Зу Жао Куан инь нь Чэнь цяо-д цэргийн эргэлт гаргаж, Сун улсыг байгуулаад, Таван Төр Арван Улсын үеийн хагалан бутарсан байдлыг эцэс болгов. Сун улс нийт 319 жил оршин тогтнож, манай тооллын 1279 онд Юань улсад мөхөөгджээ. Сун улс нь Умард Сун болон өмнөд Сун гэсэн хоёр шат үед хуваагдаж байсан ажээ. Умард Сун улсын үеэр Киданчууд Хятадын умард нутагт Ляо улсыг ﹙манай тооллын 947 оноос манай тооллын 1125 оныг хүртэл﹚байгуулсан байлаа. Дан Сян буюу Тангадчууд ньь Сун улсын баруун хойт хэсэгт Си Ся буюу Баруун Ся улсыг ﹙манай тооллын 1038 оноос манай тооллын 1227 оныг хүртэл﹚байгуулав. 1115 онд Нюй Жэнь буюу Зүрчид Умард нутагт Зинь улс буюу Алтан улсыг ﹙манай тооллын 1115 оноос 1234 оныг хүртэл﹚байгуулжээ. Алтан улс 1125 онд Ляо улсыг мөхөөж, 1127 онд Сун улсын нийслэл Кай фэн хотыг довтолж, Сун улсын Хуй, Цинь хоёр хааныг нь барьж авснаар Умард Сун улсын төр мөхсөн байлаа. Сун Гао Зун Жао гоу нь Нань Зин буюу өмнөд нийслэлийн Ин Тянь фугийн ﹙одоогийн Хэ нань мужийн Шан Цю﹚газарт хаан сууж, дараа нь Линь аньд ﹙одоогийн Хан Жоу﹚ зугтааж очоод, Зян нань буюу Хөхмөрний өмнөх нутгийг ноёрхон сууж, өмнөд Сун улсыг байгуулсан билээ. Умард Сун улс нь Ляо улс, Ся улс, Алтан улстай харгалзан оршиж байсан бол, өмнөд Сун нь доройтон буурсан үе байсан юм.
Юань улс
Монгол үндэстний Тэмүжин манай тооллын 1206 онд улс байгуулж, 1271 онд Хубилай улсынхаа нэрийг Юань улс хэмээн өөрчилсөн ба 1279 онд Сун улсыг мөхөөгөөд, Дай дуд ﹙одоогийн Бээжинд﹚ нийслэв.
Монгол үндэстэн бол уул нь Говийн араар нутаглан сууж байсан нүүдэлчин юм. Тэмүжин олон аймаг бүлгүүдийг ялж, Монгол туургатныг нэгтгээд, Монгол улсыг байгуулаад, өөрийгөө Чингис хаан хэмээн өргөмжилжээ. Монгол цэрэг үүнээс өмнө бас баруун тийш түрж, Төв Ази, Зүүн Европ, Пересийн булан зэрэг газар нутгуудыг довтолсон байлаа. Хархориноор ﹙одоогийн Монгол улсын Хархорин﹚төв болгож, Ази, Европын эх газрыг сундалсан энэхүү их хаант улс нь удалгүй хэд хэдэн тусгаар хаант улс болон хуваагдсан боловч нэр дээрээ Монголын хааныг их хаан хэмээн хүлээн зөвшөөрч байжээ.
Юань улсын умард нутаг нь олон жилээр дайн дажны хөл үймээнд дайрагдаж, хүнд ноцтой эвдлэгд учирсан болохоор Юань улсын Ши Цзу Хубилай хаан тариаланг хөгжүүлэхийг санаачилж, Хатан голыг засуулсан байлаа.
