Бээжин хот бол Хятадын өнө эртний түүх соёлтой том хотуудын нэг нь болох бөгөөд Тянь Аньмэнь асар бол Хятадын эртний барилгын гайхамшигт охь сод нь юм. Тянь Аньмэнь асрын зураг төслийг зохион бүтээгч Куай Шян бол Жян Сү мужийн Сү Жөү фүгийн Ү сяний Шян шань газрын хүн юм. Тэрээр Мин улсын эхний үеийн хун үгийн онуудад төржээ. Куай Шянгийн аав нь тухайн үед маш их нэрд гарсан мужаан байсан учир, тэр аавынхаа нөлөөгөөр 30 гаруй наснаасаа Хятадын том том барилга байгуулалтын ажилд оролцож, нэлээд өндөр мэргэжил эзэмшсэн мужаан болсон байлаа.
Мин улсын Юн лэгийн 15-р онд Мин улсын Чэн Зү хаан Жү Ди Бээжин хотыг сэргээн байгуулах үед, Куай Шян бусад уран тархчуудын хамтаар хааны зарлигаар Бээжинд ирсэн байжээ. Куай Шян ур эрдмээр олон барилгачдаас оройлж, хот байгуулалтын явцад барилга барих, зураг төсөл зохион бүтээх зэрэг ур чадвараа бүрэн илрүүлж, барилгын ажилд хяналт тавьж байсан инженер Цай Шинь нарын зэрэг хүмүүсийн таашаалыг хүлээсэн байлаа. Мин улсын Юн лэгийн 18-р онд хааны өвлийн ордон байгуулагдсаны дараа, Куай Шян барилгын ажил хариуцсан түшмэлийн тушаалд дэвшин ажиллажээ.
Бээжин хотын орд харшийн байгуулалтын явцад, нэрт дархан урчууд олноор тодорсон юм. Тэдгээрийн дотор, зураг төсөл зохион бүтээгч Цай Шинь, Ян Чин нарын зэрэг хүмүүсээс гадна бас Куай Шянтай нэг үеийн нэрт сийлбэрчин Лү Шян нарын зэрэг хүмүүс ч байжээ. Орд харшийн эхний үеийн байгуулалтад, Цай Шинь болон Ян Чин хоёр маш чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Гэвч тухайн үед тэд бүр нас сүүдэр нэлээд өндөр болсон болохоор, идэр залуу насны Куай Шян зураг төслийн ажилд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Цай Шинь, Ян Чин нас барсны дараа, Куай Шян хааны өвлийн ордны барилгын зонхилох ажлыг даргалан хийсэн байна. Мин улсын Чэн Хуагийн онуудад Чэн Тянь мэнь асрыг сэргээн байгуулах үед Куай Шян зураг төсөл хийсний зэрэгцээ бас барилгын ажилд биечлэн оролцжээ. Тэр үед Тянь Аньмэнь асрыг Чэн Тяньмэнь асар гэж нэрлэж байсан юм. Түүнээс хойш, Куай Шян Чэн Тяньмэнь асрын засварын ажлыг бас олон удаа даргалан хийсэн байлаа.
Куай Шян мужааны мэргэжилд дадлагажсан төдийгүй бас урлагийн авьяас ихтэй хүн байжээ. Түүхэн сурвалж бичигт тэмдэглэснээс үзвэл, Куай Шян хоёр гартаа зэрэг бийр барьж луу зурж чаддаг бөгөөд ур чадвар нь ч маш өндөр түвшинд хүрсэн байжээ. Орд харш байгуулах төлөвлөгөө хийхэд, Куай Шян бага зэрэг бодолхийлхээд л барилгын зургийг зурж гаргадаг байсан гэлцдэг. Барилгын ажил дууссаны дараа, барилга нь зураг төсөлтэй нь бүрэн нийцэж байсан учир, Мин улсын Шянь Зүн хаан хүртэл түүнийг маш их хүндэтгэдэг байсан билээ. 1420 онд Чэн Тяньмэнь асрын барилгын ажил дуусны дараа, нийт олон түүнийг сайшаж, Хятадын эртний уран дархан Лү Баньтай зүйрлэж "Куай Лү бань" хэмээн нэрэлсэн байна. Хожим нь Куай Шян зэрэг хэргэм дэвшиж, Барилгын ажил хариуцсан Зүө Сы-лан хэмээх зүүн гарын туслах түшмэл болжээ. Куай Шян уг тушаалд ажилласан хугацаандаа, Мин улсын Ин Зүн хааны Жэн Түнгийн онуудад гурван том орд харшийг сэргээн байгуулах, Мин улсын Жин Зүн хааны Тянь Шүний онуудад Юй Лин бунхныг байгуулах зэрэг их олон барилгын ажлыг удирдан хийсэн байна.