Тан улс, Сун улс, Юань улсын үеийн Хятад улс бол дэлхийн хамгийн хөгжсөн орон байсан учир, эдийн засаг болон соёлын талаар хөрш зэргэлдээ улс орондоо маш их нөлөөтэй байжээ. Энэ үеэр гадаадын олон орны элчид болон худалдаачид байнга ирж, Хятад улс болон гадаад орнууд хоорондын харилцаа холбоо нь урьд өмнө гарч байгаагүй өрнүүн байдалд орсон байв. Юань улсын үед дорнод өрнөд хоорондын элчид болон худалдаачдын харилцаа нь өнгөрсний аль ч үеийнхээс олширсон байжээ. Юань улс нь Япон, Зүүн өмнөд Азийн орнуудтай маш нягт харьцаатай байсан бөгөөд Хятад Энэтхэгийн хоорондын тэнгисийн аяллын шугамаар Хятадын их олон онгоц зорчиж байсан ажээ. Хятадын хэвлэх технологи, дарь үйлдэх технологи, луужин зэрэг гурван том нээлт нь ч Юань улсын үед Арабчуудаар дамжин Европ дахинд уламжлагдсан юм. Арабын орнуудын одон орны ухаан, анагаах ухаан, математикийн ухаан зэрэг нь Хятад улсад уламжлагдан орж ирсэн бөгөөд лалын шашин ч өргөнөөр нэвтрэн дэлгэрч эхэлсэн билээ. Арабын хойгтой харилцахад тэнгисийн аяллаас гадна бас Юнь Наниар дамжин өнгөрөх хуурай замтай байжээ. Зүүн Африкт зөөвөрлөн очсон Хятадын шаазан эдлэл нь цааш уламжлагдан Мароккод хүрсэн байлаа. 1275 онд Венецийн худалдаачны хөвгүүн Марко Поло эцгээ даган Хятад улсад ирж арван долоон жил сууж буцсаныхаа дараа, "Марко Пологийн Аяллын Тэмдэглэл" хэмээх гайхамшигтай ном бичиж үлдээжээ. Энэ ном нь олон зуун жилийн турш Хятад улс болон Азийн тухай өрнөдийн хүмүүс ойлгож мэдэхэд чухал сурвалж бичгүүдийн нэг болсоор ирсэн билээ.
Соёлын талаар Юань улсын жүжиг нь маш их амжилтад хүрч, Гуан Хань чин, Ван Ши пу, Бай Пу, Ма Жи юань нарын зэрэг олон жүжгийн зохиолч төрж гарсан бөгөөд "Доу Эгийн хилс", "Си сян зи" зэрэг нэрт бүтээл зохиогдсон байна.
Хань үндэстнийг Монголын дэглэм маш ихээр мөлжин дарлаж байсан явдал нь Хань үндэстний ард иргэдийн хатуу эсэргүүцлийг дэгдээхэд хүүрүүлсэн юм. 1333 онд шашны бүлэглэл болон нууц холбоогоор гүүр холбоос болгосон тариачдын бослого бүх улс даяарт өрнөсөн ба 1351 онд Хатан голыг засах ажилд оролцож байсан тариачид улаан алчуураар тэмдэг болгосон их хэмжээний бослого гаргасан байлаа. 1368 онд Хао жоу хэмээх газрын улаан алуурчдын цэргийн удирдагч Жу Юань жан "Ар газрын хулгайг үлдэн хөөж, Хятад орныг сэргээн мандуулах" гэсэн нэрээр Дай ду хотыг довтолж, Юань улсын төрийг нураагаад, Мин улсыг байгуулсан байв.
Мин улс
Манай тооллын 1368 онд Жу Юань Жан хэмээх тариачны бослогын удирдагч нь Нань Зинд хаан ширээнд сууж, Мин улсыг байгуулаад Тай Зу хаан хэмээн өргөмжилсөн байлаа. Мин улсын Тай Зу хаан ширээнд 31 жил суусан хугацаандаа феодалын монополчилсон төвлөрсөн эрх тогтолцоог дорвитой эрчимжүүлэн, гавьяат сайдаа хавчин хөнөөж, харь үндэстнийг үлдэн устгаж, хааны эрх мэдлийг дээшлүүлж, сөрөг хүчнийг нухцан дарсан байна. Мин улсын Тай Зу нас барсны дараа, хааны ач Зянь Вэнь ди хаан ширээнэ суугаад, хожим нь авга эцэг Жу Ли-гийнхээ цэргийн хүчинд дарагдаж ялагджээ. Жу Ли хаан ширээнд суугаад, Мин улсын Чэн Зу хаан хэмээв. 1421 онд нийслэлээ Бээжинд нүүлгэсэн байна.
Мин улс хэдийгээр төв засгийн газрын эрх мэдлээ эрчимжүүлсэн боловч олонх хаад нь эргүү мангуу эсгүүл нас бага байсан зэрэг учир шалтгааны улмаас засаг төрөө барьж чадахгүй байсан тул их эрхийг нь том түшмэлүүд гартаа эзэмшиж байлаа. Ховдог ноён авлигаач түшмэд нар хээл хахууль идэн төрийн хэргийг буруу тийш нь хөтөлж, шударга шулуун том сайдыг хавчин шахсанаар төр засаг нь өдөр ирэх тусмаа доройтон буурч, нийгмийн зөрчил тэмцэл гаарсан байлаа. Мин улсын дунд үеэр тариачдын бослого олон гарсан боловч бүр дарангуйлагдсан байв.
Мин улсын үед Жан Зюй Жэн гэсэн нэрт улс төрч байсан юм. Нийгмийн зөрчлийг намжааж, Мин улсын ноёрхолд туслахын төлөө, тэрээр улс төрийн өөрчлөлт хийсэн байлаа. Жан Зюй Жэн ноёдын засаглалд цэгцлэлт хийж, хөдөө аж ахуйг хөгжүүлэн, гол мөрнийг сэлбэн засуулсан бөгөөд олон зүйлийн татвар албыг нэгтгэж, ард иргэдийн дарамтыг зохих хэмжээгээр хөнгөрүүлсэн байжээ.
Чин улс
Чин улс нь манай тооллын 1644 оноос манай тооллын 1911 он хүртэл оршин тогтнож байжээ. Нурхаач өөрийгөө хаан хэмээн өргөмжилснөөс сүүлчийн хаан Пу И хүртэл нийт арван үеийн хаан гарсан бөгөөд боомтод орсноос нь эхлүүлэн бодвол арван хааны төрийг өнгөрүүлж, нийт хоёр зуун жаран найман жил оршин тогтносон байлаа.
Чин улсын нутаг дэвсгэр нь хамгийн ихдээ 1200 гаруй хавтгай дөрвөлжин километрт хүрч байжээ. 1616 онд Нурхаач Хойд Алтан улсыг байгуулсан байна. 1636 онд Хуан тайж улсынхаа нэрийг Чин улс гэж өөрчилжээ. 1644 онд Ли Зы чэнгийн удирдсан тариачны бослогын цэрэг Мин улсын ноёрхлыг түлхэн унагасанд Мин улсын Чун Жэнь хаан өөрийгөө өөртөө хөнөөжээ. Чин улсын цэрэг энэхүү завшааныг ашиглан боомтоор орж, тариачны бослогын цэргийг ялаад, Бээжинд нийслэв. Чин улсын засгийн газар нь олон газрын тариачны бослого болон Чин улсын эсрэг Мин улсын үлдэгдэл хүчнийг урьд хожид нухцан дарж улмаар бүх Хятадыг нэгтгэсэн билээ.
Чин улсын эхний үед ангийн зөрчил тэмцэл намжиж, газар тарианы ажил эрхлэхийг хөхүүлэн зоригжуулж, гааль татварыг хөнгөлөх буюу түүнээс чөлөөлөх бодлого хэрэгжүүлснээр дотор газар болон хилийн районы нийгэм, эдийн засаг бүр зохих хэмжээгээр хөгжсөн байв. Арван наймдугаар зууны дунд үеэр феодалын эдийн засаг хөгжлийн шинэ оргилдоо хүрсэн ба түүнийг түүхэнд "Кан Юн Зяний мандлын үе" гэдэг байна. Төв засгийн газрын монополчилсан засаглалын тогтолцоо нэн эрчимжиж, төр гүрэн хүчирхэгжин, нийгмийн дэг журам тогтуун болсноор, Чин улсын хүн ам нь арван наймдугаар зууны сүүлч гэхэд гурван зуун тэрбум орчимд хүрсэн байлаа.
|