Куай Шян хэдийгээр том ноён суусан боловч, шулуун шударга, эгэл борогжуун амьдарч, гадагш гарахдаа сүйхэнд ер нь суудаггүй байсан тул, түүний зан чанарыг хүмүүс тун таашаадаг байжээ. Нас ахисныхаа дараа, Куай Шян албан тушаалаасаа чөлөөлөгдөж сул сэлүүн амьдарсан боловч, барилгачид түүнээс асууж сурсан үед тэдэнд санал зөвлөгөө өгч бас газар дээр нь заан жолоодож байжээ. Куай Шян Мин улсын Чэн Хуагийн 17-р он тухайлбал 1481 оны 3-р сард 84-тэйдээ таалал төгсчээ. Өнгөрсөнд Бээжин хотод Куай Сы-лангийн гудамж гэж байсан бөгөөд Куай Шян тэнд амьдарч байсан гэсэн мэдээ байдаг. Куай Шянийн үр ач нар нь ч түүний ур эрдмийг уламжлан сурсан болохоор, Манж Чин улсын сүүлчийн үе хүртэл "Хөхмөрөнөөс өмнөх нутгийн дархчуудын зонхилох нь Шян шань нутагтай байдаг" гэсэн сайхан нэр нийтийн дунд өргөнөөр дэлгэрчээ.
Тянь Аньмэнь асар дээрх дарга Мао Зэдүнгийн хөргийг бүтээгчид Жил болгонд БНХАУ-ын үндэсний баяр болохоос өмнөхөн, Тянь Аньмэнь асар дээрх дарга Мао Зэдүнгийн хөргийг шинээр сольж өлгөдөг юм.
1949 онд Тянь Аньмэнь асар дээр өлгөж байсан нь найман талтай малгай өмссөн Мао даргын хөрөг байсан юм. Түүнийг Хятадын улсын хэрэглээний дүрслэх урлагийн факультетийн Жөү Линжао, Чэнь Рүө-жюй нар зурж бүтээсэн байжээ. 1950 онд Мао даргын цээж зургийг Бээжин хотын ардын урлагийн ажлын албын Шинь Ман, Зүө Хүй, Жан Сүн-хэ нар зурж бүтээсэн байна. 1953 оноос 1968 оныг хүртэл, зүүн гар талаас нь авсан зургийг дууриалган, Төвийн Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийн Жан Жэньши, Бээжин хотын урлагийн компанийн Ван Гүө-дүнгийн зурж бүтээсэн зургийг тус тус хэрэглэжээ. 1969 оноос хойш Синь хуа хорооны нийтэлсэн цээж зургийг хэрэглэх болсон бөгөөд түүнийг Бээжин хотын дүрслэх урлагийн компанийн Ван Гүө-дүн, Чэнь Юн-гүй тус тус хэдэн удаа зурсан байлаа. 1977 оноос одоо болтол Бээжин хотын дүрслэх урлагийн компанийн нэрт зураач Гэ Шяогуан, Мао даргын хөргийг зурах ажлыг хариуцан гүйцэтгэсээр ирсэн байна.
Тянь Аньмэнь өргөн талбай бол дэлхийн хамгийн том талбай болдог учраас өдөр болгон Мао даргын хөргийг бараалж байдаг зорчигдыг ч дэлхийн хамгуудын жагсаалтанд оруулж болох юм. /О.Дарамбазар орчуулав/
|